Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг өнөөдрийн Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцэв.
Уг саналыг танилцуулсан Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр “Монгол Улсаас ОХУ-д суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилуулж, хоёр орны харилцааны хүрээнд эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, бусад салбарт хамтын ажиллагааг өргөтгөх, үр ашгийг нь нэмэгдүүлэх чиглэлээр Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний идэвх санаачилгатай, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх шаардлагаттай байна.
Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар нэр дэвшиж буй Б.Дэлгэрмаа нь улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байна” хэмээн дурдав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэргэжлийн бус, тэр тусмаа суугаа орны хэлний мэдлэггүй хүмүүс Дипломат төлөөлөгчийн газруудад нэлээд байгаа тухай шүүмжлэл байдаг, энэ талаар ямар арга хэмжээ авч байгааг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам 29 ажилтантай, үүнээс 6 нь мэргэжлийн дипломатчид байгаа.
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг зарим байгууллагыг төлөөлдөг ажилтнууд бас ажилладаг. Боловсон хүчний асуудлын хүрээнд тодорхой хэмжээнд төрийн бодлого гажуудсан тал гарсан байсныг засах арга хэмжээ авч байгаа. Энэ үүднээс төрийн бусад байгууллагаас Элчин сайдын яаманд ажиллах ажилтнуудад тавигдах шаардлагыг журамласан” гэсэн хариулт өгөв.
Мөн энэ гажуудлыг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаарх нэр дэвшигчийн байр суурийг тодруулахад Элчин сайдад нэр дэвшигч Б.Дэлгэрмаа “Элчин сайдын яамны боловсон хүчний бодлого төвөөс явагддаг, Гадаад хэргийн яам гол томилгоог хийдэг. Хоёр талын эдийн засаг, улс төрийн харилцаанд мэргэжлийн боловсон хүчин чухал үүрэгтэй. Иймээс боловсон хүчний асуудалд Гадаад хэргийн яамтайгаа хамтарч ажиллана” гэлээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам 29 ажилтантай, үүнээс 6 нь мэргэжлийн дипломатч
Харин танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн З.Энхболд ОХУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татаад нэлээд хугацаа өнгөрч байгаа тул шинэ Элчин сайдыг яаралтай томилох шаардлагатай байна гээд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татаж, Б.Дэлгэрмааг Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Иймээс энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|