Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Золжаргал: Найман хувийн зээл УЛСТӨРЖИЛТИЙН ЗОЛИОС боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаарх Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны мэдээллийг сонслоо.

Банкууд энэ оны 11 дүгээр сард нийт 1,075 зээлдэгчид 69.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3,412.9 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 76,583-д хүрчээ.

Энэ үеэр орон сууцны 8 хувийн хүүтэй зээл болон зээлийн босгыг 10 хувьд барих асуудлаар гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нараас тайлбар авсан юм. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал гишүүдийн асуултад хариулахдаа орон сууцны 8 хувийн зээл зогссон гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ төв банкны Ерөнхийлөгчийг цаашид хариуцлагагүй ажилласаар байвал огцруулах хүртэл асуудлыг өргөн барина гэсэн юм. Гишүүдийн дийлэнх бага дунд орлоготой иргэдэд зориулсан энэхүү хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. 


Гишүүдэд мэдээлэл хийсний дараа Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ипотекийн зээлийн 10 хувийн урьдчилгаатай холбоотой асуудлаар З.Баянсэлэнгэ сайд “Голомт” банктай хамтарч ажиллахаар гарын үсэг зурсан. Энэ үнэхээр боломжтой юу?

-З.Баянсэлэнгээс өөрөөс нь асуу л даа. Би яаж мэдэх юм.

-УИХ-ын гишүүн Г.Уянга таныг АТГ-т шалгуулах гэж байгаа гэсэн. Ямар асуудлаар АТГ-т хандсан юм бол? 

-Харин тийм. Намайг ажилчдаасаа авлига авсан гэж өглөө л гэсэн. Эсвэл би өгсөн юм болов уу. Мэдэхгүй байна. Тэр өргөдлийг өгөхөөр нь л харья.

-Найман хувийн зээл зогссон асуудалд банкууд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ипотекийг үргэлжлүүлэхгүй. Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаан дээр ийм чухал асуудлаар мэдээлэл ярьж байхад Засгийн газрын гишүүн нь 8 хувийн моргейж, 10 хувийн урьдчилгаа хоёроо хооронд нь холиод, Засгийн газрын баталгааг Монголбанкны баталгаатай холиод яриад байхаар бухимдалгүй яах юм бэ.

Эсвэл зарим нэг гишүүд нь үүнийг цэвэр улс төрийн өнцгөөс хараад байна шүү дээ. Тэр 80 мянган иргэнээс хэнээс нь ч улс төрийн байр суурийг нь асуулгүйгээр моргейжийн зээл нь очсон шүү дээ. Өшөө тэнд оочерлоод сууж байгаа зөндөө олон хүн байна. З.Баянсэлэнгэ гишүүн аль нэг банктай ч юм уу ярьж байгаа санамж бичгээ л яриад байх юм. Тэр санамж бичиг чинь хууль эрх зүйн бичиг баримт мөн үү.

Барьцаа гээд нэг юм зээлийн ард байдгийг иргэд бүгд мэднэ. Тэрийг нь хөдөлж болдог юм шиг тайлбарлаад байна. Моргейж гэдэг чинь 2008 оноос эхэлсэн. 2012 оноос зориглоод хөдөлсөн. Үр дүн нь гарчихсан, инфляци нь ч буугаад гурван хувь дээр ирчихсэн байна. Тэр үед энийг эхэлж байхад инфляци өснө гэж олон хүн харж байсан. Тийм болоогүй л байна ш дээ.

80 мянган өрх орон сууцанд орчихсон. Яг бодитоор дотор нь амьдарч байна. Дахиад цаана нь 200 мянган өрх орох гээд хүлээж байна.  

Бид цэцэд маш ойлгомжтой дүгнэлтээ өгсөн. Би ганцаараа ч биш Монгол банкны зүгээс. Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хороотойгоо сууж байгаад үүний эрсдэл нь ийм байна гээд. Эхний шийдвэр гарсны дараа бид байр сууриа тодорхой илэрхийлсээр байна. Эрсдэлтэй шүү, болохгүй шүү гэж.

Хууль эрх зүйн мэргэжилтнүүдээс асуухад Цэцэд энэ асуудлыг яарч шийдэх ямар ч хэрэгцээ байгаагүй юм билээ. Цэц зургаан сарын дараа, жилийн дараа ч шийдвэл шийддэг юм билээ. Юунд, хаашаа яарсан юм. Иргэдээ бодож байна гээд эрхийг нь хааж болохгүй. Өнөөдөр Монгол Улсад моргейжийн зээлийг нэг ч иргэн авч  чадахгүй байна. Яагаад гэвэл барьцаа хөрөнгө нь иргэний хуулиар зохицуулагддаг зүйл. Тэр барьцааг нь хөдөлгөдөг болчихсон. Магадгүй миний хуулийн тайлбар сул байж магадгүй. Гэхдээ ийм л тайлбар, үндэслэлтэй юм. Болсон үйл явдал нь энэ.

-Найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгох гарц байгаа юу? 

-Иргэний хуультай холбоотой өмчийн зарим нэг заалтыг өөрчлөх хэрэгтэй. Энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх болов уу гэж би хүлээж байна. Найман хувийн зээл хэрэгжиж эхэлснээр хэрэглээнээс хуримтлалд шилжиж чадсан. Макро эдийн засагт хүртэл үр дүн өгсөн. 2008 онд зөвхөн өндөр орлоготой иргэд орон сууцны зээл авдаг байсан.

Харин одоо бүх нийтийн хүртээл болгочихоод байхад, зүгээр л барьцаа гэдэг зүйлээр хаацайлж ийм байдалд хүргэчихлээ. Ерөнхийдөө бол улстөржилтийн золиос боллоо. 10 гаруй жил явж байгаа хуулийг гэнэт нэг өдөр барьж аваад яаран яаран өөрчилсөн нь үнэндээ буруу шийдвэр. Үндсэн хуулийн цэцийн гишүүний тайлбарыг би сонссон. Мэдээж найман хувийн зээлийг зогсоох шийдвэр гаргаагүй. Гэхдээ барьцаа хөрөнгийг үгүй хийснээр үр дагавар нь ийм байдалд хүргээд байна.