Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монголчуудын өөрчлөлт зуун жилд

МОНСУДАР
2016 оны 1 сарын 25
iKon.MN

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть болох “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх үеийн түүхийг сонирхолтой гэрэл зургийн хамт дэлгэн харуулсан ном тун удахгүй уншигчдын хүртээл болох гэж байна. 

Энэ удаа тун удахгүй уншигчдын гар дээр дээр очих гэж буй “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” ном болон “Монголчууд XX зууны эхэнд” номнуудаас бэлтгэсэн нэгэн сонирхолтой зурган харьцуулалтыг та бүхэндээ хүргэе.

 

Монголчуудын хувцас хаана ч бараг адилхан бөгөөд хоорондоо зөвхөн жижиг зүйлсээрээ л ялгаатай байдаг.Тэд өвөл даавуугаар оёж, ноосоор доторлосон, эсвэл хонины арьсаар хийсэн өмдийг өмсдөг. Гадуур хувцас нь урт бөгөөд өргөн ба хөх, хүрэн, лам нарын хувьд шар, улаан хүрэн даавуун дээл байдаг.

Зах, хажуу ирмэг, доод хормой ба ханцуйны нударгаа чинээлэг хүмүүс нь зузаан хилэнгээр эмжээрлэн оёсон байна. Дээлийг хөвөн даавуун бөсөөр бүсэлж тогтоогоод, бүснээсээ хэт хутгыг гэртэй нь, богино сур эсвэл гинжээр доош унжуулан зүүж, гаансаа бүсний ар хэсэгт хавчуулдаг. Дээл нь халаасгүй байдаг ба хөөрөг, тамхины уут зэрэг жижиг зүйлсийг өвөртөө эсвэл гутлын түрийдээ хийж, гаансыг ч бас түрийлнэ. Өвөл болоход монголчууд хонины нэхийгээр доторлож, гадрыг нь өнгөлөөгүй дээл өмсдөг.

 

Эмнэлэг ариун цэврийн ажил огт байгаагүй 1915 онд хүн амын дундаж наслалт 22 байв. Харин шинжлэх ухааны эмнэлэг байгуулагдан хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх болсон 1956 оны байдлаар дундаж наслалт 55 болон нэмэгдсэн байна. Энэ зургаас та монголчуудын хувцас зүүсгэл, үс засалт хэрхэн өөрчлөгдсөнийг харж болно.

 

Мал маллахад хүүхдийн оролцоо их. Эцэг эхийг үлгэр дуурайлаа болгон тэд багаасаа л хурга, ишиг эргүүлэхээс эхлээд тугал татах зэргээр гэр орондоо тустай ажил хийнэ. Ингэж монгол хүүхэд байгалийн жам ёсны дагуу шалгарсан нүүдэлчдийн удам болон өсдөг ажээ. Эцэг эх нь үр хүүхдэдээ өөрсдийн өвөг дээдсээс өвлөж авсан үлгэр домог, Гэсэр, Жангар зэрэг түүх шаштир, баатарлаг туульсаа амнаас аманд дамжуулан сургана. 

 

1940-өөд онд сурагчдын дунд салаа, суман, пионерийн хувьд дружинный штаб, отряд, салаа мөн сурагчдын зөвлөл ажиллах болов. Дайн дууссаны дараа энэхүү цэргийн зохион байгуулалтыг зогсоосон юм. Мөн энэ үеэс эхлэн араб тоог хэрэглэж эхэлснээс гадна байрны сурагчдын хүнсний махыг эцэг эхээс нормоор гаргуулах болов. Сурагчдын хоолонд хэрэглэх ногооны газруудыг орон нутагт байгуулж, сургуулийн түлшийг ардуудаас гаргуулж өртгийг нь сургуулийн зардлаас гаргах болжээ. Дээд мэргэжил бүхий үндэсний багш болон малын эмч нарыг бэлтгэх ажлыг хурдавчлахын тулд тоо физикийн ба мал эмнэлгийн факультетийг таван жил байсныг 4 жил болгожээ. Тухайн үед оюутнуудын нэг өдрийн хоолны үнийг 6 төгрөг 36 мөнгөөр тооцож байв.

 

П.К.Козловын шинжилгээний анги 1907-1909 он

 

Өмнө зөвхөн гадны судлаачдын хөтөч, орчуулагч зэргээр ажилладаг байсан бол шинжлэх ухааны аргазүй, судалгаан дээр үндэслэсэн мэдлэгийг бүтээх ажил социализмын жилүүдэд эрчимжиж монголчууд урьд өмнө үзэж харж байгаагүй цоо шинэ зүйлүүдтэй танилцав.

 

1910-аад оны үеэс Нийслэл Хүрээнд болон орон нутагт хэд хэдэн газар кино гаргаж байсан тухай мэдээ, баримт бий. Тухайлбал, Богд хаан Жавзандамбын өргөөнд ордныхон кино үздэг байжээ. Энд чухам ямар кино гарч байсан нь тодорхой бус боловч Богдын хөтөч, хамниган Бадам гэгч кино гаргадаг төдийгүй Богдын заларч, морилж яваа байдлыг, Богдод сайдууд бараалхаж буй үйл явдлыг харуулсан кино хийсэн тухай мэдээ байна.

 

Х.Чойбалсан, Н.Янжмаа нар “Сүхбаатар” уран сайхны киноны уран бүтээлчдийн хамт, 1942 он.

 

Монгол хүн сэтгэл санааны хувьд хамгийн тайван хүмүүсийн тоонд орно. Тэд цагийн баримжаа байхгүйн улмаас аливаад яарахыг огт боддоггүй. “Би явж байна, Бээжин сууж байна” гэсэн маягаар ханддаг. Өөрөөр хэлбэл хэзээ нэг цагт болж л таарна, яарах зүйлгүй гэсэн утгатай. Монголчуудын өдөр тутмын амьдрал нэг л хэвийн байдаг. Нар мандмагц эмэгтэйчүүд саалиндаа гарах бөгөөд дараа нь малаа ихэвчлэн хөвгүүд, охид нь хариулахаар бэлчээрт гаргадаг.

 

Аж үйлдвэрийн комбинатын ажилчид өглөө яндангийн дуунаар цуглаж орой яндангийн дуугаар тардаг байв. Мөн ажилчин, албан хаагчид зөвхөн Ням гарагт амрах болж амьдрал ахуйдаа дотоодын аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлэв.

Монголчууд цуврал

Уг цувралын хүрээнд монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг гэрэл зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох зорилготой бөгөөд  одоогийн байдлаар “Монголчууд XX зууны эхэнд” буюу 1911-1924 он хүртлэх үеийн түүхийг харуулсан нэгэн боть, “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” буюу монголчууд Манжийн эрхшээл орсноос эхлээд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оныг хүртлэх үеийн түүхийг өгүүлсэн нэгэн боть хэвлэгдэн гараад байна. Эдгээр номууд нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсан.  

“Монголчууд XX зууны эхэнд”

“Монголчууд XVII-XX зууны эхэн үе”