Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Байгалмаа: Яг одоо 33, 35 давхартай хоёр барилга баригдаж байна

Э.Туул
2015 оны 10 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

2010 оноос эхлэн манай улсад 12 болон түүнээс дээш давхартай барилгууд эрчимтэй баригдаж эхэлсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд газар хөдлөлт, салхины хүч нэмэгдсэн гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргаад байгаа билээ. 

Дээрх асуудалтай манай улсын хот төлөвлөлт хэрхэн уялдаж байгаа болон өндөр барилгын чанар аюулгүй байдлын талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд манай улсад өндөр барилгууд ихээр баригдах болжээ. Есөн давхраас өндөр барилга харагддаггүй байсан цаг саяхан. Хэзээнээс эхэлж өндөр барилгууд баригдаж эхэлсэн бэ?

-Манай улсад 1930-аад оноос анхны аж үйлдвэрийн комбинат баригдаж байсан түүхтэй. Үүнийг дагаж иргэн, үйлдвэрийн барилгууд баригдаж эхэлсэн байдаг. 1960-1970 оны үед Улаанбаатар хотын төв 40, 50 мянгат, Энхтайваны гүүр, УИХ дэлгүүр, орон сууц, үйлчилгээний барилгуудыг барьсан. 

1970-аад оны сүүл, 1980-аад оны дунд үед III, IV. XIX хороолол, Сансар зэрэг орон сууцны хорооллууд цэцэрлэг, эмнэлэг, сургууль, үйлчилгээний төвүүдтэй цогцолбороор баригдсан байдаг. Үүнтэй холбогдуулан барилгын ажлын гүйцэтгэх технологийн үе шатуудыг дагалдан өөрчлөлтүүд орсон байдаг. 

Тухайлбал, 1930-1960 оны үеийн барилгад модон бүтэц, мод тоосго хосолсон холимог бүтээц зонхилж байсан бол 1960-1980 оны хооронд даацын тоосгон ханатай таван давхар хүртэлх угсармал төмөр бетон бүтээцтэй, угсармал төмөр бетон хавтгаалжин бүтээц зонхилж байсан. 1975 онд цутгамал араг бүтээцтэй барилга баригдаж эхэлсэн байдаг. 

Жишээ нь, Нэгдүгээр амаржих газрын таван давхар барилга байна. Харин 1990-ээд оны сүүлээс эхлэн цутгамал угсармал хосолсон бүтээцүүд өргөн хэрэглэгдэж эхэлсэн. Зах зээлд шилжсэнээс хойш 2000 оноос 9-12 давхар цутгамал араг бүтээцтэй барилгууд ихээр баригдах болсон. 

Зах зээлд шилжсэнээс хойш 2000 оноос 9-12 давхар цутгамал араг бүтээцтэй барилгууд ихээр баригдах болсон. 

2010 оноос 16-аас дээш давхартай цутгамал төмөр бетон араг бүтээцтэй барилгууд, металл хийцтэй олон давхар орон сууц, олон нийтийн барилгууд баригдаж байна. Өндөр барилга гэдэгт 16 давхраас дээш давхартай барилгыг хамааруулахаар нормчлогдсон байгаа.

-Манайд өндөр барилгад тавигдах шаардлага стандарт байдаг уу. Байдаг бол энэ нь өнөөдрийн нөхцөл байдлын шаардлагыг хангаж чадаж байна уу. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж, балл нэмэгдсэн гэж яриад байгаа шүү дээ?

-Анх ЗХУ, Узбекистаны Ташкент хотод болсон газар хөдлөлтийн сургамжаас үндэслэн газар хөдлөлтийн нормыг боловсруулж, 1960-аад оны дунд үеэс мөрдөж эхэлсэн байдаг. Манай улс 1971 оноос уг нормыг шууд мөрдөж эхэлсэн юм байна билээ. Ер нь олон улсад 1995 оноос эхлэн өндөр барилгын нормыг мөрдөж эхэлсэн байдаг.

Үүний дагуу зураг төслийн тооцоо зураглал, хэрэглэж байгаа барилгын материал, барилгын ажлын чанарын үзүүлэлтийг хангасан олон улсын стандартуудтай дүйцүүлж, Монгол Улс үндэсний “Өндөр барилгын төлөвлөлт”-ийг боловсруулж, 2010 онд батлан 2011 оноос мөрдөж эхэлсэн.

Энэхүү норм дүрэмд өндөр барилгын зураг төсөл зохиох, барих, ашиглахад оролцогч талууд ажлын эхнээс дуустал үе шатуудад мониторинг ба MNS ISO 9001:2001 ’’Чанарын удирдлагын тогтолцоо”-ны дагуу олон улсын чанарын менежментийн системийг үр ашигтай ажиллуулах, гэрчилгээ, аккредитов, аттестатчлал, зөвшөөрлийг зохих журамд олж авах түүнчлэн ашиглалтын болон барилгын бүтээгдэхүүний гэнэтийн эрсдэлд техникийн үндэслэл бүхий даатгал хэрэглэх аюулгүй ажиллагааны иж бүрэн тогтолцооны хүрээнд техник зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг зааснаас гадна зураг төсөлд магадлалыг төслийн болон ажлын зургийн үе шатанд заавал хийхээр тусгасан байдаг. 

Өндөр барилгын төлөвлөлтөд барилгын эзлэхүүн төлөвлөлт болон зориулалт функц элементүүдэд тавих шаардлага, бүтээцийн шийдэлд тавих шаардлага, галын аюулгүйн шаардлага, аюулгүй байдлыг хангах шаардлагууд, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагуудаас гадна 25-35 давхар барилгын зураг төсөл зохиоход мөрдөх нэмэлт шаардлагуудыг дурдаж өгсөн.

Нэг үгээр хэлбэл, 2010 онд батлагдсан “Өндөр барилгын төлөвлөлтийн норм дүрэм” нь ихээхэн шаардлага өндөртэй сайн дүрэм болж чадсан гэж мэргэжилтнүүд үздэг юм.

-Өндөр барилга баригдах нь ямар ач холбогдолтой байдаг вэ. Ашигтай болон эрсдэлтэй талуудыг нь дурдахгүй юу?

-Мэдээж ашигтай болон эрсдэлтэй талууд байгаа.Тухайлбал, хотын өнгө төрх, орчиндоо үзэмж нэмдэг, бага орон зайд баригдах хэдий ч ашигтай талбай ихтэй. Хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, технологийн дэвшлийг тодорхойлогч нүүр царай болдог.

Олон янзын зориулалтаар зэрэг ашиглахад тохиромжтой. Жуулчид, аялагчдыг ихээр татдаг тул үйлчилгээний салбар байршихад нэн тохиромжтой. Газраас доошоо суурь сууж буй гүн их тул хоёроос дээш давхар гарааш төлөвлөгддөг Тул зогсоолын асуудал үүсдэггүй. Өндөр барилгын технологи нь өөрөө барилгын салбарын хамгийн сүүлийн үеийн технологи, нээлтүүдийг шаарддаг тул шинэ санаа, техник технологийг амьдралд хэрэгжүүлэгч нь юм.

Харин эрсдэлтэй сөрөг талууд гэвэл өндөр барилгын аюулгүй байдлын стандарт өндөр хэмжээнд төлөвлөгддөг учир хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардал өндөр гардаг. Газар хөдлөлтийн өндөр баллтай бүс, салхи болон цасны их ачаалал бүхий өндөрдөг газруудад өндөр барилгыг төлөвлөхөд хийцийн болон дулаан техникийн талаас ихээхэн өндөр зэрэглэлийн хийцийн шийдэл, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг.

Барилгад аливаа эрсдэл, эвдрэл тулгарлаа гэхэд түүнийг засч залруулахад хүнд, хүндээс гадна нурсан тохиолдолд гарах үр дагавар нь асар өндөр байдаг. Мэдээж инженерийн болон геологийн тохиромжгүй газарт өндөр барилга төлөвлөж болохгүй. Тухайлбал. газар хөдлөлтийн идэвхтэй бүс, салхи цасны ачаалал ихтэй газарт өндөр барилга төлөвлөхгүй. Ер нь орон сууцыг 16 давхраас дээш барих нь чанар аюулгүй байдал ашиглалт талаасаа манай улсад тохиромжтой биш юм.

-Манай улсад баригдаж байгаа барилгын өндрийн дундаж хэмжээ хэд байдаг вэ. Монголын хамгийн өндөр барилга одоогоор хаана хэдэн давхар баригдаад байна?

-2010 онд манай улс олон улсын норм дүрэмд уялдсан “Өндөр барилгын норм дүрэм" баталсан гэж дээр дурдсан. Энэ норм дүрмийн дагуу барилгын өндөрт хязгаар тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, 16 давхраас дээш давхар бүхий барилга байгууламжийг өндөр барилгад хамааруулж үзэхээр болсон гэсэн үг юм.

Анхны өндөр барилгуудын нэг бол 22 давхар “Шангрилаг, 2009 онд баригдсан. Сүүлд баригдсан барилгуудаас Туушин 25 давхар баригдсан. Яг одоо 33, 35 давхартай хоёр барилга баригдаж байна. 35- 40 давхартай барилгын төслүүд орж ирдэг ч одоогоор баригдаж эхлээгүй байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт хамгийн өндөр нь 35 орчим давхартай төмөр бетон арга бүтээцтэй барилгууд баригдаж байна.

-Монголд өндөр барилга барихад тохиромжтой юу. Өндөр барилга барихад гардаг нийтлэг бэрхшээл юу байдаг вэ. Мөн боловсон хүчний нөөц, чадварын талаар ярихгүй юу?

-Манай инженерүүд бол олон улсын төвшинд бэлтгэгдэж байгаа гэж боддог. Инженерийн тооцооллын хувьд сайн гэж үнэлэгддэг. Харин барилгын материал түүхий эд стандартын шаардлага хангадаггүй гэж мэргэжилтнүүд хэлдэг. Тэр тусмаа элс хайргыг. Өндөр барилга барихад бетоны марк маш өндөр байх ёстой. 

Өндөр барилга барихад бетоны марк маш өндөр байх ёстой. 

Харин манай компаниудын бетоны марк маш өндөр гарч байгаа. Юу нь эргэлзээтэй байгаа вэ гэхээр түүхий эд нь шаардлага хангахгүй байхад бетоны марк чанар өндөр гардагт мэргэжилтнүүд эргэлздэг нэг асуудал бий. Гэтэл амьдрал дээр компаниуд хэрхэн өндөр марк гаргадаг тухайгаа цементийн орцыг ихээр хийж гаргадаг гэж тайлбарладаг. Нөгөө талаас энэ нь зөв л дөө. Барилгын түүхий эдийн чанар гологдох талын асуудал гардгаас өнөөдөр манай инженер, боловсон хүчин хүний нөөц дэлхийн стандартад хүрсэн гэж үзэж байна.

Технологийн горим барихгүйгээс болж өндөр барилга барих, ялангуяа бетон,төмөр бетон хийцээр барилга барих нэн тохиромжгүй гэж мэргэжлийн зөвлөлийнхөн үздэг юм байна билээ.

-Сая нийслэлд дараалан газар хөдлөлт болоход иргэдэд ихээхэн чичирхийлэл мэдрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өндөр барилгын асуудал ихээхэн анхаарал татаж байгаа. Өндөр барилга барихдаа газар хөдлөлтөөс гадна ямар ямар эрсдэлүүдийг төлөвлөж үздэг вэ?

-Галын аюулгүй шаардлагын дагуу хот болон эзлэхүүн төлөвлөлтийн шийдлийн хувьд гэвэл тухайн төлөвлөж буй өндөр барилгаас онцгой, чухал объект хүртэлх зай нь эдгээр барилгын нэгээс нөгөөд гал дамжих боломжгүйгээр барахгүй аль нэг нь нурахад үүсэх гал түймрээс ч хол байхаар төлөвлөх нь чухал. Өндөр барилгын нормд өндөр барилга болон түүнд залгасан барилга орон зайд, сургуулийн өмнөх хүүхдийн байгууллага төлөвлөж болохгүй заалттай байдаг.

Агаар зайлуулах механик системтэй, салхины их даралтаас хамгаалсан тусгай зориулалтын нээлхий төлөвлөн агаар өгөх ердийн системтэй, агаар зайлуулах систем нь хүйтний улиралд ердийн, дулааны улиралд сэнстэй ажиллах механик агаар өгөх системийг төлөвлөнө. Халаалтын болон хүйтэн хангамжийн шийдлүүдийг технологийн дагуу хийх хэрэгтэй.

Мөн аянга хамгаалалт, гэрэлтүүлэг, цахилгааны нөөц, цэвэр бохир усан хангамжийн шийдлийг норм нормативын дагуу төлөвлөх, хэрэгжүүлэх шаардлагатай. Эдгээр асуудлыг шийдэхэд хөрөнгө мөнгө ихээхэн орно. Түүнчлэн ашиглалтын зардал өндөр гарах тул орон сууц, нийтийн барилгыг өндөр барилгаар төлөвлөх тохиромжгүй гэж үздэг. Ер нь шийдэх асуудал олон байгаа.

 

Зураг