Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны конторуудад шалгалт хийжээ

ikon.mn
2015 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд орон сууцны конторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн 12 аж ахуйн нэгж холбогдох хууль, стандарт, норм, дүрмээ хэрхэн хэрэгжүүлж байгааг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас 2015 оны арваннэгдүгээр сарын 02-30-ний өдрүүдэд шалгажээ.

Ажлын хэсэг орон сууцны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, ажлын чанар, зураг төсөл, бичиг баримт, дотоод хяналт, ажлын байрны эмх цэгц, ус, дулаан дамжуулах төв, тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалтын төлөв байдлыг шалган илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгсөн байна.

Конторууд мэргэжлийн инженер, техникийн ажилтан цөөнтэй, зарим нь ажилтангүй, зайлшгүй байх ёстой ажлын багаж хэрэгсэл дутмаг, ажлын зохион байгуулалт хангалтгүй, СӨХ болон ус, дулаан хангамжийн гадна шугам сүлжээний эзэмшигчидтэй гэрээ хийгээгүй, халаалтын системийн дулааны зангилаа, гол шугам хоолойг дулаалаагүй зөрчил нийтлэг илэрлээ.

Мөн шугам сүлжээний урсгал засвар болон өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөлтгүй, хэрэглэгчдэд засварын ажил хийх тухай мэдэгддэггүй, осол аваарийн үед хэрэглэх нөөц материал, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл муутай, шинээр ашиглалтад орсон барилга, байгууламжийн ус, дулааны гол шугам хоолойнуудад зэврэлтээс хамгаалах түрхлэг, дулаан тусгаарлагчийн ажлыг дутуу хийснийг гүйцээж, засварлаагүй байна.

Конторууд 3-4 мянган хэрэглэгчтэй бол ашигтай ажиллан, энэ хэрээрээ ажилчдынхаа цалин, нийгмийн асуудлыг шийдэх боломжтой гэсэн тооцоо байдаг. Гэсэн ч цөөн хэрэглэгчтэй учир хөрөнгө санхүү муу, цалин бага байдгаас мэргэжлийн инженер, техникийн ажилтан тогтвор суурьшилтай ажилладаггүй хүндрэл байна.

Мөн цэвэр, бохир ус, халаалт дулааны үйлчилгээ үзүүлэхийн тулд Эрчим хүчний зохицуулах зөвлөл болон хэд хэдэн газраас тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болдог, Орон сууцны тухай, Дундын өмчлөлийн тухай зэрэг хууль хоорондоо зөрчилддөг гэнэ.  

Манай улсад орон сууцны хувийн хэвшлийн 62 контор үйл ажиллагаа явуулж байна.

Хэдийгээр орон сууцны хувийн конторууд төрийн ачаанаас тодорхой хэмжээгээр үүрч байгаа ч төр, засгаас ямар нэгэн дэмжлэг авч байгаагүй. Хамтарч ажиллах хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яам, холбогдох бусад байгууллагад удаа дараа хүргүүлж байсан ч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөг хүрчээ.

Шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн 2015 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцлээ.

Шалгалтын дүнг үндэслэн орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн бүх байгууллагад хяналтын шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авах, дулаан хангамжийн системийн засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг орон сууц ашиглалтын бүх байгууллагад олгох арга хэмжээ авах зэргийг холбогдох яам,  байгууллагад хүргүүлэхээр тогтлоо. Манай улсад орон сууцны хувийн хэвшлийн 62 контор үйл ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: МХЕГ