Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шигшээ багийн тамирчид ОЛИМП, ПАРАЛИМПЫН 13 ЭРХ аваад байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид 2015 оны есдүгээр сарын 15-ны байдлаар олимп, паралимпын нийт 13 эрх аваад байна.

ОЛИМПЫН НААДМЫН 10 ЭРХ АВААД БАЙНА

Үүнээс олимпын наадамд оролцох эрхийг хөнгөн атлетикийн марафоны төрөлд Б.Сэр-Од, буудлага спортын 25 метрийн спорт гар буу, 10 метрийн хийн rap бууны төрөлд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, 50 метрийн 3x20 дасгал (урт бууны төрөл)- д Г.Нандинзаяа, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -63 кг жинд С.Батцэцэг, -75 кг жинд О.Насанбурмаа, эрэгтэйчүүдийн -74 кг жинд П.Өнөрбат, -57 кг жинд Э.Бэхбаяр, -65 кг жинд Г.Мандахнаран, -125 кг жинд Ж.Чулуунбат нарын тамирчид Рио-2016 зуны олимпын наадмын эрхээ хангаад байна.

  • /Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 60 кг жинд С.Цэрэнчимэд, эрэгтэйчүүдийн 61 кг жинд Б.Номин нар мөнгөн медаль авсан ч тухайн жин нь олимпын наадмын хөтөлбөрт ордоггүй тул эрх олгогдоогүй болно.

    Чөлөөт бөхийн тамирчдын хувьд 2016 оны 03 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Казахстан улсын Астана хотноо Олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн, 04 дүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо олимпын эрх олгох олон улсын тэмцээн, 05 дугаар сарын 6-8-нд Туркийн Станбул хотноо олимпын эрхийн сүүлийн тэмцээн болох юм.
     
  • Боксын тамирчдын тамирчдын хувьд наймдугаар сард Тайланд улсад болсон Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай 4 тамирчин 10 дугаар сарын 5-15-нд Катарын Доха хотноо болох олимпын эрх олгох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч бэлтгэлдээ гараад байна.
     
  • Жүдо бөхийн тамирчдын хувьд Олон улсын жүдо бөхийн холбооны 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн жин тус бүрийн чансаагаар эрэгтэйчүүдийн -60 кг жинд Г.Болдбаатар 4, Д.Амартүвшин 7, -66 кг жинд Д.Төмөрхүлэг 2, -73 кг жинд С.Ням-Очир 9, -81 кг жинд О.Ууганбаатар 22, -90 кг жинд Л.Отгонбаатар 20, -100 кг жинд Н.Түвшинбаяр 17, +100 кг жинд Б.Тэмүүлэн 24 дүгээрт, эмэгтэйчүүдийн -48 кг жинд М.Уранцэцэг 2, -52 кг жинд М.Бундмаа 15, -57 кг жинд Д.Сумьяа 2, -63 кг жинд Т.Мөнхзаяа 7, -70 кг жинд Ц.Наранжаргал 14, -78 кг жинд П.Лхамдэгд 45, +78 кг жинд О.Жавзмаа 31-т тус тус чансаатай байна. /
     
  • Буудлага спортын төрлийн хувьд 2015 оны 11 дүгээр сарын 1-12-ны өдрүүдэд Кувейт улсын Эль Кувейт хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнээр олимпын сүүлийн эрхүүдийг олгох тул энэ тэмцээнд манай тамирчид гол анхаарлаа хандуулан бэлтгэлээ хийж байна.
     
  • Хүндийн өргөлтийн тамирчдын хувьд 2015 оны 11 дүгээр сарын 20-29-ны өдрүүдэд АНУ-ын Хюстон хотноо болох Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны 03 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Узбекистан Улсын Самарканд хотноо болох Олимпын эрх олгох Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус олимпын эрх олгох болно.
     
  • Хөнгөн атлетикийн спортын марафоны төрөлд 2 тамирчин нэмж эрх авах боломжтой бол байт харвааны тамирчдын хувьд 2015 оны 11 дүгээр сарын 01-08- ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо олимпын эрх олгох Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Туркийн Анталия хотноо болох Дэлхийн цомын тэмцээнүүдээс тус тус ганцаарчилсан төрөлд болон багийн төрөлд эрх авах боломжтой байна.

ПАРАЛИМПИЙН НААДМЫН 3 ЭРХ АВААД БАЙНА

Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдаас Рио-2016 паралимпын наадамд одоогийн байдлаар спортын 3 төрөлд 3 тамирчин эрхийн болзол хангаад байна.

Үүнд: буудлагын 50м спорт гар бууны төрөлд З.Ганбаатар, парапауэрлифтингийн төрөлд Э.Содномпэлжээ, байт харвааны төрөл Д.Баатаржав нар эрхийн болзлоо хангасан бол хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Б.Цогтгэрэл олимпын наадмын “А” нормативийг хангаад байна.

Паражүдо бөхийн -60 кг жинд Б.Ууганхүү, -66 кг жинд А.Мөнхбат нар дэлхийн чансааны эхний 10 дотор багтаж байгаа бөгөөд 2015 ондоо багтааж олимпын эрхийн баталгаажилт нь ирнэ.

Цаашлаад парахөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, диск шидэлтийн төрөл, буудлага спортын гар буу, байт харвааны төрлүүдээс эрх нэмэх боломжтой юм.

Эх сурвалж: ЭМСЯ