Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Омни Эрдэнэт Майнерс” -ын жолоог гавьяат дасгалжуулагч О.Баярцогт атгана

ikon.mn
2025 оны 8 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын сагсан бөмбөгийн ертөнц сүүлийн 10 жилд хөгжлийн хувьд томоохон ахицыг гаргаж байна. Улмаар Монголын үндэсний дээд лигийн багуудын тоглолт үзэгчдийн анхаарлыг татаж жил ирэх тусам тамирчин, дасгалжуулагч, багийн шандсыг сорих гал ассан хүчтэй тулааны талбар болж буйтай хэн ч маргахгүй биз.

Сагсан бөмбөгт хайртай Эрдэнэтчүүдийн бүтээсэн “Омни Эрдэнэт Майнерс” баг

“Омни Эрдэнэт Майнерс” сагсан бөмбөгийн багийн эхлэл нь тэртээ 2019 онд Эрдэнэт хотын ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрдэнэт хотын нутгийн зөвлөл, сагсан бөмбөгт хайртай иргэдийн хамтын санаачилгаар “Эрдэнэтийн уурхайчид” нэртэй клубийг үүсгэн байгуулснаар тавигдаж байв.

Клубын үйл ажиллагаа Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг мэргэжлийн өндөр түвшинд хөгжүүлэх, сургалт, хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэн гадаад, дотоодын мэргэжилтэн, багш, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, судалгааны ажлыг үе шаттайгаар төлөвлөх, зохион байгуулахад чиглэгдэж иржээ.

Мөн өдийг хүртэл “Омни Эрдэнэт Майнерс”  багийг олон улсын клубүүдийн жишиг системд шилжүүлэх, мэргэжлийн тамирчдыг үе шаттайгаар бэлтгэх хүрээнд олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажилласан нь үр дүнгээ өгч эхэлсэн юм.

Энэхүү урт хугацааны хамтын хичээл зүтгэлийн үр дүнд тус баг:

  • 2021-2022 оны “Үндэсний дээд лиг”-т 2 дугаар байр эзлэн мөнгөн медаль 
  • 2022-2023 оны “Үндэсний дээд лиг”-т “Эрдэнэтийн уурхайчид” мэргэжлийн сагсан бөмбөгийн баг эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон бөгөөд Эмэгтэй баг “Үндэсний дээд лиг”-т 3 дугаар байр эзэлж хүрэл медаль, Эрэгтэй баг “Үндэсний дээд лиг”-т 1 дүгээр байр буюу Аварга авч алтан цом 
  • 2023-2024 оны “Үндэсний дээд лиг”-т “Эрдэнэтийн уурхайчид” мэргэжлийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг бүрэлдэхүүн оролцсон бөгөөд “Үндэсний дээд лиг”-т 3 дугаар байр эзлэн хүрэл медаль 
  • 2024-2025 оны “Үндэсний дээд лиг”-ийн улиралд 5 дугаар байр эзэлсэн бөгөөд 2025-2026 оны “Үндэсний дээд лиг”-ийн улиралд амжилтаа ахиулахыг эрмэлзэж байна.

Ийнхүү өнгөрсөн жилүүдэд шинэ амжилт, түүхэн ялалтуудын эзэн болсон “Омни Эрдэнэт Майнерс” баг шинэ улирлыг стратегийн томоохон шинэчлэлээр угтаж байна. 

Тодруулбал, багийн удирдлагууд сагсан бөмбөгийн хөгжлийн дэлхийн жишгийг дагаж, хөрөнгө оруулалт, багийн бүтэц зохион байгуулалт хийгээд шинжлэх ухаан, академик онол практикт суурилсан шинэчлэлийг эхлүүллээ.

Шинэчлэлийн эхлэл: Багийн жолоог гавьяат дасгалжуулагч О.Баярцогтод атгуулав

Тэд стратегийн шинэчлэлийн эхний бөгөөд хамгийн чухал алхмыг дасгалжуулагчийн албан тушаалаас эхлүүллээ. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн салбарын хөгжилд 40 гаруй жил өөрийн хувь нэмрээ оруулсан гавьяат дасгалжуулагч О.Баярцогтын юугаар ч үнэлшгүй туршлага, ур чадвар “Эрдэнэт Майнерс”-ын ирээдүйн аваргуудыг өнгөлөн гаргаж ирэх аж. Энэ нь зөвхөн дасгалжуулагчийн өөрчлөлт бус сэтгэлгээний, тоглолтын болон удирдлагын шинэ парадигм руу хийх томоохон шилжилт юм.

Сагсан бөмбөгт зүрх сэтгэлээ зориулсан О.Баярцогт дасгалжуулагчийн Монголын сагсан бөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг дурдаад баршгүй бөгөөд түүний дасгалжуулсан “Этүгэн ирвэсүүд” , “CБЛ хасын хүлгүүд” багууд Үндэсний дээд лигийн медалийн тавцангаас буугаагүй билээ.

Мөн тэрбээр, Монгол Улсын Үндэсний сагсан бөмбөгийн шигшээ багийг дасгалжуулж, олон улсын тавцанд амжилттай удирдсан. Улмаар 2014 онд Шар тивийн шилдэг найман багийн нэгээр шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Түүнчлэн шинэ тоглолтын схем нэвтрүүлэх, залуу тоглогчдын сэтгэлзүй, бэлтгэлийн стандартыг шинэ шатанд гаргах, Монголын сагсан бөмбөгийн академик хөгжлийн суурь шинэчлэлийг хийсэн нэгэн билээ.

Тэрээр “Сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө явахдаа албан тушаал, хувийн амбиц, би гэсэн өнцгөөс явж байгаагүй” хэмээн дурдсан байдаг. Өдгөө тэрээр 200 гаруй шавийг бэлтгэн сагсан бөмбөгийн ертөнцөд хөл тавиулжээ.

О.Баярцогт дасгалжуулагчийн арга барил: Сахилга бат ба багийн сэтгэл зүй

Дасгалжуулагч О.Баярцогтын удирдлагын хэв маяг нь хатуу сахилга бат, сэтгэлзүйн тогтвортой байдал, багаар ажиллах өндөр зохион байгуулалт дээр тулгуурладаг. Тэрээр зөвхөн техник тактикийн бэлтгэл бус, тамирчдын хувь хүний өсөлт хөгжил, сэтгэлзүйд онцгой анхаардаг. Түүний хувьд хожил бол үр дүн, харин өсөлт бол жинхэнэ зорилго гэх зарчмаар ажиллаж ирсэн нь олон залуу тамирчны амжилтаар батлагджээ.

Түүний “Эрдэнэт Майнерс”-д авчрах шинэчлэл юу байх бол?

Түүний өнгөрсөн амжилт, дасгалжуулалтын арга барил дээр үндэслэн  “Эрдэнэт Майнерс”-д хийх шинэчлэлийг таамаглавал:

  • Тоглолтын тактикийн шинэчлэл -Түргэн довтолгоо, олон хувилбарт довтолгооны схем, хамгаалалтын уян хатан систем.
  • Залуу тоглогчдын өсөлт - Дотоодын ирээдүйтэй тамирчдыг түлхүү гаргаж, олон улсын түвшний бэлтгэл хөтөлбөрт хамруулах.
  • Сэтгэлзүйн бэлтгэл - Дасгалжуулагчийн олон улсын туршлага дээр суурилсан спортын сэтгэлзүйн аргачлалуудын нэвтрүүлэх
  • Багийн брэндийн өсөлт - Дотоодын лиг төдийгүй Азийн тавцанд өрсөлдөхүйц баг болгон хөгжүүлэх.

Шинэ шийдэл: Дасгалжуулагчийн хувьцаа эзэмшил буюу хугацааны хамтын ажиллагаа

“Омни Эрдэнэт Майнерс”-ын удирдлагуудын гаргаж буй бас нэгэн сонирхолтой шийдэл бол О.Баярцогт зөвхөн дасгалжуулагчийн хувиар бус, багийн хувьцаа эзэмшигчийн байр сууриар ажиллах явдал юм. Энэ нь дасгалжуулагч богино хугацааны амжилт бус, ирээдүйн тогтвортой өсөлтөд илүү анхаарах нөхцөлийн бүрдүүлж буй шинэ жишиг болж байна. 

Шинэчлэлийн буухиа багийн тоглогчдоор үргэлжиллээ

“Омни Эрдэнэт Майнерс”-ын стратегийн шинэчлэл зөвхөн дасгалжуулагчаар хязгаарлагдсангүй. Багийн удирдлагууд шинэ улирлыг томоохон амбицтай эхлүүлж буй тулд дотоод, гадаадын легонор тоглогчдыг эгнээндээ нэгтгэж байна.

Тус багийг өнгөлөх шинэ гишүүн Үндэсний дээд лигийн тэргүүний тоглогч, гавьяат тамирчин Тунгалагийн Санчир байх юм.

Спортын ертөнцөд “шинэ цус” гэдэг нь зөвхөн тоглолтын эрч хүчийг нэмэгдүүлэх бус, багийн философид шинэ өнгө, шинэ эрч хүч шингээдэг билээ.  Харин “Омни Эрдэнэт Майнерс” дараагийн шинэ тоглогч хэн байх бол?

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.