Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Украины компани суман галт тэрэгний хурдаар нисдэг дрон зохион бүтээснээ танилцуулжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Украины батлан хамгаалах салбарын Wild Hornets компани дайсны дроныг амдан устгах зориулалттай Sting нисгэгчгүй онгоц нь 300 гаруй километр/цаг хурдтай нисдэг болсныг зарлажээ.

Даваа гарагт тус компани энэ бүтээгдэхүүнийхээ туршилтын нислэгийн дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлсэн байна.

Бичлэгт Sting дрон цагт 315 км хүртэл хурдтай нисэж байгааг харуулжээ.

Энэ нь суман галт тэрэгний стандарт хурдтай ойролцоо хэмжээ юм.

Ираны Шахед дроны загвар дээр суурилсан Оросын нисгэгчгүй онгоцнууд Украины эсрэг агаарын довтолгоонд өргөн ашиглагдаж байна.

Украины агаарын довтолгооноос хамгаалах систем эдгээрийг бүрэн эсэргүүцэж чадахгүй байгаа. Оросын дотооддоо үйлдвэрлэдэг болсон Шахед-136 түгээмэл загварын дроны нисэх дээд хурд 185 км/цаг байдаг.

2024 оны намар танилцуулагдсан Sting дроны анхны загвар 160 км/цаг орчим хурдтай нисдэг байжээ.

“Wild Hornets” компани шинэ загварын дроныхоо нэг бүрийн өртгийг $2,500 гэж мэдээлсэн байна. Туршилтын шатанд энэ дроноор 100 орчим Шахедыг устгаж чадсанаа бас мэдээлжээ.

Өнгөрсөн долдугаар сарын турш Оросын арми нийтдээ 6,000 гаруй Шахед дроноор Украины хотуудад довтолж байв.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улс өдөрт 1,000 дрон үйлдвэрлэх зорилт тавиад байгааг бас мэдэгдэж байлаа.

Одоогоор Украины агаарын зэвсэгт хүчин Оросын Шахедын халдлагын 86-89 хувийг аюулгүй болгож байгаа гэсэн үзүүлэлт бий.

Өөрөөр хэлбэл сар бүр Оросын хэдэн зуун дрон байндаа амжилттай туссаар байгаа гэсэн үг.

Нөгөө талаар Оросын батлан хамгаалах салбарын үйлдвэрүүд бас нисгэгчгүй онгоцны технологио сайжруулсаар байгаа. Тухайлбал саяхан Шахед дроны тийрэлтэт хөдөлгүүртэй хувилбарыг туршиж байгаа тухай мэдээлэл цацагдаж байв.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол уг шинэ дрон цагт 800 хүртэл километр хурдалдаг болж магадгүй юм.

 

Эх сурвалж: Business Insider