Өнгөрсөн долоо хоногт Токио хотод зохион байгуулагдсан тэмцээний үеэр Японы хоёр боксчин тархиндаа авсан хүнд гэмтлийн улмаас дараалан амиа алдсан юм.
Өчигдөр буюу Мягмар гарагт Японы Мэргэжлийн Боксын Холбоо (JPBA), Японы Боксын Комисс (JBC) болон клубүүдийн эздийн оролцсон шуурхай хуралдаанаас тамирчдын аюулгүй байдалтай холбоотой дүрэм журмыг чангатгах шийдвэр гарчээ.
Наймдугаар сарын 2-ны өдөр Токиогийн Коракуэн ордонд болсон хоёр тусдаа тэмцээний үеэр хөнгөн жингийн тамирчин Шигетоши Котари, хагас хөнгөн жингийн тамирчин Хиромаса Уракава нар тархиндаа хүнд гэмтэл авч, улмаар хэд хоногийн дараа амиа алдацгааж байв.
Тэдний хэн хэн нь 28 настай байсан юм.
Боксчдын үхлийн шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байгаа ч шингэн алдалт нь тархийг цус алдалтад өртөмтгий болгодог гол хүчин зүйл гэж Дэлхийн Боксын Холбоо үздэг.
Тиймээс өчигдөр Японы боксын спортын албаныхан тамирчдын шингэн алдалтын түвшнийг шээсээр нь хэмжих, хурдан жин хасахтай холбоотой зохицуулалтыг чангатгах зэрэг арга хэмжээг нэн тэргүүнд авахаар болжээ.
Бас дэлхийн аваргын бус тэмцээнүүдийн үеэр түргэн тусламжийн автомашиныг бэлэн байлгах, тархины мэс заслыг яаралтай гүйцэтгэх эмнэлгүүдтэй тохиролцох зэрэг арга хэмжээг авахаар болсноо JBC комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Цуёши Ясүкочи мэдээлсэн байна.
Үүнээс гадна тулааны өмнөх бэлтгэлийн хугацаанд хязгаар тавих боломжийг судалж эхэлжээ.
“Oriental and Pacific Boxing Federation” холбооны тэмцээнд 12 үе тоглосныхоо дараа Котари ухаан алдаж унасан юм.
Үүний дараа JBC энэ тэмцээний үеийн тоог 10 болгон бууруулж байв.
JBC, JPBA хоёр энэ сарын сүүлээр тамирчдын аюулгүй байдлын сэдвээр сонирхогчдын боксын холбоо болон эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан бас нэг хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!