Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

УУЦ ТАВИХ ЁС

МОНСУДАР
2016 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монголчууд эртнээс хурим найр, баяр ёслолын үеэр, тэр дундаа Цагаан сараар ууц тавьж, зоог шүүс бэлдсээр ирсэн заншилтай. Зарим айл ууц, идээ шүүсээ нэлээн эрт чанаж болгоод хөлдөөж хадгалдаг бол зарим нь битүүний өдөр хийж бэлтгэдэг. Сар шинийн бэлтгэл ажил эхэлсэн энэ үед уншигчдадаа зориулж ууц чанаж болгох, түүнийг хэрхэн тавих, хөндөх ёсны тухай хүргэж байна. 

Гуяны булчинг оруулахгүй авбал ууц шулдан үзэмжгүй болдог.

Дөрвөн өндөр хавиргыг зүсэж, өөд өөдөөс нь харуулж, намилхай /ууцны хоёр хажуугийн нимгэн хэсэг/ дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал /хүзүү ч тавьж болно/ нөгөө талд нь сээр, хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.

Дээр нь хамар, чихний дээд угийг шар тосоор чимсэн битүү толгойг нэг шийрийн хамт тавьсныг их ёсны ууц буюу бүхэл ууц гэнэ. Толгой шийрийг хүнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зүүн гар талд нь толгойг, нөгөө талд нь шийрийг тавина.

Хонины ууцыг бэлтгэхдээ хойгуураа гуяны хонгыг оруулан, урдуураа сүвээний гурван хавиргыг тэр чигээр нь нурууны нугалмуудтай огтолж авдаг. Гуяны булчинг оруулахгүй авбал ууц шулдан үзэмжгүй болдог. Иймээс гуяны өнгөн талыг эвдэхгүйгээр дотор талаас нь сүүжийг ухаж, дунд чөмөгний хамт салгаж авна.

Ууцыг том тогоонд, давстай усанд зөөлөн галаар удаан чанаж болгоно. Чанахдаа ууцны нугасны нүхэнд нарийн төмөр шургуулан чанавал ууц хотойж муруйдаггүй. Дараа нь бусад махнуудыг шөлөнд нь чанаж болгоно.

 

УУЦ ТЭВШЛЭХ ЁС Ууцыг хүндэтгэлийн арга хэмжээнд хэрэглэхдээ ууцан дээр сээр эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шаант чөмөг дагуулан тавьдаг. Ууцыг зочинд тавихдаа баруун гар талд нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрийн нарийн үзүүр, шаантны борви, далны маяа, хавирганы бураа талыг харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрийн оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина.

УУЦ ДЭЭЖЛЭХ ЁС – Цагаан сараар зочиддоо тавих ууцыг, битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал/ хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хүмүүст тарааж өгдөг уламжлалтай.

УУЦ ТАЛЛАХ ЁС – Гэрийн эзэн ууцаа таллана. Ууцны сүүлээс нимгэхэн халимлаж аваад, хонины толгой дээр тавьж, бурханыхаа өмнө тавина. Дараагаар нь ууцны баруун сүвээнээс эхлэн хоёр талын сүвээг хос хос зурваслан зүсэж ууцны гол дээр хөндлөн тавиад “даяараа шүүс зооглож айлд” гэж ёс хийнэ.

Тэгээд гэрийн эзэн суух үеэр гийчний дотроос аль нэг нь босож, бүтэн сээрийн дээр хоёр зүсэм сүвээний мах тавьж гэрийн эзэнд барихад гэрийн эзэн түүнийг тосон аваад эргүүлэн авчирч мөн уг ёсоор нь тавингуут “та нар тааваараа зоогло” гэж ёслон зоог дэвшүүлнэ.

Хэрвээ гэрийн эзэн нь нэр хүндтэй, зэрэг тушаалаар өндөр, эсвэл төрлийн ахмад хүн бол өөр хүн гэрийн эзнийг төлөөлөн ууц таллаж болно.

Зочин шүүс хөндөхдөө хонин толгойноос эхлэн хутга хүргээд, ууцны харцага талаас нь зүүн гараараа дэмжин баруун гараараа өргөнө. Нуруу талаас нь нимгэн зүсэж таслан бурхан тахил, гал голомтондоо өргөсний дараа хүүхдүүдэд хувь хүртээнэ. Ууцыг хөдөлгөхгүйг хичээнэ.

Бүхэл шүүс хөндөхдөө хамгийн хүндтэй хүнд ууцны гол хэсгийг, өндөр хавирга дараа нь дал, өндөр хавирга, атгаал чөмөг, хавирга, сүүж, дунд чөмөг гэх мэт дарааллаар хуваахдаа сээр, нуруу, хүзүү зэргийг 2 үеэр нугалж хавиргыг зүсэж дагалдуулан, ууцны тал сүүлний зүсмийг дагуулж өгнө.

Аман хүзүүг тэр өдөр хонины хишиг таарсан хүүхдэд өгнө. Богино хавирга, богтос зэргийг өөрийн хүнд өгдөг ёстой. Ингэж хүмүүст хувь хүртээнэ.

МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ-II номоос бэлтгэв.