Монголчууд өдрийн ажлаа хийж дуусгаад гэр гэртээ цугларч үлгэр хуучаа сонссоор иржээ. Нутаг орондоо нэртэй үлгэрч, туульчийг гэртээ залж үлгэр тууль хэлүүлдэг ёс ч байсан бөгөөд аян замын аянчин, гийчин хоноглоход заавал үлгэр хууч яриулдаг заншилтай байсан бөгөөд үлгэр нь аз жаргалыг ерөөдөг учир үлгэрчийн урд сүү аягалж тавьдаг ёсон байжээ.
Хүүхэд багачуудыг үлгэр ярьж сургахын өмнө үлгэр сонсож сургадаг. Үлгэр сонсогч үлгэр өгүүлэгчийнхээ үгийг таашааж байгаагаа илэрхийлж утга төгссөн хэсэг болгонд “уухай” буюу “за” гэж хэлдэг заншилтай. Үүнийг “үлгэр уухайлах” гэдэг.
Үлгэрч хүн ард түмний дунд оршиж, нийгмийн өөрчлөлтийг үлгэрт тэр хэвээр нь буулгахгүй, сонсогчдын хэв заншил, хүсэл эрмэлзлэл, үзэл санаа, нас болон тухайн үеийн нийгмийн байдалтай зохицуулан өөрчилсөөр иржээ. Ингэхдээ бага багаар дасан зохицуулж, хуучныг шинээр сольж өөрчилдөг байна.
Үлгэрчид гол төлөв олон үлгэр мэддэг, ахимаг насны хүмүүс бөгөөд эртний үлгэр домогт үндэслэн үлгэрийн шинэ содон дүр, үйл явдлыг гаргаж ярьдаг. Тухайлбал, үлгэрийн баатрын үзэл санааны чанарыг зохиогч өөрийнхөө үгээр дүрсэлснийг ая аялгуу, хөдөлгөөн оруулж амьлуулах гэх мэтээр үлгэрийн гол агуулгыг бодит мэт гаргаж өгдөг.
Мөн хөгжимгүй аялгуулан дуулах, хуур цуурын аянд дуулан өгүүлэх уламжлал бий. Үүнээс гадна жүжиглэн тоглох хэлбэрээр ч дэлгэрч байжээ. Жүжиглэхдээ асуулт хариулт, цэц булаалдах зэрэг аргуудыг хэрэглэдэг. Жүжиглэн тоглох үлгэрч нь уран цэцэн үгтэй, авьяаслаг, үйл хөдөлгөөн сайтай байх, дүр дүрслэлийг үнэн бодитой илэрхийлэх чадвартай байх шаардлагатай.
Өнөө цагт үлгэрийг хэлэхэд мэргэжлийн чадвар шаардагдахгүй, сонсож мэдсэн нэг нь нөгөөдөө хүүрнэн хэлж ам дамжин ярьж байна.
Үлгэр нь соёл, зан заншлаа танин мэдэх, уламжлан хөгжүүлэх болон хүмүүжил, түүх, хэлзүй зэрэг олон талын ач холбогдолтой.
Монголчууд хүүхдээ үлгэрээр дамжуулан эр зоригтой, үнэнч шударга, ажилч хөдөлмөрч болгож хүмүүжүүлэхийг зорьдог. Хүүхдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх нэг арга нь үлгэр гэж үздэг. Ихэнх хүүхдийн мөрөөдөл үлгэрт гардаг ханхүү, гүнж болох хүсэл сонирхлоор эхэлдэг байна.
Үлгэр нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх хүмүүжил, танин мэдэхүйн дараах ач холбогдолтой юм.
Монголчууд нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг сонгодог хэлбэрээр нь бүтээж, үеэс үед хадгалан хөгжүүлж иржээ. Олон жилийн түүхтэй өвөрмөц соёл сэтгэлгээ, ёс заншил нь бусад улсын соёлоос ялгагдах нэгэн онцлог болдог.
Ардын аман зохиолын нэгэн чухал зүйл болох үлгэр нь нүүдэлчин ард түмний аж төрөх ёс, зан үйл, оюун сэтгэлгээний онцлогийг хадгалан уламжлагдан ирсэн чухал зүйл билээ. Үлгэр бол хамгийн өргөн хүрээг хамарсан хүн бүрийн таашаан сонирхдог түгээмэл төрөл бөгөөд Ф.Энгельсийн томьёолон хэлснээр “Ард түмний ном” юм.
Үлгэрийн түүхэн цаг хугацааг нарийвчлан тогтоосноор гарч буй өгүүлэмж, дүрслэлүүд дээр нь тулгуурлан тухайн цаг үед хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, ёс заншлын талаар мэдээлэл авах боломжтойгоос гадна аман зохиолын бусад төрөл зүйл, урлагийн зарим төрлийн хөгжлийг олж харах боломжтой.
Монгол ардын үлгэр нь аман зохиолын хамгийн түгээмэл төрөл зүйлийн хувьд үүссэн цаг үе, тухайн үеийн нийгмийн үг хэллэг зэргээр монгол хэлний онцлогийг хадгалж байдаг.
Ялангуяа хүүхдүүд уншсан үлгэрээ цааш дамжуулан ярих нь хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэх, хэл найруулгын дадалтай болох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ярьж сурахад дөхөм болдог. Мөн монгол үлгэрийн хуучирсан үг хэллэгийг хүүхдийнхээ нас сэтгэхүйд нь тохируулж өөр үгээр орлуулан ойлгуулахын зэрэгцээ тухайн хуучин үгийг давхар танин мэдүүлснээр үгийн санг нь баяжуулж өгөх юм.
Орчин үед бидний ярьж хэвшээгүй, мэдэхгүй болсон хуучин үг, нутгийн аялгууны үг, нэг юмны өөр өөр нэршил, өвөрмөц дүр дүрслэл үлгэрт багагүй байна. Тиймээс бид үлгэрээс энэхүү онцлогуудыг мэдэх боломжтой.
Тухайлбал,
• дутаах, илаарь гэх мэт бидний өдөр тутмын хэрэглээнд төдийлөн ордоггүй үгс.
дутаах – зугтаах;
илаарь – хүний өвчний гэрэл, сайжрал;
• Хуучин үг хэллэг
цэрд – бичих, зурах зэрэгт хэрэглэх зөөлөн шохой;
үхэг – юм агуулах томхон дөрвөлжин сав, авдар;
• Зарим үг энгийн, доромж, хүндэтгэлийн утгаараа үлгэрт орсон байна.
мутар – гар – сарвуу
• Ирэг – иргэ, отог – отог зэрэг дуудлага ойролцоо бичлэг өөр үгсийг утгын ялгааг харж болно.
иргэ – хана;
ирэг – нас гүйцсэн, агталсан эр хонь;
отго – ноёд түшмэдийн хэргэм зэрэг, цол тушаалыг ялгасан ёслолын малгайд зүүдэг тогосын өд;
отог – харьяат албатыг хэсэг болгон хувааж байсан засаг захиргааны нэгж;
• Зарим үлгэрт бурханы шашин, бөө мөргөлийн холбогдолтой үг хэллэгүүд орсон байна.
винай – бурханы шашны гурван сургаалын нэг;
удган – эм бөө;
цав – лам хуврагийн зоог;
Иймд та бүхэн монгол ардын үлгэрээ танин мэдэх, сайтар судлах, ухаж ойлгох аваас оюундаа оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болох юм шүү.
Эх сурвалж: “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй ардын аман зохиолын “Утга соёл” цуврал бүтээлийн V дахь боть “Үлгэр” номоос бэлтгэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!