ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Найдандорж: “Ромео, Жульетта”-г би үзэгчийн нүдээр харна

Ч.Гантулга
2015 оны 10 сарын 31
Зууны мэдээ
Зураг зураг

УДЭТ-ын хамт олон өвөл цагийн үзвэрийн нээлтээ алдарт “Ромео, Жульетта” жүжгээр нээх гэж байна. Тус жүжиг 1966 онд С.Гэндэн, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар Монголын тайзнаа амилсан билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржтой энэ тухай ярилцлаа.

-Театр хөл хөдөлгөөн ихтэй байна. Магадгүй “Ромео, Жульетта” жүжигтэй холбоотой байх?

-“Ромео, Жульетта” жүжиг Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа амилах гэж байна. Жүжгийг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, залуу жүжиг­чид гол дүрийг бүтээнэ. Бэлтгэл 80 хувь хангагдсан. Жүжгийн дуу болон тайз бэлэн болчихлоо.

-Жүжгийг удахгүй хяналтаар оруулна гэж байсан?

-Бид шинэ бүтээлээ үзэж, театрын хяналтаар ярилцаж байж үзэгчдэд хүргэдэг. Үүний дагуу тус жүжиг удахгүй хяналтад орно. Театрын удирдлага, найруулагчид үзэж санал бодлоо хуваалцдаг юм.

-Энэ удаагийн бүтээлд таны оролцоо хэр байна?

-Одоогоос дөрвөн жилийн өмнө би театрын ерөнхий найруулагч байсан юм. Тухайн үед Н.Наранбаатар миний өрөөнд ирээд “Найдаа ах аа би таниас нэг зүйл гуйж, зөвшөөрөл авмаар байна. Би “Ромео, Жульетта”-г хийх гэсэн юм болох уу” гэж байсан.

Тэгэхээр Н.Наранбаатар энэ жүжгээр олон жил “өвчилсөн” байх. Тиймээс залуу халуун, чадалтай найруулагчийн сэтгэл рүү би “мэс” барьж дайраад яахав. Үүнээс гадна би найруулагчдаа итгэж байна. Олон бүтээлээрээ мэргэжлийнхний болон үзэгчдийн итгэлийг олсон хүн.

Н.Наранбаатар энэ хэмжээний жүжгийг энэ үед хийж чадахаар хангалттай бяд суусан найруулагч. Тиймээс энэ хүнд миний зөвлөгөөнөөс илүү итгэл чухал гэж бодсон. Жүжгийг би үзэгчийн нүдээр харна.

-“Ромео, Жультта” таны театрт ирээд тавьсан анхны бүтээл. Тухайн үед залуу найруулагчийн хувьд их зоригтой алхам хийжээ?

-Би 1992 онд найруулагчийн сургууль төгссөн. Тухайн үед театрын даргаар А.Таяа гуай ажиллаж байлаа. Манай театрыг олон жил удирдсан даа. Намайг Соёлын төв өргөөнд анх “Худалч эхнэр” жүжиг тавьсныг минь үзээд “Би Монголын театрыг олон жил толгойллоо. Надад найруулагчдыг шалгадаг гурван шалгуур бий.

Нэгдүгээрт, сонгодог жүжиг хийж чадаж байна уу. Хоёрдугаарт, инээдмийн жүжиг хийж чадаж байна уу. Гуравдугаарт, том хэмжээний жүжиг хэрхэн хийж байна гэдгийг нь хардаг. Чи ямар ч байсан инээдмийн жүжгийг нь хийчихлээ. Бусад хоёрыг нь би харна даа” гэж хэлж байсан. Энэ үг миний сэтгэлд гүн үлдсэн.

Өнөөдрийг хүртэл би А.Таяа даргын гурван шалгуурыг давах юмсан гэж бодож ажилладаг. Тиймээс “Худалч эхнэр”-ийн дараа сонгодог бүтээл хийх ёстой, юу хийх вэ гэж их бодсон. Харин 1993 онд СУИС-д багшаар очоод 1994 онд өнөөгийн Л.Баттулга, Б.Баатархүү, Ш.Доржсүрэн нарыг гуравдугаар дамжаанд байхад нь “Ромео, Жульетта”-г анх тавьсан юм. Тэр үеэс театрт энэ жүжгийг тавина гэж зорьсон.  

-Жульеттад эхнээсээ И.Одончимэг гавьяатыг тоглуулна гээд харчихсан байсан гэж та ярьж байсан?

-Тэр үед театрт И.Одончимэг ид мандаж явсан үе. Авьяастай, туршлагатай, мэдрэмжтэй. Үнэнийг хэлэхэд тухайн үед надад тоогдсон ганц жүжигчин л дээ. Хэдийгээр би театрын найруулагч биш ч очиж жүжиг үзэх бүртээ Одноог тоглуулна гэж боддог байсан. Таргалчихсан байвал сэтгэлээр унаад л, эргээд ирэхэд турчихсан байвал нууцхан дотроо баярладаг байлаа.

Ингэж, энэ жүжгийн тухай бодлыг тээж явсаар 1995 онд театрт найруулагчаар ирээд, жүжгээ тавьсан. Тухайн үед үзэгчид, театрынхан намайг жүжигчин гэдгээр минь л мэддэг байлаа. Найруулагчаар ирээд анхны зоригтойгоор барьж авсан бүтээл минь “Ромео, Жульетта”.

-Энэ том бүтээлийг найруулна гэхээр залуу хүний хувьд жаахан туршлага хуримтлуулъя гэсэн бодол танд төрөөгүй юм уу?

-Өнөөдрийн Н.Наранбаатар найруулагч шиг туршлага надад байгаагүй. Ямар сайндаа гавьяат жүжигчин С.Дамдин миний өрөөнд орж ирээд “Би Л.Ванган, С.Гэндэн, Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж зэрэг Монголын театрын бүх найруулагчтай ажиллаж үзсэн. Чамайг найруулагч гэдгийг ах нь мэдэхгүй ээ” гэж байсан удаатай.Энэ үг миний хувьд маш том сорилт байсан юм. Үүнийг дагаад энэ жүжгийг тавих хүсэл, эрмэлзэл минь илүү ассан.

-Тухайн үед Хүүхэд залуучуудын театрт энэ жүжгийг тавих гээд уран бүтээлчид нь бэлтгэлдээ орчихсон байсан гэж ярих юм билээ?

-Хүүхэд залуучуудын театрын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа энэ жүжгийг тавих гээд дүрээ хуваарилаад, тайзны зургаа хүртэл гаргачихсан байсан үе. Тайзыг нь “Боролдой” Мягмар зурж байсан юм. Гэтэл надад энэ жүжгийг тавих олон жилийн мөрөөдөл байдаг.

Тэгэхээр нь 1995 оны Цагаан сарын шинийн 3-нд хадаг бариад И.Нямгаваа найруулагч дээр очсон. Ашгүй театрынхан нь золголт хийгээд бүгд байж таарсан. Намайг хараад “Драмын театрт Ч.Найдандорж очсон гэж сонссон. Бүр Ромео, Жульеттаг тавих гэж байгаа гэл үү” гээд л. Хүмүүсийн ярианаас мэдчихсэн байсан юм билээ. Би ёс суртахууны хувьд хүндэлж явдаг найруулагчаасаа зөвшөөрөл авах гэж очсон юм. Харин Гаваа найруулагч “Тэг, тэг хий. Танай театр мэдээж сонгодог хэлбэрээр нь тавина биз. Бид бол өөрөөр хийнэ” гэж надад хэлсэн.

-Гэхдээ И.Нямгаваа найруулагч энэ жүжгийг тавиагүй шүү дээ?

-Хүүхэд залуучуудын театрынхан жүжгийг илүү монголчилж тавихаар бэлдэж байсан юм. Жүжиг гэр барьж буйгаар эхэлж, эцэст нь гэрээ барьж дууссанаар төгсөнө. Энэ хооронд өнөөх бамбай, тулалдааны зэвсэг нь гэрийн унь, хана байх жишээтэй. Гэхдээ бололцоо нь болоогүй ч юм уу И.Нямгаваа найруулагч бодсоноороо жүжгээ тавьж чадаагүй. Тэр хүний толгойд энэ жүжиг бүтнээрээ орчихсон байх тэр үед нь би театрт “Ромео, Жульет­та”-г сонгодог хэлбэ­рээр нь тавьсан түүхтэй.

-Та түрүүн дүр сонголтын тухай ярьсан. Харин О.Гэрэлсүх жүжигчний хувьд театрын жүжигчин биш байсан. Яагаад түүнийг тоглуулахаар шийдсэн юм бэ?

-Театрт Ромеод тоглохоор бяртай жүжигчин олон байсан. Гэхдээ миний сэтгэл дотроо харж, хайж байсан Ромео байгаагүй. Энэ жүжгийг хоёр баг тус, тусдаа бэлдсэн. Нэг нь Г.Урнаа, Г.Алтанбагана тэргүүтэй жүжигчид байлаа. Би хоёр группээ жүжиг нээтэл хооронд нь өрсөлдүүлж байгаад сүүлд нь хольсон. Уран бүтээлч бүхэнд эхний тоглолт үнэтэй байдаг шүү дээ. Ялангуяа, энэ жүжгийн анхны гараанд гарах нь жүжигчин бүрийн мөрөөдөл. Тиймээс хөшиг нээх эхний үзвэрийн өмнө би урлагийн харгислал хийж, олон жүжигчнийг гомдоосон. Гэхдээ энэ нь чанартай бүтээл үзэгчдэд хүргэхийн төлөө байсан юм.

Харин анхны үзвэрээс хойш энэ хоёр групп ээлжилж тоглосон. Би СУИС-д багшилж байх үеэсээ О.Гэрэлсүхийг мэддэг ч эхэндээ анзаараагүй. Жульеттагаа олчихоод байдаг. Жүжиг хийх хүсэл зорилгоороо тэнхимийн багш нартайгаа их ярилцдаг байсан. Гэтэл манай сургуулийн тайзны хөдөлгөөний багш байсан н.Хандсүрэн “Би эмэгтэй хүнийхээ хувьд харахад Ромеод дөрөвдүгээр дамжааны О.Гэрэлсүх л тохирох юм шиг ээ” гэж хэлсэн. Энэ үеэс би О.Гэрэлсүхийг “ангуучилж”, анхааралдаа авлаа. Хийсэн ажил бүрийг нь үзэхэд яг л миний хайсан Ромео мөн шүү. Тэгээд л төгсөх жил нь жүжигтээ тоглуулсан юм.

-Н.Наранбаатар найруулагч жүжгээ илүү орчин үед нийцүүлж тавьж байгаа гэж сонссон. Харин та жинхэнэ сонгодог хэлбэрээр нь найруулсан байдаг?

-1996 он гэдэг XX зууны төгсгөл. Харин XXI зуунд бол өөр. Намайг “Ромео, Жульетта”-г тавьж байх үед дэлхий нийтээрээ жүжгийн зохиолыг хасах, өөрчлөх эрх хумигдмал байсан. Харин одоо уран бүтээлчдийн жүжгийн зохиолд хандах хандлага харьцангуй өөрчлөгдөж, чөлөөтэй болж. Тиймээс Н.Наранбаатар найруулагч илүү зоримог алхмуудыг хийж байгаа.

-1996 онд тайз их өвөрмөц байсан гэж тухайн үеийн үзэгчид ярьдаг. Тайзаараа та юу илэрхийлэхийг хүссэн бэ?

-Жүжгийн тайзыг нэрт зураач Я.Санжаасүрэн хийсэн. Украинд театрын зураачаар мэргэжил эзэмшсэн, чадварлаг уран бүтээлч байсан. Гол шийдэл нь дурлалын ариун сүм. У.Шекспир энэ жүжгээрээ хүн төрөлхтөнд дурлалын ариун сүм буюу “Ромео, Жульетта”-г тунхагласан. Тайзан дээр гурван талтай, гурвалжин сүм босгосон. Үүнийг тойроод  амьдрал, хайрын гурвалжин, үйл явдал өрнөдөг. Харин энэ удаагийн жүжгийн тайз өөр. Энэ жүжгээр бид театрын урлагт тайзны шинэ шийдлийг авчрахаар ажиллаж, халаасаа сэгсэрч сууна. 

-Тухайн үед жүжиг ямар төсвөөр бүтсэн бэ?

-Аливаа уран бүтээл босоход санхүү хамгийн чухал. Захиргааны хурал дээр би “Ромео, Жульетта”-г хийнэ гэхэд өнөөдрийн манай театрын захирал байгаа Д.Цэрэнсамбуу гуай орлогч дарга байсан юм. “Санхүүгийн хувьд бид ядуу. Гэхдээ мөнгөөр дутаахгүй гэдгийг би хариуцъя. Чи харин сайн жүжиг хий” гэж надад урам өгсөн.

1990 онд Ардчилал гараад, 1995 он гэхэд лангуу хоосорчихсон, хүмүүс Хятадаас хог түүж авчирч зардаг байсан. 

Дарга ч амлалтдаа хүрсэн. Үүний дараа би уран бүтээлийн шагнал гэж 150 мянган төгрөг авч байснаа санаж байна. Энэ жүжиг театрт тавигдсанаасаа хойш 10 гаруй жил дүүрэн үзэгчтэй тоглосон. Надад театрт оруулсан мөнгө чухал байгаагүй. Харин миний бүтээл үзэгчдэд хүрсэн нь хамгийн үнэ цэнэтэй байлаа. Өнөөдөр манай эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Гэхдээ бид байгаа зүйлээ бололцооныхоо хэрээр авч, дутсан зүйлээ тархиныхаа хэмжээгээр сэтгэж хийнэ гэсэн бодолтой байна.   

-Анх энэ зохиолыг уншихад танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Дэлхий нийтээрээ энэ зохиолыг мэднэ. Би Багшийн дээд сургуульд байхдаа анх уншиж байлаа. Тухайн үед “Отелла” жүжгийг Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж гайхалтайгаар театрт тавьчихсан байсан үе. Үүнээс ч өмнө У.Шекспир  Монголын үзэгчдийн үзэх дуртай бүхэл бүтэн ертөнц болчихсон шүү дээ.

-1990-ээд он бол Монголын нийгмийн хүнд, хэцүү, бараан үеийн нэг. Энэ үед гэгээ оруулах гол хүчин зүйлийн нэг нь “Ромео, Жульетта” байв уу?

-Би тухайн үед дөнгөж 30 нас гарч явсан үе. 1990 онд Ардчилал гараад, 1995 он гэхэд лангуу хоосорчихсон, хүмүүс Хятадаас хог түүж авчирч зардаг байсан. Амьдралын утга учир мөнгөөр хэмжигдэж, хүн бүрийн толгойд яаж мөнгөтэй болох вэ гэсэн ганцхан бодол эргэлдэж байсан шилжилтийн үеийг монголчууд туулж байлаа.

Энэ үед хүмүүс өөрийн сэтгэл зүрхний ариун нандин, үнэтэй бүхнийг мартаж, орхигдуулж, анзаарахаа больж эхэлсэн. Яг Монголын нийгмийн амьдралын эгзэгтэй үед бодлогоор энэ жүжгийг хийсэн юм. Хүнд ариухан зүйл байдаг. Хайр сэтгэл гэдэг юугаар ч сольж боломгүй эрхэм зүйл. Хүний хүсэл мөрөөдөл хүчтэй. Өшөө хонзон ямар аюултайг, мөнгөнөөс илүү хайр чухал гэдгийг энэ жүжгээр өгүүлсэн.  

-Харин одоогийн нийгэмд ...?

-Бид оюуны хувьд төөрөгдөлд, үл итгэх байдалд орчихоод байна. Юуг үнэ цэнэтэй, эрхэм бэ гэдэгт хүмүүс эргэлзэж байна. Хүүхэд залуус байтугай хөгшин би хүртэл юуны төлөө амьдраад байгаа юм бэ. Үр хүүхдүүдийг минь ямар ирээдүй хүлээж байна вэ гэж бодохоор эмзэглэх юм. Тиймээс жүжгийг ирж үзсэн хүн бүр энэ эмзэглэлийг зөвөөр хөглөх, амьдралын үнэ цэнийг мэдэрч, дурлал гэдэг чинь ямар гоё юм бэ гэсэн бодлыг тээгээд гараасай.

Эцэг эхчүүд нь хүүхдээ мөнгөөр биш жинхэнэ хайр дурлалаар нь суулгаж, залууст дурлал гэдэг ямар ариун сайхан юм бэ, ингэж дурлах юмсан, ямар амттай юм бэ гэсэн бодлыг төрүүлж чадвал манай хамт олны зорилго биелнэ. Бид араатан, амьтан, машин болох гээд байна. Хүн, хүн хэвээрээ дуусах ёстой. Өнөөдрийн нийгмийг эмчлэх эмгүй жор нь “Ромео, Жульетта” юм. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг