ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэр бүлээс гадуурх харилцаанд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй”

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 11 сарын 13
iKon.MN
 

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа билээ. Нийгмийн хамгийн бага нэгж болох гэр бүлийн асуудлыг зохицуулах хуулийг хэрхэн шинэчилж, юуг нэмж тусгаж байгаа талаар Хүн Амын Хөгжил Нийгмийн Халамжийн Яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгайтай ярилцлаа. 

-Одоо мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хууль өнөөгийн амьдралд хэр нийцэж байгаа вэ. Шинэчилсэн найруулгыг өргөн барих шаардлага нь юу байв? 

-Гэр бүлийн тухай анхны хууль 1996 онд батлагдсан Тэр үеэс хойш нэмэлт өөрчлөлт бараг ороогүй гэж хэлж болно. Энэ хууль маань нийгмийн хөгжлийнхөө шатыг дуусгачхаад байгаа гэж хэлж болно. 

Нийгмийн өөрчлөлт маш хурдацтай явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор уг хууль нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй болоод байгаа юм. Тиймээс зайлшгүй шинэчлэгдэх ёстой гэж үзээд Засгийн газраас уг хуулийн төслийг өргөн барьсан. Нийгмийн хэрэгцээний шаардлага талаас нь харах юм бол нийгэм хурдацтай өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлийн харилцаа, хэлбэр маш их өөрчлөгдөж байна. Гэр бүлүүд залуужихын зэрэгцээ гадны гэр бүлийн соёл, нөлөө орж ирж байгаа, дээр нь бэлгийн чиг хандлагатай холбоотой хүйсийн эрхийн асуудлууд урган гарч байна. Энэ бүх зүйлүүд нь Гэр бүлийн хуулийг өөрчлөх нийгмийн хэрэгцээг зайлшгүй бий болгож байгаа юм. 

Солонгост гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байсан ч хэрэгжээгүй 

Практик шаардлагуудын хувьд гэр бүл салалт буурахгүй байна. Жилд дунджаар 17-18 мянган хүн гэрлэлтээ бүртгүүлж байхад 3,500 орчим нь гэр бүлээ салгаж байдаг. Гэхдээ салалтын прогнозыг аваад үзэхэд салалт жаахан буурах хандлагатай байгаа. Энэ хуульд өмнө нь байгаагүй  хэд хэдэн шинэ зүйлийг оруулж өгсөн. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэж нэрлэсэн. 

-Өмнө нь хуульд тусгаагүй ч бидний амьдралд байсаар байгаа хуулиар зохицуулагддаггүй асуудлууд бий. Жишээ нь, гэр бүлээс гадуурх харилцаа, хамтран амьдрагч нарын асуудлыг шинэ хуулийн төсөлд тусгасан гэсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Хэд хэдэн шинэ нэр томьёо орж ирж байгаа. Тухайлбал, хамтран амьдрагчийг хуулийн төсөлд тодорхойлсон байгаа. “Өмнө нь огт гэрлээгүй, эсвэл гэрлэлтээ албан ёсоор  цуцлуулсан эрэгтэй эмэгтэй 2 хүн гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хэлбэрийг хамтран амьдрагч гэнэ” гэж тодорхойлсон. Гэр бүлээ  бүртгүүлсэн эсвэл гэр бүлээ цуцлуулаагүй хүн хамтран амьдрагч гэдэг асуудалд яригдахгүй гэсэн үг. 

-Гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон бол хариуцлага хүлээлгэдэг болох нь, Солонгос кинон дээр гардаг шиг юм боллоо гэх мэт мэдээлэл цацагдах боллоо. Гэр бүлээс гадуурх харилцаа гэдэг зүйлийг энэ хуульд хэрхэн тусгасан бэ?

-Солонгосын хуулийг бид судалж үзсэн. Солонгосын хуульд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх санкцтай юм билээ. Гэхдээ энэ нь хэрэгжээгүй. Хэрэгжихгүй явсаар байгаад 2013 онд энэ хуулиа хүчингүй болсон. Яагаад хэрэгжээгүй юм гэхээр гэр бүлээс гадуур харилцааны баримт нотолгоо хүн болгонд үүсэх гээд байсан. Бараг л Солонгос даяараа хөдлөх болсон юм байх. Тэгээд хэрэгжээгүй. 

Харин бид гэр бүлээс гадуур харилцаа бол тухайн хүний ёс зүйн асуудал гэж үзсэн. Торгоод, орон шоронд оруулаад байхыг хариуцлага гэж үзээд байдаг. Гэвч энэ бол эцсийн шат. Тэрнээс өмнө хариуцлага гэж юм бий. Гэр бүлээс гадуурх харилцааны асуудлыг энэ хуулийн 13.1-д оруулж өгсөн. Тэнд “Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс нэг ам бүлд хамтран амьдарч  байгаа хэр нь өөр этгээдтэй эр эмийн харьцаа тогтоох нь хүүхдийн эрхийн зөрчил гэж үзнэ” гэж заасан.  Үүнийг бид өшөө боловсруулж найруулж байгаа. Энэ асуудал хүүхдийн эрхийн асуудал биш юм байгаан. Энэ бол гэр бүлийн харилцаан дахь ёс зүйн зөрчил юм. 

-Энэ заалтаас харвал гэр бүлээс гадуурх харилцаанд хүүхэд хохирч байна гэж харуулахыг зорьсон юм уу даа. 

-Тэр талаасаа байсан. Гэхдээ хүүхдээр түрий барьж болохгүй. Ажлын хэсгийн гишүүний хувьд би үүнийг гэр бүлийн харилцааны асуудал гэж харж байгаа. Гэр бүл бол ёс зүйн зарчим дээр тогтдог. Үнэ цэнэ нь ердөө тэнд л байдаг. Тэр бүгдийг хуулиар зохицуулж болдоггүй. Ямар нэгэн байдлаар алдаа гаргасан бол эхнэр, нөхрөөсөө уучлал гуйдаг ч юм уу ийм л асуудлаар шийдэгдэнэ. 
Түүнээс биш хуулинд оруулах юм бол Солонгосын хууль шиг болоод эцэст нь замхраад дуусна. 

-Тэгэхээр гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон бол ямар нэгэн хуулийн хариуцлага тооцохгүй гэсэн үг үү?

-Тийм. Хуулийн санкц бол байхгүй. Ёс зүйн хариуцлагын асуудал яригдах юм. 

-Шинэчилсэн хуулийн төсөлд өөр ямар шинэ зүйлүүдийг тусгасан бэ? 

-2-3 төрлийн гэр бүлийн гэрээг хуульд тусгасан байгаа. Энэ заалтаар ихэвчлэн өмч хөрөнгийн маргааныг шийдвэрлэнэ.  

Жишээ нь тусдаа амьдрах гэрээ гэж байгаа. Энэ гэрээ ямар учиртай гэхээр гэр бүл болсон 2-ын нэг нь гадаад руу урт хугацаагаар явлаа гэхэд энэ гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж болох юм. Гэрээгээ нотариатаар батлуулбал аль аль талдаа нотлох баримт болно. Нөхөр сард тэдэн төгрөгийн цалин аваад тэдийг нь гэр рүүгээ шилжүүлнэ, хүүхдээ яаж тэтгэж байх уу, эхнэр нь жирэмсэн бол төрснийх нь дараа хүүхдэдээ хэдэн төгрөг шилжүүлэх үү гэдгээ хүртэл гэрээнд нарийн тусгаж болно.

Энэ гэрээнүүд бол гэр бүлийг хариуцлагатай болгох арга юм л даа. Гэр бүл салалт, маргаанаас болж эмэгтэйчүүд, хүүхэд л хохирдог. Дээрх гэрээнүүдийг оруулснаар аль аль тал нь хохирохгүй, гэрээ хийсэн нөхөр ч хариуцлагатай болно. 

-Энэ гэрээнүүдийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх үү?

-Нэгэнт гэрээ байгуулаад нотариатаар батлуулсан тохиолдолд тэр нь шүүхэд нотлох баримт болох юм. Шүүхийн дагуу шийдвэр гаргуулах боломж үүснэ гэсэн үг. Нөхөр нь сар бүр цалингийнхаа 75 хувийг шилжүүлж байна гээд гэрээ байгуулаад тэрийгээ биелүүлээгүй бол шүүх албадан гаргуулах бүрэн эрхтэй болж байгаа юм. 

Мөн ургийн бичиг 9 үеэрээ заавал хөтлөх асуудлын хуульд тусгасан. Энэ нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, цус ойртох зэргээс сэргийлж байгаа юм. 

-Ургийн бичиг хөтлөх үүрэг хүлээлгэж байна гэсэн үг үү ?

-Иргэн, гэр бүл ургийн бичиг хөтлөх үүрэг хүлээж байгаа гэсэн үг. 

-Энэ хуульд эцэг эхийн харилцаатай холбоотой олон заалт тусгасан юм байна. Хүүхдэд хамаатай, эрхийг нь хамгаалах чиглэлээр ямар заалт шинээр болон нэмж оруулж байна вэ?

-Энэ хуулийн 35 дугаар зүйлд хүүхдийн өмчлөх эрхийг тусгасан байгаа. Өмнө нь гэр бүл саллаа гэхэд хүүхдэд ногдох зүйл байгаагүй. Шүүхийн шийдвэр эцэг эхийн алиных нь талд гарна хүүхэд дагаад л явдаг байсан. 

Өмчлөх эрхийг нь баталгаажуулснаар хүүхэд газар өмчилж болно. Цаашлаад хувьцаа лиценз, патент ч эзэмшиж болно. 

Гэр бүлийн хуулиас гадна Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль гээд бие даасан хоёр багц хууль гарч байгаа. Хоорондоо уялдаатай гурван хууль юм. Хүүхэд, гэр бүлтэй холбоотой нийт таван хууль өргөн барьснаас хоёр нь батлагдаад байгаа.

Мэдээлэл хүргүүлэх тухай журмын тухай НҮБ-ын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд баталсан. Энэ хууль батлагдсанаар хүүхдийн өргөдөл гомдлыг Монгол Улс шийдэж чадахгүй бол НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хандах эрхтэй болж байгаа юм. Ингэснээр Монгол Улс дахь хүүхдийн эрхийн асуудал олон улсад нээлттэй харагдана гэсэн үг. 

-Хүүхэд үрчлэх асуудалд нэлээд шинэчлэл оруулсан гэсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу? 

-Хүүхэд үрчлэх эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргадаг байсан бол шүүх гаргадаг болж шинэчилж байгаа. Өнөөдрийн хуулиар яагаад, ямар шалтгаанаар хүүхэд үрчилж байгааг тодруулах нөхцөл байхгүй, дуртай хүнд нь үрчлүүлдэг. Цаанаа ямар зорилго байгааг мэдэх аргагүй. 

Гадаад үрчлэл өнөөдөр зөвхөн журмаар зохицуулагдаж байгаа. Манай яамны Хүүхэд үрчлэлийн зөвлөлөөр ороод эцсийн шийдвэрийг нь Иргэн харьяатын асуудал хариуцсан газраас гаргаад явуулчихдаг. Энэ хуулиар гадаад үрчлэлийг мөн шүүхээр шийдүүлдэг болно. Ингэснээр хүүхдийг хил давуулан худалдах зэргээс сэрэмжилж байгаа юм.