Дүүжин тээвэр төслийг Франц улсын Засгийн газрын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд тус улсын "Пома" групп ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Эхний шугам буюу Яармаг-Хархорин худалдааны төв чиглэлийн бүтээн байгуулалтад 148 тэрбум төгрөгийг зарцуулна гэж буй.
Энэхүү чиглэлийн 4.2 километр замын тулгуур баганыг суурилуулах ажлыг 2025 оны гуравдугаар сарын 10-нд эхлүүлж байгааг өмнө нь мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар тус чиглэлд баригдаж байгаа дүүжин замын тээврийн тулгуур багануудын шон суурийн өрөмдлөг, арматурчлал, бетон цутгалтын ажил бүрэн дуусаж, баганыг холбох хавтан суурийн ажил эхэлжээ.
Нэгдүгээр шугамын дагуу нийт 19 тулгуур баганыг суурилуулах ба тухайн баганууд нь газрын байршил, геологийн онцлогоос хамааран 6.45-42 метрийн өндөртэй байна.
Яармаг, Арцат талын нэг га талбайд 98 кабины гарааш, засварын цех, авто зогсоол байгуулах бөгөөд барилга угсралтын ажил ийнхүү эхэлснийг төслийн нэгжээс өнөөдөр/2025.05.14/мэдээллээ.
Энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгах төлөвлөгөөтэй тус төсөл хэрэгжсэнээр оргил цагийн үед 2-3 цаг зарцуулдаг Яармаг-Өнөр хорооллын хооронд ердөө 11 минутын дотор явна гэж тооцоолжээ.
Нэгдүгээр шугамын техникийн үзүүлэлт:
Трассын урт: 4.2 км
Хамгаалалтын радиус: 15 м2
Тулгуур баганын өндөр: 7.5-42м
Цамхгийн тоо: 19
Тээвэрлэх хурд: 6 м/с
Салхины тэсвэрлэлт: 70 км/ц
Хүчин чадал: 2,400хүн/ц
Зогсоолын хэмжээ: 30x30 м
Кабины багтаамж: 10 зорчигч
Аялах хугацаа: 11 минут.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
|