Төмөр замын гарам дээр портер машинтай хоёр иргэн галт тэргэнд дайруулж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр орой гарчээ. Уг хэргийн талаар Улаанбаатар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан замын орлогч дарга Ч.Эрдэнэдалайгаас тодрууллаа.
- Өчигдрийн осол хэдэн цагийн үед гарсан бэ?
- Авто машин галт тэргэнд дайруулах осол сүүлийн үед хэд хэд гараад байгаа. Дархан өртөөний наана, Цайдам зөрлөгийн хажууд байрлах төмөр замын 143 дугаар гарам дээр орой 20:00 цагийн үед осол гарсан. Портер машин галт тэргэнд дайруулж хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Осол гарах үед гармын гэрлэн болон, дуут дохиолол бүгд хэвийн ажиллаж байсан.
Осол гарах үед гармын гэрлэн болон, дуут дохиолол бүгд хэвийн ажиллаж байсан. Ослын дараа хамгийн түрүүнд замын мастер, холбооны инженер, зүтгүүрийн машинч, орон нутгийн цагдаагийн албан хаагчид очиж ажилласан бөгөөд хоёр улаан гэрэл ээлжлэн анивчиж, дуут дохио, хонх дуугарч байсан гэдгийг актаар баталгаажуулсан байгаа. Жолооч амжаад гарчихъя гэж бодож яарснаас болж ийм эмгэнэлтэй хэрэг боллоо.
-Уг гарам нь ямар тоноглолуудаар галт тэрэг ойртон ирж байгааг жолооч, явган зорчигчдод анхааруулдаг вэ?
- Гармыг 1-4 зэрэглэлээр ангилдаг бөгөөд хот доторх хөдөлгөөн ихтэй, авто машины замтай огтлолцдог нэг, хоёрдугаар зэрэглэлийн гармуудыг хашилт, өргөгддөг хаалт, гэрлэн болон дуут дохиогоор тоноглодог.
Харин хээр байгаа хөдөлгөөн багатай гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн гармууд дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон байдаг. Гэрлэн дохио нь галт тэрэг гарамд 800-1000 метр ойртмогц анивчиж эхэлдэг. Эдгээр дохиолол хамгаалалтуудыг ямар ч алдаа мадаггүй ажиллуулах үүргийг төмөр зам хүлээж байдаг. Ажиллуулж ч байгаа. Сүүлийн үед гарсан ослууд бүгд анхааруулах гэрлэн болон дуут дохио хэвийн ажиллаж байхад гарсан.
Төмөр замын 143 дугаар гарам нь хамгийн энгийн буюу дөрөвдүгээр зэрэглэлийнх бөгөөд хоногт 20 орчим галт тэрэг дайран өнгөрдөг.
Машинист ослын тоормос татахад 400 ба түүнээс дээш метр зайд явж байж зогсох боломжтой.
- Зам дээрх саадыг харсан галт тэрэг ослын тоормосоо татахад ямар зайнд зогсох боломжтой вэ?
- Явах зай галт тэрэгний хурд, ачаа, замын өгсүүр уруу, тахир тойруугаас хамаараад янз бүр байдаг. Ер нь бол машинист ослын тоормос татахад 400 ба түүнээс дээш метр зайд явж байж зогсох боломжтой.
- Он гарсаар төмөр зам дээр хэчнээн осол гарч, хэдэн хүн амиа алдсан бэ?
- 2015 оны эхний найман сарын байдлаар найман хүн янз бүрийн байдлаар төмөр зам дээр амиа алдсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!