Индэр    
2025 оны 8 сарын 13
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Н.Болортуяа: Манайхан хүүхдээ 12 дугаар ангид ороход нь “Гадагшаа сургуульд явуулъя” гэдэг. Энэ үед хэтэрхий оройтсон байдаг

Зураг

"Дэлхийн шилдэг сургуульд сурах зорилготой", "Англи хэлээ сайжруулаад хүссэн сургуульдаа орно", "Гадагшаа тэтгэлэгтэй суралцана" гэх мэтчилнээр зорилго, мөрөөдөлдөө хөтлөгдөн хичээж яваа олон мянган хүүхэд бий. 

Тэгвэл дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх чансаа өндөртэй их, дээд сургуулиуд элсэгчдээсээ чухам ямар чадварыг шаарддаг вэ? ...

Магадгүй англи хэлний ерөнхий мэдлэг сорих IELTS ,TOEFL, SAT зэрэг шалгалтын хамгийн өндөр оноог авсан байх ёстой юу гэвэл, ҮГҮЙ.

Энэ нь шалгуурын ердөө нэгээхэн хэсэг л болохоос биш дэлхийд эрэмбээрээ тэргүүлэх ТОП сургуульд тэнцэхэд шууд нөлөөлөхүйц үзүүлэлт биш болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн төгсөгч, “Brilliant mind’s global” ТББ-ыг үүсгэн байгуулагч Н.Болортуяа хэлж байлаа. 

Тэрбээр Калифорнийн их сургуулийг төрийн удирдлага, санхүүч мэргэжлээр дүүргэж, бакалавр, магистрын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-д 13 жил ажиллаж, амьдарчээ.

Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага болон их сургуульд хүүхдүүдээ бэлдэхэд анхаарсан алхмууд дээрээ түшиглэн бусдад туслах сайн дурын ажлынхаа гарааг тэрбээр эхлүүлсэн байна. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд боловсролын чиглэлээр дагнан ажиллаж, улмаар АНУ-ын их, дээд сургуулиудад суралцах зорилготой хүүхдүүдийг тусгайлан бэлдэхэд туслан, зөв чиглүүлэг өгөхийг зорьсноор өдгөө 400 гаруй хүүхэд хүссэн сургуульдаа тэтгэлэгтэй оржээ. 

"Хэрэв гадаадад сурахыг хүсэж байгаа бол заавал ШИЛДЭГ сургуулийг л зорь. Гадаадад л сурч байвал хаана ч хамаагүй гэж бүү ханд. Монголд улсын, хувийн сургууль гэж байдагтай адил гадаадад ч улсын, хувийн, чанартай чанаргүй олон сургууль бас бий.

Ямар ч хамаагүй сургуульд элсэхийн оронд эх орондоо сурсан нь дээр" гэх түүний яриа онцлууштай байлаа. 

Гадаадын их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй хүмүүсийн анхаарах, анзаарах ёстой агуулгын хүрээнд АНУ-ын Калифорнийн их сургуулийн төгсөгч Н.Болортуяатай ярилцсанаа уншигч Та бүхэнд хүргэж байна. 



-Дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсэн суралцах зорилго, мөрөөдлөө бодитой болгоход ямар алхмууд чухал вэ. Дан ганц англи хэлний мэдлэг эсвэл шалгалтын өндөр оноо тэтгэлэг авахад туслахгүй байх нь ээ. ТОП гэгдэх сургуулиуд өнөө үед чухам ямар шалгуурыг голчлон үздэг болсон юм бэ? 

-Одоогоос гурван жилийн өмнө Харвардын их сургуульд очиж байлаа. Тухайн үед Харвардын их сургуулийн элсэлтийн комиссынхон:

"Бид нар хамгийн мундаг сурлагатай, шалгалтын өндөр оноотой хүүхдүүдийг хайдаггүй. Ийм хүүхдүүд хэдэн саяараа манайх руу өргөдлөө илгээдэг. Харин нийгэмд хэрэгтэй, зөв төлөвшилтэй  хүмүүсийг хайж байгаа" гэж хэлсэн нь санаанд бууж байна. 

Дэлхийн шилдэг их сургуулиуд мундаг сурлагатай хүүхдүүдийг сонгохоос илүү зөв төлөвшилтэй, зөв хандлагатай, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүүхдүүдийг элсүүлэхийг нэн түрүүнд тавьдаг болсон. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө хийсэн сайн дурын ажил бол хамгийн гол шалгууруудын нэг болж байгаа. 

Мэдээж шалгалтын оноо, дүн чухал. Гэхдээ эсээ, өргөдлийн маягт, багшийн тодорхойлолт  гэх мэт бусад зүйлийг ч орхигдуулж болохгүй. Сургуульд ороход эсээ  бичдэг. Эсээгээр дамжуулан хүний сэтгэлийг уудалсан, хувь хүн ямар хүн болохыг тодорхойлохыг зорьсон асуултуудыг тавьдаг. 

Тухайлбал Чиний амьдралд ямар асуудал гарсан бэ?, Асуудлаа хэрхэн даван туулсан бэ?, Тэндээс юуг олж суралцаад өөрийгөө яаж сайжруулсан бэ?, Бусдад яаж туслах вэ?, Чиний үзэл санаа хэрхэн өөрчлөгдсөн бэ? гэх зэргээр таны сэтгэлийг уудалдаг гэсэн үг. 

-Англи хэлтэй л бол хүссэн сургуульдаа шулуун замаар тэнцэх мэтээр ойлгох нь өрөөсгөл юм байна. IELTS , TOEFL-ын шалгалтанд хангалттай оноо авчихвал болох мэтээр боддог шүү дээ. Зарим сургалтын төвүүд ч ийм ойлголтыг өгдөг талтай. 

-Манайд гадаадад сургуульд зуучилдаг сургалтын төв, академиуд нэлээдгүй байгаа. Тэдгээрийг ажаад байхад таны асуулттай зарим тал дээр санал нийлж байна. Тиймээс миний дээр дурдсанаар бүх үзүүлэлтүүдээ жигд байлгах, зөвхөн хэлний мэдлэгээр хязгаарлагдахгүй гэдгийг хүүхдүүд, эцэг эхчүүд анхаарах ёстой.

Дэлхийн шилдэг их сургуулиуд амархан тэтгэлэг өгөхгүй. Нэг улсаас ганц хоёрхон хүүхдэд л боломж олгодог. Хэрэв гадаадад сурахыг хүсэж байгаа бол заавал ШИЛДЭГ сургуулийг л зорь. Гадаадад л сурч байвал хаана ч хамаагүй гэж бүү ханд. 

Монголд улсын, хувийн сургууль гэж байдагтай адил гадаадад ч улсын, хувийн, чанартай чанаргүй олон сургууль бас бий. Тэгэхээр ямар ч хамаагүй сургуульд элсэхийн оронд эх орондоо сурсан нь дээр гэдгийг бас хэлмээр байна. 

Үнэхээр гадагшаа сургуульд явъя гэж бодож байгаа бол сайн сургуульд яв. Сайн сургуульд сайн боловсрол эзэмш гэж зөвлөмөөр санагддаг. Учир нь: ТА ямар хүрээлэлд байх уу?, ямар ажил хийх вэ?, нийгэмд ямар байр суурь эзлэх үү?, хэнтэй гэрлэх үү? гэдэг чинь хүртэл ямар сургууль төгссөнөөс тань ихээхэн шалтгаална.

Гадаадын шилдэг сургуульд боловсрол эзэмшсэн бол эргээд заавал эх орондоо ирж түүнийхээ үр шимийг эх орондоо өгөх хэрэгтэй. Гэтэл зарим нь гадаадад боловсрол эзэмшээд тухайн улсдаа үлдчихдэг. Манайхан тэр улсыг хөгжүүлэхийн тулд боловсрол эзэмшээд байна гэсэн үг. 

Монголд ямар мэргэжил, ямар боловсон хүчин хэрэгтэй байна вэ яг тэр чиглэлээр сураад буцаад эх орондоо ирж ажиллах нь монгол хүн бүрийн үүрэг байх ёстой гэж би ойлгодог.

-Орчин үеийн хүүхдүүд англи хэлийг өдөр тутамдаа өргөн ашиглаж байна л даа. Заримдаа англи, монгол хэлийг хольж ярих хандлага ч ажиглагддаг. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? 

-Гадаад хэл сурч байгаа нь мэдээж сайн. Гэхдээ төрөлх монгол хэлээ төгс эзэмших нь монгол хүн болж төрсний хувьд энэ бол бидний үүрэг, зарим хүүхдүүд эх хэлээ хоёрт тавиад монголоороо ярьж чадахгүй байгаа харагддаг. Үүнтэй би санал нийлдэггүй.  

Хүүхдүүд англиар яриад байгаа хэрнээ англи хэлний бичгийн боловсролыг нь шалгах эсээ бичүүлэхээр шаардлага хангадаггүй тал бий. Тэгэхээр англи хэлийг төгс эзэмшсэн гэдэг нь арай л өрөөсгөл ойлголт юм даа. 

-Та АНУ-д суралцах хүсэлтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгөхөөр жил болгон эх орондоо ирж сургалт зохион байгуулдаг юм байна. Энэ жилийн тухайд хэдэн хүүхэд сургалтад хамрагдсан бэ. Дэлхийн шилдэг их сургуульд тэнцэнэ гэдэг уйгагүй оролдлогоос гадна урт хугацаа шаардах ажил болов уу? 

-Би хүүхдүүдэд аль болох бодитой мэдээлэл өгөхийг зорьдог.

  • Хэрвээ санхүүгийн бололцоогүй бол хэрхэн яаж АНУ-ын их сургуулиудад тэтгэлэг авах вэ?
  • Ямар боломжууд байна вэ?
  • Тэтгэлэг авахын тулд эхлээд юунд анхаарч бэлдэх ёстой вэ? гэх мэтчилэн асуултад хариулт өгөхийг чухалчилдаг. 

Гадаадад сурахыг хүсэж надад хандаж байгаа хүүхдүүдийг аль болох зөв чиглүүлж эртнээс бэлдэх, өөрт байгаа мэдээллийг хуваалцаж тэдэнд чадах чинээгээрээ туслахыг хичээж байна даа. 

-Гадаадад сурах зорилготой хүүхдүүд хэзээнээс эхэлж бэлдэх хэрэгтэй вэ. Цаг хугацаагаа нарийн төлөвлөх нь чухал алхмуудын нэг байх, тийм үү?

-Америкийн сургуулиудад тэтгэлэгтэй тэнцэхэд 12 дугаар ангиас эхэлж бэлдэх нь дэндүү оройтдог учир ахлах сургуульд орсон цагаас эхлээд удаан хугацааны турш тууштай бэлдэх хэрэгтэй. Үүнд:

  • Есдүгээр ангиасаа сайн дурын ажлыг олон чиглэлээр хийх ёстой.
  • 10 дугаар ангид орсныхоо дараа IELTS, TOEFL, SAT-ын шалгалтыг өгөх ёстой. Үүнийг 12 дугаар ангиас бэлдэж эхэлбэл оройтно.
  • 11 дүгээр ангиас эхлээд конкурст шууд бэлдэнэ.

Манайхан хүүхдээ 12 дугаар ангид оронгуут нь “Одоо гадагшаа сургуульд бэлдье” гэдэг. Яг үнэндээ хэтэрхий оройтсон байдаг.

Есдүгээр ангийн хүүхдүүдэд зөвлөхөд:

Дүнгээ сайн байлгах ёстой. Яагаад гэвэл есдүгээр ангиас 12 дугаар анги хүртэлх бүх дүнг Америкийн их сургуулиуд шаарддаг.

-Тэгвэл сайн дурын ажлыг хэдхэн газраар хязгаарлахгүйгээр ямар аргууд байж болох вэ? 

-Хаанаас сайн дурын ажил олж хийхээ мэдэхгүй бол өөрсдөө зохиогоод хийчих гэж хүүхдүүдэд хэлдэг. Өөрсдөө л бусдын төлөө хийж байгаа сайн үйл болгон чинь сайн дурын ажил байж болно.

-Таны хувьд энэ жил Америкийн сургуульд бэлдэхээр хэдэн хүүхдийг сонгон шалгаруулж авсан бэ. Түүнчлэн ямар гол шалгуурыг тавьсан бэ? 

-Нуулгүй хэлэхэд IELTS, SAT оноотой эсэхийг сонирхоогүй.

Хамгийн гол нь тухайн хүүхэд гадаадын их, дээд сургуульд сураад эх орондоо эргэж ирэх эрмэлзэлтэй байна уу, үгүй юу гэдгийг харсан. Өөрөөр хэлбэл сурсан мэдсэнээ эх орондоо буцаагаад өгөх үү? гэдэг нь чухал байлаа. Тиймээс хүүхдийн зорилго, хандлагыг илүүд үзэж ярилцлагад оролцсон хүүхдүүдийн 1/3 орчимтой тулж ажиллахаар сонгож авсан.

-Тухайн хүүхдийн хандлагыг нэг удаа ярилцаад мэдэж болох уу?, Хүний хандлага яаж мэдрэгдэж байна вэ?

-Зөв хандлагатай хүн андашгүй мэдрэгддэг юм. Ээж, аав нь зөв хандлагатай бол хүүхэд нь ч гэсэн гарцаагүй тийм байдаг.

Хаалгаар орж ирж байгаа тэр  мөчөөс эхлээд л тухайн хүүхдийн хандлага харагдана даа. Хамгийн наад зах нь мэндлэхээс эхэлнэ, дууны өнгө, биеийн хэлэмж гэх мэт.

-Орчин үед дэлхийн шилдэг сургуулиуд ч, ажлын байр ч хүний хандлагыг хамгийн түрүүнд хардаг болжээ. 

-Тийм шүү. Үүний зэрэгцээ их сургуулиудын элсэлтийн шалгуурууд ч ямар нэгэн байдлаар хүүхдийг бие хүн болон төлөвшиж сайн хүн болоход нь чиглэгдсэн  байдаг.

Манай Монголд шалгалтын оноогоор л тухайн хүүхдийн хувь тавиланг шийдээд байх шиг санагддаг.

Гэтэл гадаадын сургуулиуд ганцхан шалгалтын оноогоор биш өөр хүчин зүйлсийг хардаг. Сүүлийн үед Soft skill буюу зөөлөн ур чадварыг илүүтэй хардаг болсон.

-Хүүхдүүд мэргэжил сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ. Нийтийг даган дуурайх хандлага ямар сөрөг үр дагавартай вэ? 

-Сэтгэл хөдлөлөөр трэнд дагаж мэргэжил сонгох хандлага их ажиглагддаг.

Хүмүүс аль мэргэжлийг илүү сонгож байна вэ гэдэгт биш хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх тэр мэргэжлүүд бол шинжлэх ухааны чиглэлийнх.

Америкийн сургуулиуд шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа хүүхдүүдэд илүү их тэтгэлэг олгодог.

-Монголд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр гадаадад суралцаад эргээд эх орондоо хүчээ өгөх боловсон хүчнийг бэлдэх нь хамгийн чухал гэдгийг Таны ярианаас ойлголоо. 

-Тийм ээ. Өөрөөр хэлбэл хаана ямар мэргэжилтэн, ямар боловсон хүчин хэрэгтэй байна түүнийг олж харах ёстой. Ингэж бэлтгэгдэж чадсан хүмүүс Монгол Улсыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь мэдсэн сурснаа эх орондоо зориулах нь маш чухал.

 

-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.