Тоодойсон монгол дээлтэй хөдөөний хөөрхөн багачуудыг дагуулан малчны хотонд очиж, монгол хүн шүү гэдгийг нь монгол ухаанаар сургаж буй нэгэн цэцэрлэгийн багшийн бичлэгийг та бүхэн үзээрэй.
Увс аймгийн Завхан сумын цэцэрлэгийн багш Х.Чимгээ жинхэнэ монгол ухаанаар Монголын ирээдүйг төлөвшүүлэн сургаж чадаж байна. Бид түүнтэй холбогдож ярилцлаа.
-Хүүхдүүдэд монгол ахуй соёлоо таниулж байгаа тань үнэхээр бахархмаар санагдлаа. Цэцэрлэгийн багш хүн ийм л байх ёстой гэх үлгэр дууриалыг та үзүүлж чадаж байна шүү дээ?
-Эгч нь Увс аймгийн Завхан сумын цэцэрлэгт 15 дахь жилдээ ажиллаж байна. Бага насны хүүхдийн хамгийн гол онцлог нь өөрөө харж, барьж мэдэрч байж л ямарваа нэг зүйлийн талаар ойлголт авдаг. Хийсвэр юм ойлгохдоо тааруу байдаг юм. Багш бид ийм арга барилаар л ажиллаж байж, хичээл үр дүнтэй, хүүхдүүд ч мэдсэн сурсан зүйл нь бодит болох юм. Тэр утгаараа манай цэцэрлэг хавар намрын хичээлийнхээ 70 хувийг гадна зугаалга, аялал, танин мэдэх хэлбэрээр явуулдаг. Манай суманд чацаргана ургадаг. Бид хүүхдүүдээ тэр талбай дээр аваачаад чацаргана гэж ийм жимс байдаг гэдгийг бариулж, мэдрүүлж, амсуулж байх жишээтэй. Энэ бол ганцхан жишээ л дээ.
-Энэ бичлэгийг хэзээ хийсэн юм бэ?
Өнгөрсөн жил хийсэн. Би өнгөрсөн жил ахлах ангийн хүүхдүүдтэй байхдаа малчны хотонд очиж, монгол ахуй амьдралын талаар танилцуулах хичээл заасан юм. Хүүхдүүд харсан үзсэн зүйлээ ангидаа ирж маш их ярилцдаг. Энэ нь хүүхдэд үлдэцтэй байдаг юм. Тэр маань олон хүнд хүрч байх шиг байна.Цэцэрлэгийн багш хүн хүүхэдтэй аль болох ойр дотно, хүүхэдтэй хүүхдийн түвшинд харилцах ёстой юм. Хүүхдэд ээлтэй, эелдэг зөөлөн харьцаж, инээмсэглэж байж л тэр хүүхдийн дотоод ертөнцийг уудална. Хүүхдүүд их хөөрхөн шүү. Аав ээждээ ч хэлээгүй зүйлээ багшдаа ирээд хэлэх жишээтэй. Цагаахан цаас шиг. Үзсэн харснаа мартана гэж байхгүй.
-Танай цэцэрлэгийн багш нар бүгдээрээ хүүхдүүдтэйгээ аялж зугаалж, танин мэдэхэд сургадаг гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Манай цэцэрлэгийн ахлах, дунд хоёр бүлэг хавар, намартаа дандаа аялал зугаалгын хэлбэрээр хичээлээ явуулдаг. Аав ээжтэйгээ хамт “Бид хамтдаа” гэсэн уриатайгаар зугаалгын хэлбэрээр голын хөвөөнд очиж тэмцээн уралдаан зохион байгуулна. Хамгийн гол нь хүүхдийг байгаль орчинтой нь танилцуулах, хэл яриаг нь хөгжүүлэх үүднээс энэ аяллыг зохион байгуулдаг. Шинэ содон зүйл олж харсан хүүхэд түүнээ ярихыг маш их хичээдэг. Баярлана, бахархана, өөртөө итгэлтэй болно, өв соёлынхоо талаар мэдлэгтэй болно.
-Цэцэрлэгийн багш хүн яг ямар байх ёстой вэ, таны бодлоор?
-Ээжийнхээ өврөөс ч гараагүй бяцхан хүүхдүүд цэцэрлэгт ирж байгаа шүү дээ. Цэцэрлэгийн багш хүн тэр хүүхдүүдэд ээжийнх нь оронд ээж нь болох ёстой юм. Өглөө ирэхэд нь тосч үнсээд ангидаа оруулаад, оройд үнсээд ээж аавд нь хүлээлгэж өгч байх хэрэгтэй. Ингэж харьцаж байгаа хүнийг хүүхэд хэзээ ч цаашаа гэхгүй, хүзүүдээд л тэврээд авдаг юм. Цэцэрлэгийн багш хүний ганц бахархал ердөө энэ. Хүүхдүүд бараг ээжээ гэж дууддаг. Зарим нь эмээ гэнэ.
-Дундговь аймагт цэцэрлэгийн туслах багш, тогооч хүүхэд зодож буй бичлэг орон даяар цацагдсан. Та үзсэн үү. Энэ үйлдлийн талаар үзэл болдоо хуваалцахгүй юу?
-Тэр бичлэгийг манай цэцэрлэгийн бүх багш үзсэн. Үнэхээр сэтгэл зүрх шимширч байсан. Ямар хүнээс тийм авир, араншин гардаг байна аа. Өмнөөс нь ичиж, санаа зовоод хүн бага үзээсэй л гэж бодогдож байгаа юм. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр цөөн хэдэн хүний энэ хэрцгий үйлдлээр цэцэрлэгийн багш нарыг нийтэд нь хамруулж, харлуулж ойлгож байгаа нь харамсмаар юм. Цэцэрлэгийн багш нар бүгд ийм гэсэн ойлголтыг иргэд, эцэг эхчүүд авч байна. Олон жил ажилласан хүний хувьд ийм зүйл харж байгаагүй. Хамт олон дунд ийм аймаар зан характертай хүн байхад удирдлагууд нь анзаардаггүй л юм байх даа гэж бодогдсон. Тэр бичлэгийг үзсэн оройгоо бараг нойр хүрэхгүй хоносон доо. Нялх амьтныг арай ч дээ. Хүүхдэд уруулаас өөр зүйл хүргэж үзээгүй шүү, манай багш нар. Тийм хүн цэцэрлэгийн орчинд байсан гэхэд итгэхэд хэцүү юм. Эвлүүлэг биш л байлгүй дээ.
-Цэцэрлэгийн багш бэлдэх сургалт муу, шаардлага сул байгаатай дээрх асуудлыг холбож ойлгож болох болов уу?
-Сүүлийн үед цэцэрлэгийн багшийг хувийн сургуулиуд, курс дамжаанууд 1, 2 жилээр бэлдэж байна. Хүүхдүүд өөрийнхөө дуртай мэргэжлээ сонгохоос илүү төгсөөд ажлын байртай, орон тоотой мэргэжил гэсэн үүднээс сонирхолгүй хэрнээ суралцдагаас энэ бүхэн үүдэлтэй гэж боддог юм. Хүүхдэд хайргүй, энэ мэргэжилд сонирхолгүй, хүүхдийн сэтгэл судлалын хичээл үзээгүй хүн түмний олон хүүхэдтэй яаж ч харьцах вэ дээ. Миний бодлоор МУБИС-иас өөр сургуульд цэцэрлэгийн багш бэлдмээргүй байна. Энэ сургуулийг төгссөн хүмүүс арай ч ийм түвшинд хүүхдүүдтэй харьцахгүй. Миний хувийн бодол шүү. Хүүхдийн сэтгэл судлал байтугай насны онцлогийн талаар мэдэхгүй байж түргэвчилсэн курс төгсөөд, багш болчихсон хүмүүс ч мэр сэр байх шиг байгаа юм. Боловсон хүчнүүд маань ч гэсэн зөвхөн төгсөөд ажлын байр элбэгтэйг нь бодох биш, би энэ мэргэжлийг эзэмшээд ажиллаж чадах уу, амжилт гаргах уу, сэтгэл зүрхээ зориулж чадах уу гэдгээ маш сайн бодох хэрэгтэй.
-Хүүхдүүдийг их үймүүлж байна, хөдөлгөөнтэй байна гэж багш нар гар хүрдэг, зоддог гэж зарим эцэг эх ярьдаг?
-Хүүхэд хөдөлж байж хөгжих ёстой. Хүүхэд үймүүлж байх тусмаа сайн. Хамгийн гол нь багш нь энэ бүхнийг зохицуулж, тухайн хүүхдийг зөв чигт нь залах ёстой юм. Ингэсэн тохиолдолд илүү дутуу үймүүлэх зав хүүхдэд үнэндээ гардаггүй. Бөмбөг шидэх хоорондоо л энэ талаараа ярихыг оролдож, хэл яриа нь ч хурдан зүгшрэх жишээтэй. Хүүхдийн хөдөлгөөнийг хааж бооно гэж байж боломгүй. Хүүхдээр бүтээл хийлгээд, цагийг нь үр бүтээлтэй өнгөрөөгөөд байхад хүүхдэд үймүүлэх зав гардаггүй.
-Цэцэрлэгүүдийг камержуулах асуудал яригдаж байна. Та дэмжиж байна уу?
-Зөв шүү дээ. Эцэг эхчүүд камер хараад хүүхдээ ямар үйл ажиллагаанд оролцож, яаж сурч хүмүүжиж байгааг, ямар дуу, бүжиг сурч байгааг харж байх нь зүйтэй юм. Ингэж харснаараа хүүхдээ юу хийхдээ сайн, муу гэдгийг мэдэж авч, тэр тал дээр нь анхаарах боломж бүрдэнэ. Мөн багш нарыг ч давхар хянах ач холбогдолтой.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Дөрвөн хүүхэдтэй. Гурав нь хотод ажиллаж амьдарч байгаа. Бүгд багш мэргэжилтэй.
-Та энэ жил хэдээс хэдэн насны хүүхдүүдтэй ажиллаж байна вэ?
-Энэ жил би бага бүлэгт дээр ажиллаж байна. Манай бүлэгт 1.7-3.5 насны 28 хүүхэдтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил ахлах бүлэгтэй байсан. Тэр анги маань аймгийн анги нийтийн олимпиадад хоёрдугаар байрт орсон. “Авьяас” уралдаант хамтлаг бүжиг төрлөөр тусгай байранд орсон. Бас нэг шавь маань аймгийн “Уран жиргээ” уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн. Энэ жилдээ бага бүлэгтэй болохоор цэцэрлэгийнхээ гадна талбайд элсэн дээр тоглуулж, элсээр янз бүрийн юм хийлгэж сургасан. Бага насны хүүхдүүд бие даах чадвар сул болохоор өөр аргагүй. Ахлах, дунд бүлэгтэй нь гадуур ажиллах цаг арай их л дээ.
-Цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаж буй оюутан, ажиллаж байгаа залуу багш нарт хандаж юу хэлэх вэ?
-Ажилдаа чин сэтгэлээрээ л ханддаг байвал ажил төрөл чинь аяндаа бүтнэ. Хамгийн гол нь хүүхдийг сайхан хайрлаад, энэ ажлыг ямар ч байсан энэ түвшинд хүргэж, ийм зүйл сургана гэж зорьж, зорьсондоо хүрч, үр шимийг нь харж баясаж байж ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг юм. Хавар төгсөхөд нь бүх хүүхдээ дуу дуулдаг, бүжиглэдэг болгоод сургачихсан багш хүн эцэг эхчүүдийн өмнө ямар нүүр бардам байх вэ. Өнөөдөр нэг дуу заалаа гэхэд маргааш нь хэдэн хувийг нь сурсан байгааг шалгаад, дахиад үргэлжлүүлж заадаг байх хичээнгүй зан чанарыг өөртөө төлөвшүүлмээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!