Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт зураач Пүрэвийн Цогзол гуай бид олон арван жил бараг хамаатан садан шиг дотно сэтгэлийн холбоотой явж ирсэн улс билээ.
Учир нь Цогзол гуайн төрсөн дүү Чулуунбаатар бид хоёр салшгүй анд нөхөд байсны дээр түүний дүү охин Долгортой нь миний охин дүү Бямбасүрэн арван жилийн нэг ангид суралцаж, эгч дүүс шиг дотносож явсан болохоор Цогзол гуайн аав тухайн үеийн Соёлын яамны орлогч сайд Пүрэв гуайнхаар байнга очдог, бараг очих болгонд Цогзол зураач ямар нэг зүйлийг хичээнгүйлэн зурж суудаг байлаа.
Миний бие зураг зурах гэж оролдож явсан болохоор зурж буй зургийг нь харж, яаж зурдаг аргыг нь сурчих санаатай ажиглаж зогсдогсон. Цогзол гуай надаас арван насаар ах юм. Тэрбээр 1934 оны гуравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Матад сумын “Бор тойром” хэмээх газар мэндэлжээ.
1953-1955 онд Урлагийн сургуулийн уран зургийн ангид Монголын нэр цуутай зураачдаар хичээл заалган суралцаж төгсөөд тус сургуульд нэг жил багшилж, улмаар 1956 онд Москва хотноо Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд элсэж, Оросын нэрт зураач Б.В.Дубровский- Эшкегийн урланд суралцан 1961 онд кино зураач мэргэжил эзэмшин ирж “Монгол кино” үйлдвэрт 1994 он хүртэл ерөнхий зураачаар ажиллан 1997 оноос одоо хүртэл Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд багшилсаар байна.
Зураач П.Цогзол 1961 онд найруулагч Б.Жамсрангийн “Үүрээр” кинонд анх ерөнхий зураачаар ажилласнаасаа эхлээд нийтдээ 30 гаруй дэлгэцийн бүтээлийн дүрслэлийн “хэл”-ийг оюун санаа, ур чадвар, билэг авьяасаа дайчлан бүтээж иржээ. Энэ уран бүтээлчийн урлаж туурвидаг аргын гол цөм нь юу вэ хэмээвэл тухайн киноныхоо зохиолыг анхааралтай уншиж, уг бүтээлийнхээ дүрслэлийн гол гол зүйлүүдийг нарийвчлан бодож, өөрийнхөө санаа бодлыг тухайн киноны найруулагчид танилцуулж, загвар зургийг бараг план бүрээр нэг бүрчлэн зурж, зарим загвар зургийг өнгө будгаар уйгагүй ялган бүтээдэгт оршим уу.
Зураач П.Цогзол авьяас билэгтэйгээс гадна үнэхээр уйгагүй хөдөлмөрлөдөг, олон зүйлийг бодож сэтгэж, шинэ сэдэв олж нээж, шинэ арга барилаар бүтээлээ туурвихыг хичээж явдаг уран бүтээлч билээ. Тэрбээр зөвхөн киноны дүрслэлийн “хэл”-ийг бүтээгээд зогсохгүй олон сэдэв, өвөрмөц зохиомж бүхий хэдэн арван тосон будгийн зураг туурвисны дээр кино зохиол бичиж, өөрөө найруулан үзэгч олондоо өргөн барьсан байдаг.
1970-1973 онд найруулагч Р.Доржпапамын бүтээсэн "Тунгалаг тамир” кино нь туульсын томоохон бүтээл билээ.
Хувийн зан чанарын хувьд эгэл даруу хэрнээ шударга шулуун зантай хүн. Хэлэх гэсэн үгээ хэнд ч айж эмээхгүй, халирч шилрэхгүй хэлж орхино шүү, тийм л хүн. 1962 онд найруулагч Д.Жигжидийн бүтээсэн Түмний нэг” кинонд зураглаач М.Дүйнхортой хамтран уг киноны цаг , ард олны ахуй байдлыг үзэгчдэд ойлгомжтой бөгөөд тодорхой харуулсан юм.
Зураач П.Цогзол тухайн киноны үйл явдал өрнөж буй объектуудын ерөнхий ахуй байдлыг бодитой үнэмшилтэй харуулахад анхаараад зогсохгүй баатруудын хувцсыг зан төрх, үзэл бодол, хүсэл сонирхлынх нь дагуу бүтээхийн хамт баатруудынхаа дотоод санаа бодлынх нь төрх шинжийг хүртэл хувцасных нь өнгөөр дамжуулан илэрхийлэхийг эрмэлздэг нь анхаарал татдаг.
1975 онд найруулагч Ж.Бунтар, П.Жигжидсүрэн нарын “Эх бүрдийн домог” киноны асар цацар, гэр өргөөний хэв загвар, өнгө дагнаас нь уг киноны домгийн өнгө аясыг тодорхой харуулсан өвөрмөц, шинэлэг бүтээл болсон билээ. Түүнээс гадна эл киноны баатаруудын хувцас хоорондоо эрс ялгаатай.
Зураач П.Цогзол нэлээд судалгаа хийж, нарийвчлан бодож сэтгэн баатруудынхаа дүр, төрх, санаа бодлыг хувцас өмсгөлөөр нь харуулахыг зорьсон нь оножээ.
Догшин харын хувцас хар, улаан өнгийн, өөрөөр хэлбэл эмгэнэлийн өнгийн бүтэцтэй байхад Нарангарвуу, Мөнгөншагай нарын хувцас монгол хүний өргөж дээдэлдэг өнгө болох хөх, цэнхэр өнгийн эдээр бүтсэн байдаг.
Энэ нь Догшин харын үзэл санааны хэзээд ялагдаж сүйрэх тавилан, хар муу санаа, харгис хэрцгийн илэрхийлэл, Нарангарвуу, Мөнгөншагай нарын эх оронч үзэл бодол, тэнгэрлэг сэтгэл санааны илэрхийлэл болжээ хэмээн хэлэхэд буруутахгүй буй заа. 1970-1973 онд найруулагч Р.Доржпапамын бүтээсэн "Тунгалаг тамир” кино нь туульсын томоохон бүтээл билээ.
Түүгээр зогсохгүй түүх-хувьсгалын сэдэвтэй олон газар болж буй үйл явдалтай нүсэр кино байлаа. Энэ киноны дүрслэлийн “хэл”-ийг бүтээхийн тулд зураач П.Цогзол маш их судалгаа хийж тухайн үйл явдал өрнөж буй газар орноос эхлээд, доторх зургийн объектын үнэн бодит шинж төрх, тухайн үйл явдлын утга санааг үзэгчдэд тодорхой харуулахын тулд үлэмж их хөдөлмөр, эрч хүчээ дайчлан ажиллажээ.
2000 онд “Өнөөдөр” сониноос нэрлэсэн XX зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр шалгарсанд ерөнхий зураач П.Цогзолын үлэмж их нэмэр оролцсон нь мэдээж билээ.
Монголын ард түмний дунд яригдаж асан алдартай үлгэр домог асар их байдаг билээ. Гэтэл “Эх бүрдийн домог”, “Алтан өргөө", “Алтан шонхор” зэрэг цөөхөн киног эс тооцвол энэ талбар манай киноны уран бүтээлчдийн хувьд цав цагаан талбай байсаар ирсэн юм. Энэ талбайг дүүргэхийн тулд сэтгэл гаргаж, П.Цогзол ардын үлгэрээс сэдэвлэн “Бушхүүгийн үлгэр” хэмээх кино зохиол бичиж, өөрөө найруулан, зураач Б.Болдын хамт зураг, загварыг нь бүтээжээ.
“Бушхүүгийн үлгэр” кино нь Монголын анхны бүрэн хэмжээний үлгэрийн сэдэвт бүтээл болсон төдийгүй анхны уран зургийн дүрслэл хэллэгээр бүтсэн кино билээ. Энд хослол зураг авалт ч ихээхэн хэмжээгээр оролдсон байдаг.
Монголын ард түмний дунд яригдаж асан алдартай үлгэр домог асар их байдаг билээ.
Энэ кинонд шударга үнэн хэзээд ялах тавилантайг Бушхүүгийн үйл явдлаар тодорхой өгүүлжээ. Манай ард түмний дунд нэлээд дэлгэрсэн эрэлхэг зориг, шударга сэтгэлээрээ үе үеийн хүүхэд багачуудыг хүмүүжүүлж ирсэн өнчин ядуу Боролдойн өгөөмөр сайхан шинж төрх Бушхүүгийн дүрд шингэсэн нь үзэгчдийн таашаалыг ихэд татсан юм.
1993 онд зураач, найруулагч П.Цогзол “Эзэн нь юмаа мэддэг” киноны зохиолыг бичиж, найруулсан бөгөөд ерөнхий зураачаар О.Мягмарыг урьж ажилуулжээ.
П.Цогзолын туурвисан “Эзэн нь ирээсэй”, “Авто засварын завод”, “Ажлын жирийн өдрүүд”, “Дөрөвдүгээр cap”, “Саруул талбай”, “Эх” /хөрөг/ зэрэг томоохон бүтээлүүд Үндэсний уран зургийн галерейн санд хадгалагдаж байдаг. Ийнхүү зураач, найруулагч П.Цогзол бүхий л амьдралаа кино урлагт зориулж, Монголын дэлгэцийн урлагийн дүрслэлийн “хэл”-ийг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан гавьяатайгаас гадна өөрийн цуутай бүтээлүүдээрээ Монголын дүрслэх урлагт ч өөрийн гэрэл гэгээтэй мөрөө гаргасан цуцашгүй хөдөлмөрч, олон зүйлийг бодож сэтгэж, зөвхөн урагшаа ухарч няцалгүй зүтгэж явахыг хичээдэг нэртэй уран бүтээлч билээ.
Кино зохиолч, судлаач Дүйнхорын Мягмарсүрэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|