Өчигдөр Сингапурын батлан хамгаалах яамны сайд мэдэгдэлдээ Исламын улс бүлэглэлийн аюул Зүүн Өмнөд Азид эрс нэмэгдсэнийг хэллээ.
Түүний хэлж байгаагаар олон тооны этгээдүүд Сири, Иракаас халифат улс байгуулах даалгавартайгаар эргэн ирцгээж байгаа гэнэ.
Сайд Енг Хен хэлэхдээ энэ бүс дэх Аль Каедатай холбоотой Жимаах Исламия, Абу Саияф бүлгүүд Исламын улсад үнэнчээ илэрхийлсэн нь аюулыг нэмэгдүүлж байна гэлээ.
Мөн Исламын улсын суртал нэвтрүүлгийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд Индонези, Малайз, Сингапураас элсүүлсэн хүний тоо нь Аль Каедагийн 9 сарын 11-ний халдлагаас хойшх 10 жилийнхээс давж гарсан байна.
Малайзаас 150, Индонезаас 500, Сингапураас цөөн тооны хүн Ирак, Сирид байлдахаар явсан гэжээ. Тэдний зарим нь армийн албан хаагч байсан хүмүүс юм.
Сайд “тэд эргэн ирэхдээ Исламын улс бүлэглэлээс өөрийн халифат улсыг нутагтаа байгуулах даалгавартай ирцгээж байна” гэлээ.
Тиймээс бүс нутгийн улс орнууд тагнуулын нэгдсэн сүлжээ байгуулж аюулаас сэргийлэх хэрэгтэйг онцолсон байна.
Сингапурын батлан хамгаалах яамны сайд Вашингтон дахь Шинэ Америкийн Аюулгүй байдлын Төв судалгааны байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээний үеэр энэ тухай илтгэсэн аж.
Эх сурвалж: Time.Com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|