АНУ-ын Холбооны шүүх “Төрсөн өдрийн дуу” буюу “Happy birthday to you” хэмээх дуунаас шимтгэл авдаг компани нь уг дууны зохиогчийн эрхийг албан ёсоор эзэмшдэггүй гэж үзжээ.
Анх 1935 онд эх хувилбарыг нь бүртгүүлж байсан уг дууны зохиогчийн эрхийг Warner/Chappell компани 1988 онд албан ёсоор авсан байна. Энэ дууны аяыг 1893 онд АНУ-ын Кентаки мужид амьдардаг Майлдред, Петти Хилл хэмээх эгч дүү хоёр зохиожээ.
Тэдний зохиосон хувилбар анх “Good morning to all” гэдэг нэртэй байсан ч хожим нь дэлхийн өнцөг булан бүрт тархсан төрсөн өдрийн дуу болон өөрчлөгдсөн байна.
“Warner/Chappell” компани 1988 онд “Clayton F Summy Co” компаниас “Hаppy birthday to you” дууны эрхийг авсанаасаа хойш уг дууг кино, телевизийн цуврал, зар сурталчилгаа болон бусад олон нийтийн үйл ажиллагаанд ашиглуулсаны төлбөр авах болсон бөгөөд зөвхөн энэ дуугаар жилд хоёр сая орчим ам.долларын орлого олдог аж.
2013 онд Рупа Мария, Роберт Сиегел хэмээх хоёр хүн “Happy Birthday to You” дууны тухай кино хийснээр уг дуунаас болсон маргаан эхэлжээ. “Warner/Chappell” компани дууг нь кинонд ашигласны хөлсөнд 1,500 ам.доллар нэхэмжилсэн бол кино бүтээгчид “Happy Birthday to You” дуу нь бүх нийтийн өмч бөгөөд зохиогчийн эрхийн төлбөр ногдуулах ёсгүй гэж үзсэн байна.
Харин шүүгч “Clayton F Summy Co” компани дууны үгэнд зохиогчийн эрх авч байгаагүй тухай дурьджээ. Тэрбээр “Эгч дүүс “Summy Co” компанид дууны ая болон төгөлдөр хуур дээр тоглох нотных нь зохиогчийн эрхийг өгсөн ч үгэнд нь огт зохиогчийн эрх авч байгаагүй” гэжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|