Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээл үргэлжлэх боломж бүрдэв

Ж.Отгон
2016 оны 1 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 14 асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан юм. Хэлэлцэх асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг санал хэлж Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүслээ. Уг асуудлыг лхагва гарагт хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй гэв.

УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар болж тус байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг үдээс хойш хэлэлцэхээр боллоо. Улмаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт байсан байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Ж.Батзандан байнгын хорооны даргаар сонгогдлоо

Чуулганы хуралдаанаар байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Өргөдлийн байнгын хорооны даргыг чөлөөлөх, сонгох тухай асуудлыг хэлэлцэн, 93.2 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдож, УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус байнгын хорооны даргаас чөлөөлөгдөв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос хасч оронд нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг томилох тухай саналыг байнгын хорооноос оруулж ирснийг хэлэлцээд дэмжлээ. Хэлэлцүүлгийн шатад Байнгын хорооны даргаар сонгогдсон Ж.Батзандан гишүүн “Ард түмний эрхийг хамгаал” гэж Өргөдлийн байнгын хороог байгуулсан. Хуулийн хүрээнд ажлаа хийх болно. Идэвхтэй ажиллах болно” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Нэг ийм байнгын хороо гарч ирчихээд асар өргөн цар хүрээтэй ажил явуулаад байна. Өргөдлийн байнгын хороог дангаар нь ажиллуулчихвал Монголын төр сайхан болчих юм шиг л яриад байна шүү. Ж.Батзандан ч их хийрхдэг. Энэ төрийн ажлыг ном дүрмийн дагуу явуулах. Хийрхэхгүй байх, хэм, хэмжээ хязгаарыг мэддэг байх ёстой. Эрх, үүргийнхээ хүрээд ажиллаарай” гэв.

З.Энхболд: Хууль батлагдангуут зээл хүссэн иргэд байртай болно

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүн санаачилж энэ сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 96.8 хувийн саналаар гишүүдийн дэмжлэг хүлээн “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслүүд батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн найдвартай хийгдэх буюу олгосон зээлүүд эргэж төлөгдөхгүй байх, эрсдэлд орох бодит нөхцөл байдал үгүй болж өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдпаар орон сууд шинээр худалдан авч зээлд хамрагдсан 70 мянган иргэнд олгогдсон 3.3 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл баталгаатай болж, зээлийн эрсдэл үүсэхгүй болно.

Мөн барьцаанд байгаа үл хөддөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх , зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй. Ипотекийн зээлээр баталгаажсан бондын барьцаа урьдын адил баталгаатай болж, төлөх төлбөрийн хэмжээ хэвийн үргэлжлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавар бий болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Иргэдээ орон сууцаар хангах нь төрийн бодлого. Үе үеийн Засгийн газар хийж ирсэн. Зөв үр дүнг хуулийн хүрээнд хийх ёстой. Зөв үр дүнд хүрнэ гээд хууль гишгэж болохгүй. Хэн нэгэн рүү дайрах зүйл биш. Цэц шийдвэрээ гаргасан, УИХ тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж байна.

Иргэдээ орон сууцаар хангах нь төрийн бодлого. 

Ард түмэн ойлгож байгаа, хэн нь үндэслэлгүй ярьж, хэн нь захиалга өгч зогсоосон энэ бүхнийг мэднэ. Буруу аргаар хийвэл эдийн засгийн хохиролтой. Сү.Батболдын Засгийн газрын үед тодорхой хүүний зөрүү гаргаад шийдэж байсан. Ардчилсан нам энэ асуудлыг шийдэхдээ 1,300 байсан долларын ханшийг 2,000 болгосон. Одоо найман хувийг таван хувь болгох бол зөрүүг нь хаанаас хийх вэ” гэв.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Банк өөрийнхөө эрсдэлийг тооцно. Одоо 18 мянган байр эзнээ хүлээж байна. Хууль батлагдангуут зээл хүссэн иргэд байртай болно. МАН-ын зохиосон ипотекийн зээлээр явж үзсэн 400-хан айл орон сууцтай болсон. АН-ын зохиосон ипотекээр 76 мянган иргэн орон сууцтай болсон. Ялгаа бий шүү” гэв. Уг асуудлыг хэлэлцсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан юм.

Гацууртын асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн 57 хувийн саналаар дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ингэснээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тус төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж байгаа юм.

Гацууртын ордыг ашиглах шийдвэрийг УИХ- аас гаргасан нөхцөлд Монгол эзэмших 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцсон байгаа юм. Ингэхдээ хөрөнгө “Сентерра гоулд Монголиа” компани нь 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлнө, 1,000 орчим ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гаргасан гэдгийг салбарын сайд танилцуулсан.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Иргэд сонгогчид юу хүсч байгааг бид биелүүлэх гэж энд сууж байгаа. Яг хэдэн төгрөгийн тонн алт авах вэ.

Иргэд хордохгүй, байгальд хор нөлөөгүй гэдгийг хэн батлах юм гэж асуулаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Зардал үр ашиг, нөөц нь үнэн зөв эсэхийг Засгийн газар шийдээд явах хэрэгтэй гэж бодож байна. Нарийн мэргэжлийн яриа, тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газар анхааралтай сонссон болов уу гэж бодож байна” гэж хариулсан юм.

Дугаар шилжих мөчид чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөцийн сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байлаа.

Зураг