Сэтгэл гэдэг эрхтэн нүдэнд харагдаж, гарт баригддаггүй ч хугардаг, шаналдаг, шархалдаг, үрэвсдэг гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг.Энэ эрхтний өвчлөл нь хувь хүн, нийгэмд хэрхэн нөлөөлдгийг уншигч та бүхэнд хүргэхээр БЗД-ийн ЭМН-ийн“Сэтгэц наркологийн диспансер” – ийн эрхлэгч, Сэтгэл заслын эмч Р.Энхтүвшинтэй долоо хоног бүр тодорхой сэдвийн хүрээнд ярилцаж байхаар боллоо.
Өнгөрсөн долоо хоногт Амиа егүүтгэлийн талаар ярилцсан. Харин энэ долоо хоногийн сэдэв Архинд донтох эмгэг гэж юу вэ?
-Архинд донтох эмгэг гэж юу вэ, яагаад эмчилгээнд хамрагдсан хэдий ч дахин архи уугаад байдаг юм бэ?
-Архинд донтох эмгэг бол архаг өвчин. Нэг архинд донтох өвчинтэй хүнийг эдгээх нь 100 дотрын өвчтэй хүнийг эдгээхтэй тэнцэх хэмжээний хөдөлмөртэй дүйнэ. Маш нарийн процесстой олон шатлалтай, урт хугацааны эмчилгээ хийх шаардлагатай. Эмчилгээг тууштай хийж, бүрэн архины хамааралгүй эрүүл болтол нь эмчилж чадахгүй байгаа учраас энэ өвчин дахидаг.
Архинд донтох эмгэг бол архаг өвчин.
Архины хамааралтай болоход хамгийн гол өөрчлөлт төв мэдрэлийн системд явагддаг. Тархины мэдрэлийн эсүүд болох нейронууд хоорондоо аксион, дендритээр холбогдсон байдаг. Энэ холбоогоор хэвийн мэдээллүүд дамжуулагддаг. Харин архинд донтох эмгэгтэй хүмүүсийн төв мэдрэлийн системд шинэ холбоо үүсдэг. Тэр бол мутац холбоо. Мутантууд гэдэг шиг байх ёсгүй холбоо. Шинээр үүссэн энэ холбоо “Архиа ууя аа, Архи уувал тайвшрах гээд байна, гоё болох гээд байна” гэсэн мэдээллүүдийг дамжуулдаг. Энэ холбоог яаж таслах вэ? зүгээр хайчилж болохгүй. Таслах ганцхан арга байгаа. Тэр нь холбоог таван жил ашиглахгүй байх ёстой. Тэгвэл холбоо өөрөө тасарна. Тийм учраас энэ өвчнийг эмчилнэ гэдэг маш хэцүү.
Хүний “Өөрийгөө хянах чадварын төв” духанд байрладаг. Архи уусан үед энэ төв дарангуйлагдаж, хийж байгаа зүйлээ зөв үү, буруу юу, хийх ёстой юу, үгүй юу гэдгээ мэдэхээ больдог. Нэг удаа согтотлоо уухад /манайхны хэлдгээр тасартлаа/ хүний тархинд байдаг 15-20 мянган мэдрэлийн эс шууд үхдэг. Зарим нэг нь үхэхгүй ч хямралд орж, үүргээ гүйцэтгэх чадваргүй болно.
АРХИ УУЖ ЭХЛЭХ НАС ЗАЛУУЖИХ ТУТАМ АРХИНД ДОНТОХ ӨВЧИНД ӨРТӨХ ЭРСДЭЛ НЭМЭГДДЭГ.
-Архины хэрэглээ нь дотор эрхтнүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ, Манайхан элгэнд муу гэж ярьцгаадаг шүү дээ?
-Архи дотор эрхтнүүд, тэр дундаа элгийг маш их ачаалалтай ажиллахад хүргэдэг. Эрүүл хүний элэг 10 грамм архийг хоёр цаг тасралтгүй ажиллаж байж хоргүйжүүлдэг. Үүний хажуугаар бас бусад хоол хүнсийг бас шүүж, хоргүйжүүлнэ. Хүн бүрийн элэгний үйл ажиллагаа нь нас, хүйс, эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад өөр өөр байдаг.
Архины шалтгаант нойр булчирхайн хурц үрэвсэл гэж байдаг. Энэ нь хэвлийн хөндийн маш хүчтэй өвдөлтөөр илрэх бөгөөд яаралтай хагалгааны заалтаар хагалгаанд орж миний мэдэхээр 80 хувь нь нас бардаг. Үлдсэн 20 хувь нь ч удаан амьдраагүй. Ийм аюултай өвчин бас байдаг.
-Би наркологийн эмнэлэгт эмчлүүлж байгаа хүнтэй ярилцаж байсан. Тэр хүн “Би ахиж хэзээ ч архи уухгүй. Архи миний амьдралыг сүйтгэсэн” гэж ярьж байсан ч би 10-аадхан хоногийн дараа гудамжинд согтуу, орилоод явж байхыг нь харсан. Бүрэн гүйцэт эмчилгээ хийгээгүй болохоор өвчин нь дахиж л дээ?
-Наркологийн эмнэлэгт 10 хоног эмчлүүлээд бүрэн эдгэрэх боломжгүй л дээ. Тэнд үндсэндээ хордлого тайлах эмчилгээ л хийгддэг. Хажуугаар нь боловсрол эмчилгээ, танин мэдэхүйн сэтгэл засал зэрэг эмчилгээ хийгддэг.Архинд донтох өвчин гэж ямар өвчнийг хэлдэг юм, энэ нь тархинд хэрхэн нөлөөлдөг талаарх хичээлийг л заадаг. Гэхдээ энэ 10-14 хоногийн эмчилгээ нь тухайн өвчтөнийг солиорлоос гаргаж, нийгэмд аюултай үйлдэл хийхээс сэргийлдэг болохоос архинаас бүрэн гаргах эмчилгээ гэж ойлгож болохгүй. Архинд донтох эмгэгийн эмчилгээ нь хамгийн багадаа таван жилийн турш үргэлжилдэг. Энэ хугацаанд хордлого тайлах, боловсрол, танин мэдэхүйн сэтгэл засал, зан үйлийн эмчилгээ, үгүйсгэлийн эмчилгээ, харшуулах эмчилгээ, өвөрмөц эмчилгээ, гэр бүлийн сэтгэл засал, нийгэмшүүлэх реаблитаци эмчилгээ гэхчлэн олон төрлийн эмчилгээнүүдийг хавсарч байж үр дүнд хүрдэг.
Дээр хэлсэн 100 дотрын өвчтэй хүнийг эмчлэх хэмжээний хөдөлмөр, эдийн засгаар нэг хүнийг эмчилдэг. Тийм л учраас сэтгэцийн эмгэгүүд хүний эрүүл мэнд, нэр төр, нийгэм, гэр бүлд их хэмжээний хохирол учруулдаг.
-Эмчилгээ юунаас эхэлдэг вэ, мэдээж эхлээд хордлого тайлах эмчилгээ хийх байх?
-Тэгэлгүй яах вэ. Манайд архинд донтох эмгэгийг III үе шаттай гэж үздэг. Энэ гурван үе шатны хаана ч яваа хүн өөрийгөө архинаас хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэдэг. Тиймээс хамгийн эхэнд архинаас хамааралтай болсныг нь тухайн хүнээр хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Тухайн хүн архинаас хамааралтай гэдгээ үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч чадвал эмчилгээний бараг тал хувь хийгдлээ гэж үздэг. Үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрвөл шүү дээ.
Хүмүүс “Би архинаас хамааралгүй ээ. Би хүсэхгүй бол архи уудаггүй, Би хүмүүст үгүй гэж хэлж чаддаг, Архи уух эсэх нь миний шийдвэрээс л хамаардаг, Би хоёр сар уугаагүй, архинаас гарчихсан” гэдэг эсвэл аман дээрээ “Би архинаас хамааралтай болчихжээ. Би архинаас болж амьдралаа бүх зүйлээ алдсан үнэн” гэж хэлдэг ч төрх үйл нь хэлж байгаа зүйлээ хүлээн зөвшөөрөхгүй байгааг нь харуулж байдаг. Тиймээс үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөх хүртэл урт хугацаа зарцуулсан олон эмчилгээнүүдийг үе шаттай хийх ёстой. Бүрэн эдгэрэхэд тухайн хүний өөрийн хүчин чармайлт хамгийн чухал 20 орчим хувь нь л эмч, эмнэлгийн мэргэжилтнээс шалтгаална. Үлдсэн 80 хувь нь тухайн хүнээс л хамаарна.
Ер нь бол ямар ч сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисын хамааралтай болсон хүмүүст хамгийн үр дүнтэй эмчилгээ бол вакумжуулах эмчилгээ байдаг. Тусгай вакум орчинд аваачаад тэнд нь амьдруулаад, ярилцаад, сэтгэл засал эмчилгээ, нийгэмшүүлэх эмчилгээ хийх хэрэгтэй.
АРХИНААС БОЛЖ...
-Хэдийн архины хамааралтай болсон ч хүлээн зөвшөөрөхгүй байх нь. Тэгэхээр хэр хэмжээний, ямар давтамжтай архи уудаг хүнийг архины хамааралтай гэж үзэх юм бэ?
-Хамгийн энгийн CAGA гэж нэрлэдэг дөрөвхөн асуулт асуугаад нэг л асуултад нь тийм гэж хариулбал хэтрүүлэн хэрэглэгч байх боломжтойг, хоёр асуултад тийм гэж хариулбал мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах, оношилгоо хийлгэх шаардлагатайг зөвлөдөг. /Энэ асуулт ярилцлагын төгсгөлд байгаа/
Архины хамааралтай хүмүүс “Архи чамгүй л бол амьдрал болохгүй байна. Ажил бүтэхгүй байна. Архи ажил , амьдралд маань зайлшгүй шаардлагатай байна” гэж боддог ч өөрийгөө хэзээ ч архинаас хамааралтай гэж боддоггүй. Энэ үгүйсгэлийн шинж тэмдэг архинд донтох өвтэй болсныг илтгэж байгаа юм.
Архинд донтох өвчний сүүлийн шат солиорлоор илэрдэг. Манайхан “Архины цагаан солио” гэж нэрлэдэг шүү дээ. Архи уухгүй хэд хонохоор солиорч, дэмийрч эхэлдэг.
-Архины хамааралтай, архинд донтох өвчтэй хүмүүсийн гаргах авир ааш, зан байдал, эдийн засгийн байдлаас хамгийн их хохирол амсаж, үр дагавар хүртэж байгаа хүмүүс бол гэр бүлийнхэн нь байдаг шүү дээ. Тэгэхээр гэр бүлийнхэнд чиглэсэн сэтгэл зүй эмчилгээ хийх шаардлагатай байх тийм үү?
-Ийм бүлгийн сэтгэл заслууд хийгддэг. Гэхдээ тийм олон биш ховор. Архины хамааралтай хүмүүсийн гэр бүлийнхний бүлэг гэж байгуулсан байдаг. Олон улсад бол иймэрхүү бүлгүүд их идэвхтэй үр дүнтэй ажилладаг юм байна лээ.
Нэгэнт архины хамааралтай болсон хүмүүс энхрийлүүлж, өрөвдүүлэх гээл, хэтэрхий их хайр хүсээд байх тохиолдол байдаг. Ийм үед нь гэр бүлийнхэн хэрхэн хандахаас тухайн хүний өвчин даамжрах эсэх нь шалтгаална. Тиймээс архинд донтох өвчтэй хүмүүсийг тусгаарлаж, вакумжуулан эмчилгээ хийх нь хамгийн үр дүнтэй. Эсвэл байнгын сэтгэл заслын эмчилгээнд тогтмол хамруулах. Ихэвчлэн амбулатороор байнга тогтмол ирээд сэтгэл засал эмчилгээнд тэр бүр хамрагдаад байдаггүй учир архины найз нөхдөөс нь, архи уух шалтгаан, шалтгаас нь, архины дэлгүүрээс нь тусгаарлаж архи уух нөхцөл байдал руу нь явуулахгүй байж, хорьж эмчлэхийг нь хэлээд байгаа юм. Гэхдээ энэ нь Архинд Донтох эмгэгийн 2-3 дугаар шатанд орчихсон хүмүүсийг эмчлэх тухай ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүнд хүмүүсийг. Тиймдээ ч архины албадан эмчилгээ гэж байдаг юм.
-Архины хамааралтай болохгүйгээр архийг тааруулан хэрэглэх боломжтой юу?
-Архины хамааралтай болохгүй байх цор ганц арга бол уухгүй байх. Яах вэ баяр ёслолоор амсаж болно. Яагаад гэвэл хэрэглээг хянахад тийм ч амархан биш байдаг.
Ажлаа хийгээд, амьдралаа зохицуулаад байдаг мөртлөө архины хамааралтай хүмүүс бас байдаг. Эдгээрийг “Зангиатай архичид” гэж нэрлэдэг. Ийм хүмүүсийн архи даах чадвар өндөрссөн, бөөлжих рефлекс нь арилсан байдаг, ихэвчлэн янз бүрийн шалтаг, шалтгаантай үйл явдлыг архигүйгээр тэмдэглэж чадахгүй болдог. Ихэвчлэн найз нөхрүүдтэйгээ хамт уудаг, согттолоо уух нь элбэг байдаг, нэг уухдаа их хэмжээгээр уудаг. Заримдаа өөрийн эрхгүй архи уух дур төрж болно, эсвэл 50-100 гр уусны дараа биеэ барьж чадахгүй үргэлжлүүлэх уух дур төрдөг.
Архины хамааралтай болохгүй байх цор ганц арга бол уухгүй байх.
Монгол хүний архийг задлах фермент, архины задралын бүтээгдэхүүнийг задлах фермент нь европчуудаас 4-5 дахин бага байдаг. Ер нь ази хүмүүсийнх бага байдаг юм билээ. “Архины стандарт хэрэглээ“ гэж яриад байдаг. Үүнд итгэх хэрэггүй. Дээрх стандарт хэрэглээгээр Монголчууд хэрэглээд байвал 6 сараас 1 жилийн дараа л архины хамааралд орно. Энэ стандарт хэрэглээ нь эрүүл элэгний, европ хүний архи задлах чадварт үндэслэн гаргасан. Харин хэтэрхий залуучууд, ахмадууд элэгний болон эмгэгтэй хүмүүс, В,С вирустэй хүмүүс, зарим нэг бодисын солилцооны эмгэгтэй хүмүүс, ази хүмүүс /Монголчууд/ дээрх стандартаар хэрэглэж ер таарахгүй.
Та CAGE асуулгаар өөрийн архины хэрэглээний түвшингөө шалгаарай.
Хэрвээ 1 удаа ТИЙМ гэж хариулбал Архи хэтрүүлэн хэрэглэгч байж болзошгүй. 2 болон 3 удаа ТИЙМ гэж хариулбал Архийг хэтрүүлэн хэрэглэгч мөн. Бүгдэд нь ТИЙМ гэж хариулбал Архины хамааралтай хүн гэж үзнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!