Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Энхтүвшин: Хүүхэд хамгийн их стресст өртдөг

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Сэтгэл хэмээх эрхтний өвчлөл, эмгэгүүдийн талаар БЗД-ийн ЭМН-ийн “Сэтгэц наркологийн диспансер”-ийн эрхлэгч,  Сэтгэл заслын эмч Р.Энхтүвшинтэй долоо хоног бүр тодорхой сэдвийн хүрээнд ярилцаж байгаа билээ.

Өмнөх долоо хоногуудад Амиа хорлолт болон Архинд донтох эмгэгийн талаар ярилцсан.


Энэ долоо хоногт Гэнэтийн цочролоос үүдэлтэй сэтгэлийн гэмтэл хэрхэн сэтгэлийн эмгэг болон хадгалагдан үлддэг талаар ярилцлаа.

-Гэнэтийн үйл явдлууд тохиолдоход хүмүүс цочролд орох  үед сэтгэл гэх эрхтэн маань ямар байдалд ордог талаар хэлж өгөөч?

-Сэтгэл гэнэтийн байдлаар маш хүчтэй цочролд орсноор сэтгэлийн гэмтэл авдаг. Энэ нь гамшиг байж болно, эсвэл хайртай дотны хүнээ алдах, хүнд нөхцөл байдалд орох гэх мэт. Сэтгэлийн гэмтэл авсан хүн айна, түгшинэ, нийгэмтэй дасан зохицох байдал алдагдана. Зарим хүн сэтгэлээр унаж, гуньж гутран, өөрөөсөө ичих, нойргүйдэх тохиолдол ч байдаг. Эдгээр сэтгэлийн таагүй байдал үргэлжилсээр сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгүүдээр өвдөж болно. 

Сэтгэл гэнэтийн байдлаар маш хүчтэй цочролд орсноор сэтгэлийн гэмтэл авдаг. 

Сэтгэл гэдэг эрхтэн маань  айдаг, цочирддог, түгшдэг. Ямар нэгэн зүйлээс айж түгшиж, цочирдсоноос болж стресстэй үеийн реакци буюу стрессийн хариу урвал илэрнэ. Энэ үед хүмүүс “Юу хийхээ мэдэхээ байгаад, амьсгал давчдаж, хоолой боогдоод, цээжин дээр юм дараад байгаа юм шиг боллоо” гэдэг. Энэ стрессийн хариу урвал хурц байдлаар илэрч байгаагийн шинж.

Айж байгаа нөхцөлөө арилгаж, аюулгүй байдлаа хангасан тохиолдолд айдас алга болно. Харин  эсрэгээрээ айж байгаа нөхцөл байдал, зүйлийг тайлж чадаагүй бол айдсын эмгэг болон хадгалагдаж үлддэг. 

-Сэтгэлийн гэмтлийг бага насандаа авбал тухайн хүндээ илүү хүндээр тусдаг гэж сонсож байсан? 

- Хүмүүсээс “Хэзээ хамгийн их хар дарж зүүдэлдэг байсан бэ?” гэж асуухад ихэнх хүн бага насаа дурсдаг. Цэвэр ариухнаараа байгаа хүүхдийн сэтгэл гэмтэх магадлал хамгийн өндөр байна. Сэтгэлийн гэмтлүүд бага насанд тохиолдох тусам гэмтлийн зэрэг өндөр байж, хадгалагдаж үлддэг. 

Жишээ нь: Нэг хүн бага насандаа цахилгаан шатанд гацаж байжээ. Тэгээд маш их айсан учраас түүнээс хойш цахилгаан шатанд суухаар л хамаг хөлс цутгаж, зүрх нь дэлсэж, амьсгал боогдоод амьсгалж чадахгүй болсон байдаг. Цахилгаан шатнаас л гарвал энэ зовууриуд нь алга болдог. Үүнийг цахилгаан  шатнаас айх айдас гэж нэрлэдэг. Үүнтэй адилхан маш олон төрлийн айдсыг эмгэгүүд байдаг. Өндрөөс айх айдас, нохойноос айх айдас, үзүүртэй юмнаас айх айдас, согтуу хүнээс  айх айдас, олны өмнө гарахаас айх айдас гэхчлэн хэдэн мянган айдсын эмгэгүүд байдаг. Энэ нь тухайн айдастай холбоотой ямар нэгэн сэтгэлийн гэмтэл авснаас үүдэлтэй. Цахилгаан шатнаас айж байна гэдэг нь сэтгэлийн гэмтэл авсны шинж тэмдэг. 

- Хүүхэд орчны  нөлөөллийг илүү мэдэрдэг гэсэн үг үү?

- Хүүхэд том хүнээс илүү мэдрэмтгий байдаг. Хүүхдийн сургууль, цэцэрлэгийг солих, орчныг нь өөрчлөхдөө хүүхэдтэй ярилцаж, зөвшөөрөл авах ёстой. Яагаад гэвэл сургууль, цэцэрлэгээ сольсноор хүүхдийн дотны найз нөхөд, хамт олон тэр чигээрээ солигдох үйл явц өрнөдөг. Зайлшгүй солих шаардлагатай болсон бол хүүхэдтэйгээ хамт үзэж, сонгох хэрэгтэй.

Хүүхэд том хүнээс илүү мэдрэмтгий байдаг.

Эцэг эхчүүд нь “Чи мэддэг юм уу?, одоохондоо чиний толгойг би мэдье” гэж загнаж байгаад л сольдог үе өнгөрсөн шүү.  Хүүхэдтэй ярилцаж, зөвшилцөж ойлголцохгүй бол орондоо шээнэ, хумсаа мэрнэ, хуруугаа хөхнө, компьютер донтон тоглох зэрэг төрх үйлийн өөрчлөлт илэрдэг.  Энэ бол сэтгэл нь гэмтсэний буюу стрессийн дасан зохицлын үеийн шинж. Ер нь бол 3-аас дээш насны хүүхэд орондоо шээж, тавгүйтээд байгаа бол ямар нэгэн байдлаар стресстэж байна аа л гэсэн үг. 

Хүүхэд эрүүл өсөж байгаагийн нэг том шинж бол эцэг эхийгээ шүүмжлэх явдал байдаг. Аав нь хэн нэгэнтэй утсаар ярьж байгаад худлаа хэлэхэд хүүхэд нь та яагаад худлаа хэлж байгаа юм бэ гэж хэлж чадаж байвал эрүүл өсөж байна гэсэн үг. Тэр үед нь үүнийг нь нухчин дарж болохгүй. Тэгвэл өөрийгөө илэрхийлэх чадваргүй болж эхэлдэг. 

- Эцэг эхдээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байх нь цаашид ямар сөрөг үр дагавруудыг дагуулах вэ?

- Сүүлийн үед охид тамхи татах нь ихсэж, архи пиво ердийн хэрэглээ болоод байна. Магадгүй үүний цаана сэтгэлийн гэмтэл нуугдаж байж болох юм. Сэтгэлийн гэмтлээ тайлж чадахгүй байгаа учраас буруу төрх үйлээр илэрч байгаа юм. Хүн гэдэг амьтанд чинь төсөөлөлд ч багтахааргүй олон төрлийн хэрэгцээтэй байдаг. Хүнд өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ, хөдөлмөрлөх хэрэгцээ, бусдаар үнэлүүлэх хэрэгцээ гэхчлэн олон хэрэгцээ байдаг. 

Хүний бие хамаг дархлааныхаа системийг өндөржүүлж байгаад стресстэй тэмцдэг. Ингэж явж байгаад үнэхээр дийлэхгүй болохоор дасан зохицож, туйлдал ядаргааны үед ордог. Энэ үед таван төрлийн шинж тэмдэг илэрнэ. 

  • Нэгдүгээрт, Бие махбодын шинж тэмдэг /зүрх дэлсэх, даралт ихсэх, гарын алга хөлрөх, хүзүү нуруугаар хөших, амархан ядрах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, нойрны хямралууд, амьсгал бачуурах/
     
  • Хоёрдугаарт, Сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг /уурлах, юманд их санаа зовох, тогтворгүй болох, эргэлзэх, өөртөө итгэлгүй болох, гэмших, гутрах/
     
  • Гуравдугаарт, Нийгмийн шинж тэмдэг /ажил сургуулиасаа таашаал авахаа болих, ажлаа олон солих, бусадтай харилцаа буурах, таарамжгүй болох, зохион байгуулалтгүй болох, бусдын хараат болох/
     
  • Дөрөвдүгээрт, Танин мэдэхүйн шинж тэмдэг /анхаарал сарних, мартамхай болох, анхаарал төвлөрүүлэх чадвар буурах, сэтгэн бодох чадвар буурах, шийдвэр гаргах чадвар буурах/
     
  • Тавдугаарт, Төрх үйлийн шинж тэмдэг /хүчирхийлэл үйлдэх, зөрүүд авирлах, архи тамхи болон бусад мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, янз бүрийн гаж зуршилтай болох,  өөрийн мэдэлгүй гэнэтийн үйлдэл хийх, албадмал хөдөлгөөн хийх/

- Сэтгэлийн гэмтлийг заавал сэтгэл зүйч, сэтгэл заслын эмчид хандаж эмчлүүлэх шаардлагатай юу?

-Сэтгэл зүйч дээр очих нь хамгийн зөв арга байх. Бас таныг хамгийн сайн ойлгодог итгэл даах, дотно хүмүүстэйгээ ярилцаж болно. Ийм юм болоод би айсан, түгшсэн гэдгээ хэлээд ярилцах хэрэгтэй. Гэхдээ заримдаа найз нөхдүүддээ, гэр бүлийнхэндээ хуваалцах боломжгүй, хувь хүний доторх, нууц асуудлууд байдаг. Эхнэр нөхрийн харилцаа, хүчирхийлэл, гэр бүлийн тогтворгүй байдал, бэлгийн асуудлуудыг найз нөхдөдөө ярихад их түвэгтэй. Бид багадаа “Үг дамжуулах тоглоом” гэж байдаг даа.  Нэг үг хэлэхэд явсаар байгаад тань дээр эргээд ирэхдээ шал өөр үг болсон байдаг. Үүнийг цуурхал гэдэг. Хүмүүс хэн нэгнээс авсан мэдээгээ өөртөө ашигтай, өөрийгөө дөвийлгөсөн, өөрийгөө гоёор харагдуулах гэсэн байдлаар эсвэл өөрийнхөө ойлгож чадах хэмжээгээрээ дамжуулдаг. Тиймээс мэдээлэл хувирч өөрчлөгддөг. Ийм асуудлыг сэтгэл зүйчид очиж ярих хэрэгтэй. 

Хүмүүс өөрийгөө ичгэвтэр байдалд оруулахгүй, нэр хүндээ алдахгүй тулд, хэн нэгэнд дорд үзүүлэхгүйн тулд асуудлаа нуудаг, дотогшоо хадгалдаг. Зүгээр л мартчихдаг гэж боддог. Гэхдээ мартагддаггүй.

Гэмтлүүд гадагшлахдаа бие махбодын зовууриудаар, айдсын, түгшүүр, улигт бодлын эмгэгүүдээр, нойргүйдлээр  илэрдэг.

Хүний тархийг ухамсарлахуй, ухамсарлахуйн дор оршихуй, үл ухамсарлахуй гэж гурван хэсэгт хуваадаг. Ухамсарлахуйд үүссэн сэтгэлийн гэмтэл мартахаар оролдоход үл ухамсарлахуй руу хадгалагддаг. Үл ухамсарлахуйд хадгалагдсан гэмтлүүд хоорондоо нийлээд томорч гадагшаа тэмүүлэх, ил гарах хүсэл эрмэлзэлтэй болдог. Ил гаргах гэхээр тухайн хүн түгшүүрт орж эхэлнэ. Тиймээс гэмтлүүд гадагшлахдаа бие махбодын зовиуруудаар, айдсын, түгшүүр, улигт бодлын эмгэгүүдээр, нойргүйдлээр  илэрдэг. Бие махбодын эмгэг гэхэд л даралт ихсэх, зүрх өвдөх, ходоод өвдөх байх жишээтэй. Хүмүүс бие эрхтнээ эмчлүүлээд л байхад өвдсөн хэвээр л байгаа бол сэтгэлээ эмчлэх шаардлагатай гэсэн үг. 

-Сэтгэлийн гэмтлээс үүдэлтэй эмгэгүүдийг хэрхэн ангилдаг вэ?

-Энэ төрлийн эмгэгүүдийг сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэг гэх ба айдсын эмгэг, сэтгэл түгших эмгэг, улигт бодлын эмгэг, улигт бодол үйлдлийн, архаг ядаргаа, тайлбарлаж боломгүй зовуурь шаналгаа зэргээр ангилдаг.  

Айх, түгших бол ойлгомжтой шууд утгаараа. Улигт бодлын эмгэг гэдэг нь нэг муу зүйл тохиолдсон бол ахиад тэр зүйл тохиолдох юм шиг бодоод л, ургуулаад л, төсөөлөөд л байхыг хэлж байгаа юм. Тэр бодлоосоо гарч чадахгүй, тэр бодолдоо автагдана гэсэн санаа. Над дээр бохирдохоос айх айдастай нэг эмэгтэй ирж байсан. Тэр эмэгтэй яадаг вэ гэхээр байнга гараа угаана, орчин тойрныхоо бүх зүйлээс сэжиглэнэ, гэр бүлийнхнээ байнга усанд орж, гараа угаахыг шаардана. Бохирдоод ямар нэгэн өвчин тусчих вий гэхээс айдаг бодол нь улигт бодол үйлдэл болчихсон. Нөхөр нь ирж уулзаад “Орой ажлаасаа ядарч ирээд амрах гэхээр эхнэр заавал усанд ор. Чи бохир заваан байгаа гэж загнаад байх юм. Манайх гэр хороололд амьдардаг  болохоор энэ нь үнэхээр зовлонтой байна” гэж хэлж байсан. Тэр эмэгтэйн хувьд бохирдохоос маш их айдаг, орчин тойрон бүх зүйл бохир заваан гэдэгт гүн итгэсэн, бүх юмаа зулгартал угааж цэвэрлэдэг болсон байсан. Гэр бүлийнхнийгээ хүчирхийлж байна гэсэн үг. 

Үүнийг Монголчууд “Сэжгээр өвдөх” гэж нэрлэж байгаа. Эдгээр арга нь “Сүжиг”. Эрт дээр үед бол ийм өвчнийг бөө, лам эмчилдэг байсан. Харин орчин үед сэтгэлийн шалтгаантай өвчнийг сэтгэлийг нь засаж эмчилж байна. 

-Хүчирхийллээс болж ямар эмгэгт өртөж болох вэ?

- Хүчирхийллийг зөвхөн зодож нүдэх, бэлгийн хүчирхийллээр ойлгож болохгүй.

  • Биеийн хүчирхийлэл
  • Бэлгийн хүчирхийлэл
  • Эдийн засгийн хүчирхийлэл
  • Сэтгэлийн хүчирхийлэл

Биеийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийллийг ихэвчлэн эрчүүд үйлддэг бол сэтгэлийн хүчирхийллийг эмэгтэйчүүд илүү их үйлддэг. Эхнэр нөхрөө байнга загнаж, элдэв юм нэхэж байгаа нь сэтгэлийн хүчирхийллийн нэг хэлбэр юм.