Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кон Хийг баривчлах шийдвэрийг Сөүл хотын шүүх өчигдөр орой гаргажээ.
Түүнийг үнэт цаасны хууль бус арилжаа, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого, хээл хахуулийн хэргүүдийг шалгах үеэр нотлох баримтыг устгаж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчлахаар болсон байна.
Ингэснээр тэр Өмнөд Солонгосын түүхэнд анхны баривчлагдсан тэргүүн хатагтай асан болсноос гадна нөхрийн хамт нэг зэрэг шоронд хоригдсон анхны ерөнхийлөгч асны гэр бүлийн хос болж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт тусгай прокурор Мин Жүн Кигийн ахалсан баг тэргүүн хатагтай асныг баривчлах хүсэлтийг шүүхэд гаргаж байв.
Өчигдөр болсон шүүхийн сонсголын үеэр тэргүүн хатагтай асны өмгөөлөгчид түүнийг мөрдөн байцаагчидтай хамтран ажиллаж байгаа, эрүүл мэндийн байдал муудсан зэрэг үндэслэлээр баривчилж хорихгүй байх хүсэлт тавьж байжээ.
Харин прокурорын баг түүнийг нотлох баримт устгах эрсдэлтэй гэсэн үндэслэлээр баривчлах хүсэлтэй байв.
Ким Кон Хи 2009-2012 оны хооронд Өмнөд Солонгос дахь BMW компанийн төлөөлөгч Deutsch Motors компанийн хувьцааны үнийн өөрчлөлтөөс хууль бус аргаар ашиг олсон, 2022 оны парламентын нөхөн сонгууль болон 2024 оны ерөнхий сонгуулийн нэр дэвшүүлэх үйл явцад хөндлөнгөөс оролцсон, бөөгөөр дамжуулан Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагаас хээл хахууль авсан хэргүүдэд буруутгагдаж байгаа юм.
Тусгай прокурорын баг тэргүүн хатагтай асныг нийт 16 төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Прокурорууд эхлээд тэргүүн хатагтай асныг Уйван дахь Сөүлийн Цагдан Хорих Төвд хорихоор төлөвлөж байсан ч тус төвийн удирдлагын хүсэлтээр Сөүлийн Өмнөд Цагдан Хорих Төвд хорихоор болж өөрчилсөн байна.
Уйванд одоо Ким Кон Хигийн нөхөр, ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл улс орон даяар цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэргийн улмаас хоригдож байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!