АНУ-ын хамгийн том банкуудын нэг “JP Morgan” ердөө зургаан долоо хоногийн дотор хоёр тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн хэрэг 2012 онд гарч, АНУ даяар шуугиан тарьж байсан билээ.
Мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа Ерөнхийлөгч Б.Обама энэ хэргийг шалгах ажлын хэсгийг яаралтай байгуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч, ABC телевизийн “The View” хөтөлбөрт оролцох үедээ “JPMorgan Chase банк дэлхийн шилдэг санхүүчдээс бүрдсэн байдаг.
Тэд тийм их алдагдалтай ажилласан гэхэд итгэхгүй. Энэ хэргийн цаана ямар нэг хууль бус үйлдэл нуугдаж байхыг үгүйсгэхгүй, шалтгааныг нь заавал олно" хэмээн өгүүлж байв.
Банкны зүгээс энэ хэрэгт хэд, хэдэн том менежерээ буруутгаж, ажлаас нь чөлөөлсөн юм. Тэгвэл энэ хэрэг “JP Morgan’’-ы өөртөө хураасан "лай"-ны зөвхөн өчүүхэн жижиг нэг хэсэг нь байжээ.
JPMorgan Chase санхүүгийн корпораци өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийг хаалгаж, үйл ажиллагааг нь шалгаж байсан ажлын хэсгүүдийг татан буулгахын тулд төрд 13 тэрбум ам.доллар төлөх болсон гэсэн мэдээлэл өчигдөр цацагдлаа.
Гэрээ JPMorgan Chase банкны удирдлагууд болон Хууль зүйн яамны хооронд байгуулагдсан байна.
“Ройтерс” агентлагийн мэдээлж байгаагаас үзвэл энэ нь АНУ-ын төр нэг компаниас гаргуулж авсан хамгийн их нөхөн төлбөр ажээ.
Гэрээний нөхдлийн талаар нарийн мэдээлэл одоогоор гараагүй байгаа, гэхдээ банкийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт ороогүй гэж нэрээ нууцалсан эх сурвалж “Ройтерс” агентлагт өгсөн мэдээлэлдээ дурьджээ.
Эрүүгийн хариуцлагад унах эрсдлийг арилгах заалтыг гэрээнд оруулахыг банкны удирдлагууд ихэд хичээсэн ч Хууль зүйн яам зөвшөөрөөгүй байна.
Гэрээ байгуулах ажил чухамхүү энэ асууддаас болж нэлээд удааширсан ч JPMorgan Chase банкны тэргүүн Жейми Даймон, АНУ-ын Ерөнхий прокурор Эрик Холдер нар энэ сарын 19-ний шөнө утсаар ярьснаар ойлголцолд хүрч, гэрээг эцэслэн батлах нөхцөл бүрдсэн гэнэ.
Энэхүү яриа болохоос нэг хоногийн өмнө буюу энэ сарын 18-нд “Ройтерс” агентлаг “JPMorgan Chase банк Орон сууцны зээлийг санхүүжүүлэх Холбооны агентлагт дөрвөн тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр боллоо” гэсэн мэдээллийг “баттай бус эх сурвалжаас авсан” гэсэн тайлбартайгаар цацсан.
Тэгвэл энэхүү төлбөр нь банк, Хууль зүйн яам хоёрын хооронд хийгд-сэн гэрээний хүрээнд хийгдэж байгаа ажил, өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргийнх нь нэг хэсэг байжээ.
Гэрээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна.
2007 онд болсон үл хөдлөх хөрөнгийн зээлийн хямралд JPMorgan Chase банкны гүйцэтгэсэн үүргийг холбооны болон мужийн төвшинд хүртэл шалгах ажлын хэсгүүдийг АНУ-ын Хууль зүйн яамнаас байгуулаад нэлээд хугацаа өнгөрч байсан бөгөөд тэд сайн ажилласан, өөрөөр хэлбэл банкны бульхайг илчилж чадсан гэдэг нь дээрх гэрээ байгуул агдсанаар батлагдлаа.
Ныо-Йоркийн хөрөнгийн биржийн2013 оны хоёрдугаар сарын арилжаагаар “JP Morgan Chase” банкны нэгж хувьцааны ханш өсч зах зээлийн нийт үнэлгээ нь 184.9 тэрбум ам.долларт хүрэн улсдаа хамгийн том банкаар тодорч байсан.
Тэгвэл нөхөн төлбөр хийх гэрээ байгуулснаар энэ байр сууриа “Wells Fargo”-д алдах нь тодорхой боллоо.
Тус банкны зах зээлийн үнэлгээ 184.1 тэрбум ам.доллар байгаа юм.
АНУ-ын хамгийн баян банкуудын жагсаалтын гурав, дө-рөвдүгээрт 130.4 тэрбумын үнэлгээтэй “Citigroup”, 128.58 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Bank of America” бичигддэг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|