Өмнөд Солонгосын нийслэлийн захиргаа оршин суугчдынхаа өдөр тутам замд зарцуулдаг хугацааны талаар явуулсан судалгааныхаа үр дүнг өчигдөр нийтэд танилцуулжээ.
2023 оны байдлаар Сөүл хотын оршин суугчид гэрээсээ ажил, сургуульд явахад нэг талдаа дунджаар 34.5 минутын хугацаа зарцуулсан байна.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 13.5 хувь нь нэг талдаа нэг цаг гаруй хугацаа зарцуулсан бол 4.5 хувь нь нэг цаг, 30 минут, 14 хувь нь хоёр цагаас дээш хугацаа зарцуулж байжээ.
Ажил, сургуульд хүрэх замд урт хугацаа зарцуулахын хэрээр амрах, нийгмийн харилцаанд орох цаг нь багасаж, амьдралын сэтгэл ханамж буурч байгааг энэ судалгаа харуулсан байна.
Замын нэг талдаа цагаас дээш хугацаа зарцуулдаг иргэд голдуу Янчон, Гандон, Ганбук, Добон зэрэг захын дүүргүүдэд амьдардаг нь харагджээ.
Өөрөөр хэлбэл Сөүлийн орон сууцны үнийн өсөлт иргэдийн ажил, сургуульдаа явах хугацааг уртасгах гол хүчин зүйл болж буйг судалгаа харуулсан байна.
2013 онд Солонгосын Зам Тээврийн Хүрээлэн замд зарцуулах цаг тутмын эдийн засгийн үнэлгээг сарын 940,000 вон ($676) гэж тооцоолж байв.
Өөрөөр хэлбэл ажил, сургуульд ирж очихдоо нийт хоёроос дээш цаг зарцуулдаг хүмүүс өөр бусад зүйлд зарцуулах хоёр сая орчим воны үнэлгээтэй баялгаа сар бүр алдаж байна гэсэн үг.
Солонгосын Төв Банкны судалгаагаар 2013 оны сүүлээс энэ оны тавдугаар сар хүртэл хугацаанд Сөүл хотын орон сууцны үнэ 112.3 хувиар өссөн байна.
Харьцуулбал үндэсний хэмжээнд энэ өсөлт 42.9 хувьтай байжээ.
Хотын төвд орон сууц худалдаж авахад хэцүү болсон хүмүүс захын дүүргүүдэд амьдарснаар амьдралын чанар муудаж байгааг дээрх судалгаа харуулж байна.
Үл хөдлөх хөрөнгийн Dabang платформын мэдээллээс харвал Сөүл хотын 84 м.кв талбайтай орон сууцны дундаж үнэ энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1.32 тэрбум вон (₮3.3 тэрбум гаруй) байжээ. Энэ нь жилийн өмнөхөөс 1.2 хувиар өссөн үнэ юм байна.
Үндэсний хэмжээнд ийм талбайтай орон сууцны дундаж үнэ 602 сая вон буюу Сөүл хотынхоос 2.2 дахин бага байгаа юм.
Иргэдийн замд зарцуулдаг хугацааг багасгахын тулд тээврийн дэд бүтцийг өргөжүүлж, шинэ хурдны зам, хонгил зэргийг олноор байгуулах шаардлагатайг судлаачид зөвлөжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!