Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээлийг зогсоосон нь хэний гавьяа эсвэл хэний гай вэ

Ж.Отгон
2015 оны 12 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг

АН Засгийн эрхийг авсныхаа дараа 2013 оноос жилийн найман хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр ажилтай, орлоготой хэн ч болов банкнаас зээл авах боломж бүрдсэн.

Гэтэл Үндсэн хуулийн цэцийн /ҮХЦ/ Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан өнгөрсөн Пүрэв гарагаас эхлэн Монголын банкуудын холбоо орон сууцны найман хувийн зээлийг зогсоохоо зарласны дагуу арилжааны бүх банкууд зээл авахаар материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн зээлийг царцаагаад байгаа.

Тэгвэл мянга, мянган залууст боломж олгож байсан хөтөлбөрийг гацаагчид ипотекийн зээл зогсоосон “гавьяа”-г бие биерүүгээ чихэж, өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн мэдэгдэл гаргаад амжив.

Найман хувийн зээлийг үргэлжлүүлэн явуулах боломжийг хангана гэв

Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлттэй холбогдуулан УИХ дахь АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвслийн бүлгийн хамтарсан мэдэгдлийг өнгөрсөн Пүрэв гарагт гаргасан. Уг мэдэгдэлд “ҮХЦ-ийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Үндсэн хуулинд тунхагласан иргэн өмчтэй байх, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчмыг ардчиллын үнэт зүйл хэмээн УИХ дахь АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд бид үзэж байна.

Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай ҮХЦ-ээс гаргасан дүгнэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж, хүлээж аваагүй болно.

Энэ сарын 10-ны өдөр Монголын банкны холбооноос Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон уг хуулийн холбогдох заалтуудыг УИХ-аар шинэчлэн батлагдах хүртэл орон сууцны найман хувийн зээлийг иргэдэд олгох боломжгүй тухай мэдэгдлээ.

ҮХЦ-ийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, орон сууцны найман хувийн зээлийг үргэлжлүүлэн явуулах боломжийг хангасан, мөн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дахь АНын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс хамтран санаачилж нэн яаралтай УИХ-аар батлуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна” хэмээсэн. 

ҮХЦ ипотекийн зээлийн талаар ташаа мэдээлэл тараагчдыг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардав

Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт  ҮХЦ ипотекийн зээлийн талаар ташаа мэдээлэл тараагчдыг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж байна хэмээн мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд “МУҮХЦ-ийн арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн.

Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон билээ. 

Гэтэл Үндсэн хуулийн цэц банкны зээл, түүний хүүгийн талаар ямар ч асуудал хэлэлцэж шийдвэрлээгүй байхад зарим этгээд ҮХЦ-ийн шийдвэрээрээ орон сууцны найман хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон гэх мэтээр илт буруу ташаа мэдээлэл түгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэлд турхирч байгааг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна. Цэцийн уг шийдвэр ипотекоор хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөөгүй. 

Мөн ипотекийн зүйл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь хуулийн дагуу барьцаалагчид хэвээр хадгалагдана. Иймд Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрээр орон сууцны найман хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрсдэлд оруулсан мэтээр буруу ташаа мэдээлэл тараагч этгээдүүд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. ҮХЦ, түүний шийдвэрийг мушгин гуйвуулж буруу мэдээлэл тарааж байгаа нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлд халдсан хууль зөрчсөн үйлдэл болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдэгдэж байна” гэжээ. 

МАН Л.Эрхэмбаярын хууль бус үйлдлийг шалгуулахаар шүүхэд өгчээ

Харин энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар өнгөрсөн Баасан гарагт АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд  тараасан "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны найман хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх гүтгэлгийн мэдээлэлтэй нь холбогдуулан шүүхэд өгөхөөр болсноо мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор МАН-аас мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд "АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр энэ оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд нэгхэн хоногийн дараа үнэнд няцаагдсан цуурхал, гүтгэлгийн чанартай, бусдын нэр төрд халдсан мэдээллийг түгээж эхэлсэн. 

Иргэн А.Базарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан “найман хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авахаар хуульчилсан нь иргэний хувийн өмчийн үндсэн эрхэнд халдсан байна” гэх агуулгатай мэдээллийг ҮХЦ энэ сар 09-ний өдөр Их суудлаар хуралдан хэлэлцэж барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэсэн шийдвэр гаргажээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын зохион байгуулсан энэхүү үйлдлийг Орон сууцны зээлтэй иргэдийг МАН руу турхирч, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн, Банк, санхүүгийн байгууллага, иргэдийн хооронд үл итгэлцлийг дэвэргэсэн, МАН-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж гүтгэсэн санаатай үйлдэл гэж дүгнэж байна” гэлээ. 

Асуудал ийнхүү сунжирсаар үнэхээр уг хөтөлбөр зогсчихвол байрны зээлд амрагдахаар хүсэл мөрөөдөл тээн мөнгө цуглуулж байсан иргэдийн итгэлийг үгүй хийж, барилгын салбарт ажиллаж байгаа олон мянган залуус ажилгүй болж, зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүйд хүрнэ. Энэ мэт угаасаа хэцүүхэн байгаа эдийн засгаа бүр “элгээр нь мөлхүүлэхэд” тулах вий. Тиймээс талууд энэхүү асуудалд нухацтай хандаж, хий улстөржилтөө нэн яаралтай зогсоох шаардлагатай байна.

Зураг