Хөдөө Аж Ахуйн Биржийн Клиринг, төлбөр тооцооны албаны захирал Б.Буянхишиг өнөөдөр мэдээлэл хийж 2015 онд хийсэн арилжаа болон ХААБ нэмэлт хувьцаа гаргах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хөдөө аж ахуйн бирж ХХК нь хөдөө аж ахуйн гаралтай найман төрлийн бараа, түүхий эдэд суурилсан 56 гэрээг зохицуулалттай зах зээл дээр арилжаалж байгаа. 2015 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 166 өдрийн арилжааг зохион байгуулж, нийт 419 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
Өнөөдрийг хүртэл ХААБ нь спот гэрээний арилжаа зохион байгуулж ирсэн. Спот гэрээний арилжаа нь бэлэн байгаа бараа түүхий эдээ арилждаг ийм гэрээ.
ХАА-н салбарын бараа, түүхий эдийн бэлтгэл нь улирлын чанартайгаас шалтгаалан жилийн туршид жигд, тасралтгүй нийлүүлэгдэх боломжгүй, мөн үнэ ханш нь байнга хэлбэлздэг, ирээдүйд үнэ тодорхойгүй байдаг зэрэг нь бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчид, малчид, тариаланчид, үйлдвэрүүдийг бизнесээ төлөвлөх, эрсдэлээ тооцох боломжгүй тодорхойгүй нөхцөл байдалд хүргэдэг.
Тиймээс Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж“ ХХК дахь төрийн эзэмшлийг 34 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулалт босгож, компанид технологийн шинэчлэл хийхийг даалгасан.
Технологийн шинэчлэл хийснээр 2016 оны сүүлийн хагасаас эхлэн фьючерс гэрээний арилжааг нэтрүүлэх боломжийг нээх бөгөөд улмаар “Хөдөө аж ахуйн бирж” нь цаашид арилжаалах гэрээний төрлийг олшруулах боломжтой болж байна.
Фьючерсийн арилжааг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингэсэн бараа, түүхий эдийн арилжааг хийж гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрийн зах зээлд татан оролцуулах, Зүүн өмнөд Азийн зах зээлд Монгол улсын бараа, түүхий эдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулах юм.
Төрийн өмчийн хорооноос тогтоол гаргаж фьючерсийн арилжааг нэвтрүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулахаар болсон. Эхний ээлжинд 2015 онд ХААБ-ийн хувьцааны 49 хувийг төрийн өмчид үлдээж үлдсэн 51 хувийг арилжаалах ажлыг хаалттай хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хаалттай хэлбэрээр гэдэг нь хөрөнгийн биржээр дамжихгүйгээр гэсэн үг. Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт ХААБ-д хөрөнгө оруулах сонирхолтой иргэд ААН, байгууллагуудыг бүртгэх ажлыг зохион байгуулж, ХААБ-ийн цаашид ажиллах процессыг танилцуулна. 2015 онд хийгдэх арилжаанаас нийтдээ 9.5 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөтэй байгаа.
Монгол Улсад дор хаяж 1-2 тэрбум ам.долларын валютын урсгал орж ирнэ
2016 онд бол ХААБ-ийн төрийн эзэмшлийн хувийг 34 хувь байх хэмжээнд хүртэл үлдсэн нэмэлт хувьцаагаа хөрөнгийн биржүүдээр дамжуулан худалдана. Эндээс энэ салбарын бүх оролцогч нээлттэй хувьцаа худалдаж авах боломжтой.
Хоёр удаагийн нэмэлт хувьцаа гаргах ажлаар бид фьючерс арилжаанд зориулсан биржид технологийн шинэчлэл хийнэ. Мөн 21 аймаг, 330 суманд хадгалалт тээвэрлэлтийг шийдвэрлэх нэгдсэн сүлжээтэй болох ажлыг эхлүүлэхээр болоод байна.
Үндсэндээ фьючерс арилжаанд шилжсэнээр үнийн өөрчлөлтөөс ашиг олох зорилготой гадаадын хөрөнгө оруулагч, тоглогчдыг татан авчирч, Монгол Улсад дор хаяж 1-2 тэрбум ам.долларын валютын урсгал орж ирнэ гэж харж байгаа” хэмээн ярилаа.
Хөдөө аж ахуйн салбар нь 2014 оны байдлаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 28 орчим хувь энэ салбарт хамрагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|