Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ

Б.Манлай
2025 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажил 2025 оны хавар эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар шон суурийн ажил бүрэн дуусаж, металл хийцийн угсралт эхэлжээ.

Төслийн хүрээнд Франц улсаас нийлүүлж буй нийт 150 чингэлэг тоног төхөөрөмжөөс 113 нь Т1–Т19 дугаартай тулгуур баганууд болон хоёр буудлын тоног төхөөрөмжийг агуулсан эхний ээлжийн 67 чингэлэг ачааг төслийн талбайд буулгасан байна.

"Пома" группийн төслийн талбайн инженер Жоан Антониноор ахлуулсан угсралтын баг тулгуур баганын металл эд ангиудын холболт хийж гүйцэтгэсэн бөгөөд үндсэн тулгуур баганыг суурилуулах ажил ирэх долоо хоногоос эхэлнэ.

зураг
 

Харин төслийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн хоёрдугаар шугамыг 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар төлөвлөсөн. Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарсан. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, хүн амын нягтаршилтай бүсүүдийг холбох, жуулчдын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.

Дүүжин замын тээвэр төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна. Нийтийн тээврийн салбарт олон улсын жишигт нийцсэн, байгальд хоргүй, шинэлэг шийдлийг нутагшуулахад чиглэж буй энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Сануулахад агаарын дүүжин тээврийн төслийг Францын Засгийн газрын нийт 316 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Ингэхдээ эхний шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтад 148 тэрбум төгрөгийг зарцуулах аж.