Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар үеийн үүрэн холбоо буюу 5G

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 28
IKON.MN

4G сүлжээнд ажилладаг анхны гар утас зах зээлд гарч байснаас хойш тавхан жилийн дараа дэлхийн үүрэн холбооны салбар 5G сүлжээнд орохоор бэлдэж эхэллээ.

Гэхдээ гар утасныхаа сигналын дүрсэн дээр “5G” гэсэн тэмдэглэгээг харахын тулд энэ салбарын тоглогч нарт олон хүндрэл бэрхшээлүүд тулгарч байгаа юм.

Жишээ нь 5G гэж яг ямар үзүүлэлттэй сүлжээг хэлэх вэ гэдэг асуулт хүртэл бүрэн шийдэгдээгүй байна.

Харин хэрэглэгчдийн 4G хэрэглээ нэмэгдсээр удахгүй 5G-г шаардах цаг ойртож байгаа юм.

Тиймээс өнөөг хүртэл тодорхой болоод байгаа зарим ойлголтуудыг хүргэж байна.

 

5G сүлжээний гол дэвшил

 

5G-гийн гол чадал нь Ultra HD, 3D video, Smart Home зэрэг хэрэглээг ямар ч хугацааны алдагдалгүй, өндөр хурдаар дамжуулж чадахад оршиж байгаа.

Түүнээс гадна эрчим хүчийг илүү бага зарцуулдаг байх юм.

 

5G хэр хурдан бэ?

 

Хурдны хувьд 5G нь 4G-гээс 40 дахин хурдан буюу “8K” видеог 3D хэмжээсээр стрим хийх, эсвэл 3D бүтэн киног 6 секундэнд татах чадвартай байх гэнэ. Өнөөдрийн 4G сүлжээнд ийм киног 6 минут татах боломжтой аж.

Гэхдээ энэ бол лабораторт хэмжсэн онолын үзүүлэлт.

Бодит амьдрал дээр үүнээс эрс багасна. Nokia компаний үзэж байгаагаар сүлжээ хамгийн их ачаалалтай үед 5G хурд 100 Megabits/second буюу 4G-гийн топ хурднаас дөрөв дахин илүү байх гэнэ.

Үүнээс гадна 5G нь хэт бага хүлээлтийн хугацаатай (ultra low latency). Энэ нь хэрэглэгчийн командад сүлжээнээс хариу өгөхдөө үзүүлдэг хугацааны хүлээлт юм.

 

5G-гийн давуу ба сул тал

 

5G-гийн туршилтыг хийж байгаа компаниуд супер өндөр давтамжийн сигналыг (бүр 73,000 MHz хүртэл) ашиглаж байгаа. Өнөөдрийн үүрэн холбооны ашигладаг давтамж 700-3,500 MHz завсарт байдаг юм.

Ийм өндөр давтамжтай сигналын давуу тал нь дата дамжуулах өндөр хурд бол сул тал нь богино зайг хамарч, саад нэвтлэх чадвар мууддаг байна.

Тиймээс 5G сүлжээнд шилжихийн тулд илүү олон тооны антенн, цамхагуудыг байшин бүрийн оройд байрлуулах хэрэг гарна.

Тиймээс ихэнх судлаачид 5G нь 4G-г бүрэн орлохгүй, хосолсон байдлаар хэрэглэгдэх байх гэж төсөөлж байгаа. Тухайлбал хүн ам шигүү хэсэгт 5G ашиглагдах бол хотын гадна, зам дагуу 4G байх боломжтой.

 

5G-г хэзээ нэвтрүүлэх вэ?

 

Үүнд салбарын тоглогч нар мөн янз бүрийн байр суурьтай байгаа. Тухайлбал Өмнөд Солонгос 2018 оны өвлийн олимпын үеэр 5G-г туршина гэж байгаа бол 2020 онд бүрэн шилжинэ гэж төлөвлөж байна.

Тэгвэл АНУ-ын Verizon 2017 оны эхээр 5G-г танилцуулна гэж амлаад байгаа юм.

Гэхдээ операторуудаас гадна ухаалаг гар утасны үйлдвэрлэгчид үүнд бэлэн байх ёстой гэвэл 2020 оноос нааш бид 5G-г гартаа барьж үзэхгүй бололтой.

 

Эх сурвалж: CNN.com