Монголын төдийгүй дэлхийн жүдо бөхийн түүхэнд нэгэн цаг үед гялалзан гарч ирсэн “од” бол Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар юм.
2004 онд Афины олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын жүдогийн 60 кг-д гайхалтай нэгэн тамирчин гарч ирж байгаа юм шүү гэдгийг тэр мэдрүүлсэн. Улмаар 66 кг-д Олимпийн наадмаас бусад бүх тэмцээнээс медаль хүртэж, Дэлхийн аварга болж чадсан түүнийг “од” хэмээн тодотгохоос ч өөр аргагүй юм.
Тэгвэл Монголын жүдогийн нэгэн тод “од” Х.Цагаанбаатар их спортоосоо зодог тайллаа. 2004 онд Олимпийн наадмаас хүрэл медаль авснаасаа хойш дэлхийд хүчтэй өрсөлдсөн нэгэн гайхалтай бөх ийн дахин жүдогийн татамид Монголын нэрийн өмнөөс барилдахгүй нь. Энэ бол өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдал байлаа.
Тиймдээ ч түүнийг “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байгаа юм. Х.Цагаанбаатар гавьяат хэдийгээр жүдогоосоо зодог тайлсан хэдий ч дасгалжуулагчийн албанд шилжээд байгаа.
Х.Цагаанбаатар гавьяат хэдийгээр жүдогоосоо зодог тайлсан хэдий ч дасгалжуулагчийн албанд шилжээд байгаа.
Өдий олон жил 60, 66, 73 гэсэн гурван жинд өндөр төвшинд барилдсан туршлагатай бөх Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн албанд орж ирж байгаа нь залуу бөхчүүдэд түүнээс ихийг сурах үүд хаалгыг нээж өгч байгаа хэрэг юм. Үндсэндээ шигшээ багийн залуус дахин нэг мэдрэмжтэй, чадвартай, туршлагатай дасгалжуулагчтай боллоо.
Удахгүй гран-при болоод гранд слам ангиллын тэмцээнүүдэд шавь нараа аваад гарч ирэх байх. Түүнийг дасгалжуулагчийн хувиар харах сайхан байх нь тодорхой. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар 1984 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Улмаар гурван настай байхад нь тэднийх Дархан руу нүүсэн аж.
Тэрбээр 10 настай байхдаа л спорт сонирхож, барилдаж эхэлж. Тэгж явах үедээ гэнэтийн ч гэмээр тохиолдлоор самбо, жүдо бөхтэй амьдралаа холбож, хичээллэж эхэлсэн гэдэг. Улмаар дунд сургуулиа төгсөөд, “Аварга” дээд сургуульд суралцаж, бөхийн эрдмийг илүүтэй сурсан нь тодорхой.
10 наснаасаа хойш 14 жил бөхийн спортоор хичээллэсний үр шимийг Афины олимпийн наадмаар үзэж, Монголын багийн ганц медалийг авчирч чадсан юм. Түүнд медаль аваагүй тэмцээн, уралдаан гэж байхгүй. Ид үедээ дэлхийн шилдгүүдийг, тэр дундаа Солонгосын гайгүй гэсэн болгоныг дарж, айлгаж, сэтгэлээр унагаж явсан. Гэхдээ Х.Цагаанбаатар гавьяатын зам тийм ч дардан байсангүй. 2004 оны Олимпийн наадмын дараа жинхэнэ гавьяатан байсан бол 2008 онд хэл амны бай болж явлаа.
Хамгийн гол амжилт үзүүлэх ёстой хоёр Олимпийн наадамд хоосон хоцорчихсон шүү дээ. Арга ч үгүй биз. Гэхдээ тэрбээр бууж өгөөгүй. Тамирчин хүний хичээл зүтгэл, хор шар ямар байдгийг харуулж 2009 онд жүдо бөхийн дэлхийн аваргаас алтан медаль авч чадсан. Энэ бол Монголын жүдо бөхийн түүхэнд дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн анхны тохиолдол байлаа. Түүнээс хойш манайх хоёр ч аварга “өлгийдөж” авсан.
Мөн тэрбээр 2009 онд түрүүлснийхээ дараа 2010 онд хүрэл медаль авч, Х.Цагаанбаатар гайхалтай хэвээрээ байгаа шүү гэдгийг дэлхийд зарлаж байлаа. Ийм л гайхалтай бөхийг монголчууд бид дундаасаа төрүүлэн гаргаж. Өнөөдөр Монголын жүдогийн түүхэнд, хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчинг нэрлэ гэвэл хамгийн түрүүнд түүний нэр бичигдэх биз ээ.
Тэр тийм л гавьяатай, нэр хүндтэй шилдэг тамирчин байсан. Түүнээс өөр хэн ч 60 кг-д Олимпийн хүрэл медаль, 66 кг-д дэлхийн аварга болж, 73-т Олон улсын чанартай цөөнгүй тэмцээнээс медаль авч ирж чадахгүй. Ийм л гайхалтай бөх татамид гарч барилдахгүй гэж бодохоор гунигтай ч юм шиг.
Гэхдээ тэр Монголын олон шилдэг тамирчныг бэлтгэн гаргаж, багш нь болно. Тэгж бодоход сайхан байна. Монголын төдийгүй дэлхийн жүдогийн түүхэнд гялалзсан “од” Х.Цагаанбаатар ингээд л багш боллоо. Гайхалтай гэхээс өөр юу гэж хэлэх билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!