Өчигдөр Исламын шашны ариун газар гэгддэг Мекка хотод болж байгаа хаж мөргөлийн үеэр хэт шахалдсанаас доод тал нь 717 хүн амиа алдсан тухай Саудын Арабын эрх баригчид мэдээллээ.
Энэ нь сүүлийн 25 жилийн түүхэнд болоогүй эмгэнэлт явдал юм.
Мөн доод тал нь 805 хүн шархдсан байна.
Хаж мөргөлд оролцохоор дэлхийн Ислам шашинт үндэстнүүдээс энэ жил хоёр сая хүн ирээд байгаа ба тэднийг байрлуулахад зориулж 160,000 асар босгоод байгаа гэнэ.
Хаж мөргөлийн нэг чухал зан үйл болох Жамарат хэмээх баганууд руу чулуу шидэж чөтгөрийг зайлуулах арга хэмжээ байдаг ба түүнийг гүйцэтгэхээр хэт олон тооны хүн бөөгнөрснөөс энэ осол болжээ.
Өмнө нь 2006 оны хаж мөргөлийн үеэр Жамарат дээр 346 хүн ийм шалтгаанаар амиа алдаж байсан юм.
Хэдийгээр Саудын Арабын эрх баригчид энэ аюултай нөхцөл байдлыг сайжруулахаар дэд бүтцийн нэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа ч энэ жил бас зохицуулж чадсангүй.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!