Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

UFC холбоо ерөнхийлөгч Трамптай хамтран түүхэнд анх удаа Цагаан ордонд тулаан зохион байгуулахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп, Дана Уайт нар холимог тулааны тэмцээний үеэр

Ирэх онд тохиох АНУ-ын үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ойг тохиолдуулан Америкийн холимог тулааны UFC (Ultimate Fighting Championship) холбоо түүхэнд анх удаа Цагаан ордонд тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Долдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдах тэмцээний талаар тус холбооны ерөнхийлөгч Дана Уайт өчигдөр зарласан байна.

Уайт бол 2000-аад оны эхээр Трампын хувийн эзэмшилд анх удаа UFC- холбооны тулаан зохион байгуулж байсан хүн юм.

Энэ үеэс тэдний нөхөрлөл эхэлж байжээ.

Уайт энэ сарын сүүлээр ерөнхийлөгч Трамп болон түүний охин Иванка нартай уулзахдаа төлөвлөгөөг эцэслэн батлахаар болсон гэнэ.

Цагаан ордны албаны эх сурвалж бас Уайтын ярьсныг баталжээ.

UFC холбооны тулаанууд ихэвчлэн олон арван мянган үзэгчтэй том орон зайд зохион байгуулагддаг.

Харин Цагаан ордны хувьд ийм боломж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

“Тэр надтай утсаар ярьж санал тавихдаа үүнд Иванкаг оролцуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Дараа нь Иванка надтай холбогдож, хэрхэн зохион байгуулах боломжуудыг ярилцаж, санаа оноогоо нэгтгэсэн” гэж Уайт өчигдөр хэвлэлд ярьжээ.

Трамп өнгөрсөн сард Йова мужид болсон арга хэмжээний үеэр Цагаан ордонд холимог тулаан зохион байгуулах санаагаа анх удаа цухуйлгаж байсан юм.

Тэрбээр Цагаан ордны хашаанд найман талтай дэвжээ босгож, 25,000 орчим хүн цуглуулах боломжтойг хэлж байжээ.

Ингэхдээ тэр Цагаан ордны хашаанд хангалттай орон зай байгааг дурдаж байв.

Трамп уламжлалыг эвдсэн анхдагч үйлдлүүдээрээ Цагаан ордны түүхэнд мөрөө үлдээхийг хичээж байгаагийн сүүлийнх нь UFC холбооны тулаан болж байна.

Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Цагаан ордныг бүхэлд нь шинэчлэх ажлыг нэн тэргүүний зорилт болгоод байгаа.

Тухайлбал тэр ерөнхийлөгчийн ажлын өрөө болох Зууван танхимыг саяхан алтадмал чимэглэлээр тохижуулсан бол Цагаан ордны хашаанд туг далбааны хоёр том шон босгосон юм.

Сүүлд Трамп цогцолборын зүүн жигүүрт $200 саяын өртгөөр хүлээн авалтын шинэ танхим байгуулах төлөвлөгөөг зарлаж байв.

 

Эх сурвалж: BBC