Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой тэмдэглэлт өдрүүдийн нэг нь “Дэлхийн гар угаах өдөр” юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг "Олон улсын Ариун цэврийн жил" болгосонтой холбогдуулан жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглаж дэлхий даяар эрүүл ахуйн дадлыг сайжруулахыг уриалсан.
Иймд “Дэлхийн гар угаах өдөр 2015”-ийг “ЦЭВЭР ГАР- АМЬДРАЛЫГ АВАРНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Дэлхий дээрх тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог суулгалт болон амьсгалын замын өвчин нь бохир гараар дамжин халдварладаг бөгөөд жил бүр 2,2 сая гаруй хүүхэд эдгээр өвчлөлтүүдийн улмаас нас барж байна. Суулгалт халдварыг үүсгэгч эмгэг төрүүлэгч нянгууд нь хүний ялгадсаар бохирдсон гар, бохир ус, угаагаагүй хүнсний ногоо, сав суулга, хувцсаар дамжин халдварладаг.
Энэхүү суулгалт халдвараас гадна хүн амын дунд элбэг тохиолддог халдварт өвчин болох ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчнүүд, вируст гепатит А, Е, цусан суулга, вирусийн гаралтай суулгалт халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь, халдварт бус өвчин үүсгэгч химийн бохирдлын тодорхой хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна.
Бага насны хүүхдүүдийн өвчин эндэгдлийн голлох шалтгаан болсон дээрх өвчнүүдээс сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөр арга бол гараа савандаж угаах явдал юм.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхий дахины анхаарлын төвд байж, олон мянган хүний аминд хүрсэн Эбола болон бусад халдваруудаас өөрийгөө болон бусад хүмүүсийг урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь гараа савандаж угаах болохыг Эбола вируст халдвар бүртгэгдэж буй улс орнуудад ажилласан эмч, эмнэлгийн ажилтнууд нь нийт хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст гараа хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг тогтмол өгч, сургалт, сурталчилгаа хийж, зөв дадал хэвшилд суралцахыг зөвлөж, уриалсан байна.
Хүн бүр гараа ямар нэг хэмжээгээр угаадаг боловч маш цөөхөн хувь нь л гараа тогтмол савандаж угаадаг байна.
Угаалгүй 6 цаг болсон гарт 10х107-ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин цөөрдөг байна.
Түүнчлэн гараа савандаж угаах нь арьсны өвчнүүд, трахома зэрэг нүдний өвчин, хялгасан болон туузан хорхойн өвчнүүдээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг бууруулдаг байна. Гараа савандаж угаах хэвшлийг илүү олон хүнд төлөвшүүлснээр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг багасгахад тодорхой хувь нэмэр оруулах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!