• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Анхны романаа 30 настайдаа бичсэн Харуки Мураками

Б.Даваахүү
2015 оны 9 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Туурвисан бүтээл, ном бүхэн нь бэстселлер болдог орчин цагийн хамгийн алдартай романчдын нэг Японы зохиолч Харуки Муракамиг энэ удаагийн дугаартаа онцолж байна.

Олны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй ч, бичсэн зохиол дахь уран нарийн өгүүлэмжээрээ дэлхий даяарх уншигчдынхаа сэтгэл зүрхэнд уяатай байдаг зохиолч Мураками 1949 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Киото мужийн Киото хотноо төржээ. Түүний аав нь буддын лам хүний хүү байсан бол ээж нь Осакагийн жирийн нэг худалдаачны охин байсан гэдэг. 

Барууны зохиол, соёл, урлагийн  нөлөөгөөр эдүгээ Мураками бусад Японы зохиолчдоос ялгардаг аж. 

Гэвч тэд хоёул хүүдээ Японы уран зохиолын мөн чанарыг зааж сургасан байна. Харин Мураками өөрөө хүүхэд байхаасаа л Баруун соёл заншлыг сонирхон судалж, ялангуяа Оросын дуу хөгжим, утга зохиолд шимтдэг байжээ.

Жек Керуак, Ричард Бротиган, Фёдор Михайлович Достоевский, Курт Воннегут, Чарльз Диккенс, Гюстав Флобер,  Франц Кафка зэрэг тухайн үеийн уншигчдыг байлдан дагуулж, эдүгээ ч нэр алдар нь түгсээр байгаа 20 дугаар зууны  Европ, Америкийн утга зохиолын томоохон төлөөлөгчдийн ном, зохиолыг уншиж өсчээ. 

Барууны зохиол, соёл, урлагийн  нөлөөгөөр эдүгээ Мураками бусад Японы зохиолчдоос ялгардаг аж. Эцэг, эх нь түүнийг “Мицубиши” компанид ажиллуулахыг хүсдэг байсан авч  Харуки Мураками тэгээгүй гэнэ. Тэрбээр Токиогийн Васэда их сургуульд драмын чиглэлээр элсч байлаа. 

Тэнд эхнэр Ёкотой танилцсан гэдэг. Түүний хийсэн хамгийн анхны ажил нь дуу бичлэгийн дэлгүүрийн худалдагчийн ажил байжээ. Харин сургуулиа төгсөхийнхөө өмнөхөн эхнэр Ёкогийнхоо хамтаар 1974-1981 онуудад  Токио хотын Кокобунжи дүүрэгт “Петр муур” нэртэй кофехаус, жазз баар нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд зохиол бүтээл ч оролдох болсон байна.  

Их сургуулийн оюутан хүүхдүүдэд Жааз баар ажиллуулах мөнгө хаанаас олддог юм бол гэж уншигч та гайхаж байж магадгүй. Ямартай ч, хосууд баараа нээхдээ  нийт таван сая иэнийг зарцуулжээ. Энэ мөнгөний тэн хагасыг нь тэд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж олсон бол хагасыг нь хоёр талын эцэг, эхээсээ зээлсэн байна. Хоёул хичээл зүтгэл гаргасны ачаар мөнгө төгрөгний гачигдал үзэлгүй 1975 онд тэд сургуулиа төгсчээ. Зохиол бүтээлээр нь хүмүүс түүнийг андахгүй ч, гүйлтийн тамирчин байсныг нь тэр бүр мэдэхгүй л болов уу. 

Мураками марафоны тамирчин байжээ. Гэхдээ 33 нас хүртлээ гүйгээгүй юм. Харин 1996 оны зургадугаар сарын 23-нд Хоккайдо мужид зохиогдсон марафоны тэмцээнд оролцож, 100 метрт гүйж байсан аж. Энэ түүний анхны тэмцээн байв.

Тэрбээр 2008 онд гаргасан “What I Talk About When I Talk About Running” номдоо  хамт гүйж байсан хамаатныхаа тухай дурссан байдаг билээ. Зохиолч, орчуулагч Мүраками нэлээд хожуу буюу 29 настайгаасаа эхлэн зохиол бичиж эхэлжээ. "Before that". Энэ бол түүний хамгийн анхны зохиол. Тэрбээр нэгэн удаа “Би юу ч бичээгүй. Би зүгээр л энгийн хүмүүсийн  нэг байсан юм. 

Жааз клубт ажилладаг” хэмээн дурсч байв. Харин түүний анхны роман 1979 онд “мэндэлж” байлаа. Хамгийн сонирхолтой нь зохиолч анхны “Hear the Wind Sing” романаа бичих санаагаа  бэйсболлын тэмцээн үзэж байхдаа олсон гэдэг.

1978 онд Мураками Жинду цэнгэлдэх хүрээлэнд Yakult Swallows болон Hiroshima Carp нарын хооронд болсон тэмцээний үеэр  Америк тамирчин Дэйв Хилтон цохиур барин гарч иржээ. Улмаар Хилтон дабл цохилт хийх үед Мүракамигийн толгойд гэнэт роман бичих санаа орж ирсэн байна. Тэрбээр тэмцээнээс гэртээ харьж ирээд тэр шөнөөсөө эхлэн романаа бичиж эхлэв.

Завгүй их ажлын хажуугаар зав гарган бичиж байсан ч “Hear the Wind Sing” романаа 10 сарын хугацаанд бичиж дуусгажээ. Зохиолч тэр үеэ дурсахдаа “1968-69 онд амьдрал маань хаашаа ч эргэж мэдэхээр цаг үетэй тулгарсан. Ирээдүй маань бүрхэг ч нэг бодлын сонирхолтой байсан юм. Алдвал бүгдийг алдана, оновол ихийг хожихоор. Энэ тоглоом намайг гэрлэхэд эхэлсэн юм. Тэгэхэд би 20, 21-тэй л байсан үе. Гэнэн, тэнэг байж. Би амьдралаараа дэнчин тавьсан. Гэхдээ би амьд гарсан ямар ч байсан” хэмээсэн нь бий. 

Хичээл зүтгэлийн үр шим хэзээ нэгэн өдөр ирдэг хойно. Зохиолч анхны романаа бичиж хэвлүүлээд л уншигчдаас өндөр үнэлэлт авч, анхны шагналаа хүртэж байжээ. Анхны амжилтдаа урамшсан Мураками үргэлжлүүлэн зохиол бичсээр “Hear the Wind Sing” романыг бичиж дуусгаснаас хойш жилийн дараа буюу 1973 онд “Pinball” цуврал номоо бичжээ.

Харин 1982 онд A Wild Sheep Chase зохиолоо бичсэн аж. Түүнээс хойш Харуки Мураками баарандаа ажиллахын зэрэгцээ зохиолчийнхоо хувьд өсч, өндийхийг хүсч байв. Тэр үед жааз баар нь түүнд хангалттай орлого авчирдаг байсан тул амьдралаа залгуулахын тулд ном бичих шаардлага түүнд байсангүй. Харин түүний алдартай зохиолын нэг “Норвегийн ой” роман Японд нэг сая гаруй ширхэг борлогдоход Харуки Мураками цаашид жааз баараа ажиллуулахаа больсон гэдэг юм билээ.

“What I Talk About When I Talk About Running” дурсамж номондоо зохиолч ертөнцийн нэг өдрийг үүрийн дөрвөн цагт босч, үд хүртэл зохиолоо бичээд үдээс хойш гүйж, эхнэртэйгээ хуучин дуу бичлэгийн дэлгүүрүүдээр хэсдэг тухай бичсэн байдаг юм. Муракамигийн хувьд зохиол бичнэ гэдэг тэсвэр тэвчээрийн шалгуур аж. 

Тухайлбал, зохиолч “1Q84” романаа бичих гэж гурван жилийг зарцуулжээ. Мянга гаруй  хуудас сайн зохиол бичихэд  зохиолчоос хатуу сахилга бат, хичээл зүтгэл  шаардсан нь мэдээжийн хэрэг билээ. Түүний бичсэн зохиол бүхэн алдаршиж, нэр алдар нь дэлхий дахинаа түгсэн амжилтыг эхнэргүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Учир нь Харүки Муракамигийн зохиол бүтээлийн хамгийн анхны уншигч нь эхнэр Ёко нь байдаг төдийгүй, хатуу чанга редакторын үүргийг гүйцэтгэж иржээ. 

Зураг