Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд зохиогдож буй “Евразийн музей дэх хувцасны цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БСШУЯам, ТЮРКСОЙ олон улсын байгууллага, Монголын Үндэсний Музей, Дэлхийн монгол туургатны холбоо, Монгол Костюмс төв Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Евразийн бүс нутгийн музей, соёлын байгууллага, эрдэмтэн судлаачдын харилцаа холбоо ба хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, оролцогч орнуудын хувцасны соёлын түүх, ард түмний зан заншлыг танилцуулахад оршино.
Музей нь соёлын үнэт өвийг хадгалж, үндэсний соёлыг дэлгэн үзүүлж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулдаг соёл, шинжлэх ухааны байгууллага билээ.
Тус хуралд Монгол, Азербайджан, Казахстан, Киргизстан, Туркменистан, Турк, ОХУ-ын БН Алтай, Хакас, Саха (Якут), Тува, Татарстан болон Москва хотын томоохон музей, хүрээлэн, их сургуулиудаас 30 гаруй илтгэл хэлэлцүүлэх юм. Тэдгээрийн дотор БНТурк улс дахь Европын музейн академийн төлөөлөгч, Бурса хотын даргын соёлын зөвлөх Ахмет Омер Эрдёнмез, ОХУ-ын БНСаха улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Ем.Ярославскийн нэрэмжит Якут улсын уугуул иргэдийн түүх, соёлын музейн захирал Егор Спиридонович Шишигин, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, БНКазахстан Улсын Төв музейн захирал Алимбай Нурсан нарын нэртэй эрдэмтэд оролцоно.
Илтгэгчид Евразийн бүс нутаг дахь музейнүүдийн хувцасны цуглуулга, олон үндэстний уламжлалт хувцас хийгээд иж бүрдэл, хадгалалт хамгаалалт болон үзмэрт дэглэн үзүүлэх асуудлыг олон талаас нь хөндөж хэлэлцүүлэхийн зэрэгцээ Дундад зууны монгол хувцас тэр дундаа Юань улсын хувцасны археологийн малтлага судалгаа, эх сурвалж ба материалын сүүлийн үеийн судалгаа шинжилгээний үр дүнгээ танилцуулах юм.
Музей нь соёлын үнэт өвийг хадгалж, үндэсний соёлыг дэлгэн үзүүлж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулдаг соёл, шинжлэх ухааны байгууллага билээ. Энэхүү хурлын үйл ажиллагаа нь музейн мэргэжилтнүүд, соёл судлаачид, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэдийн санал бодлоо солилцох, нэгдэн нийлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлхэх ухааны яамны санаачлага, Монголын Үндэсний Музей, Монгол костюмс төвийн идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Олон улсын гутгаар чуулга уулзалт Евразийн томоохон музей хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр болно хэмээн бид найдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!