• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

240 өрх ундны усгүй болжээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 9 сарын 14
iKon.MN
 

2004 онд ЮНЕСКО Дэлхийн өвд бүртгэн авсан Орхон голын хөндийн соёлын дурсгалт газарт 40 гаруй алтны компани ажиллаж, байгаль орчныг бохирдуулж байгаа талаар “Ариун суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж, “Орхоны дуу хоолой” ТББ-ын тэргүүн Р.Аюушцэрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

“Ариун суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж “Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт төрийн тахилгат Суварга хайрхан уул байдаг. Уг хайрхнаас эх авдаг долоон гол Орхон голыг тэжээдэг юм.

Энэ газарт “Алтан Дорнод Монгол”, “Монгол газар” ХХК-иуд 1999 оноос алт олборлох үйл ажиллагааг явуулсны улмаас нутгийн гурван гол, 15 булаг, шанд устаж үгүй болсон. Энэ нь 2012 онд  “Алтан Дорнод Монгол”, “Монгол газар” ХХК-иуд лицензтэй талбайдаа хууль бусаар 40 гаруй уул уурхайн үйл компани оруулснаас болсон юм. Тухайн үед Улсын Мөрдөн байцаах газрын дарга асан Ө.Энхтөр, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх, Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг нар нэгдсэн зөв бодлогоор хууль бус компаниудыг бүгдийг хөөн гаргаж,  эвдэгдсэн газрын 60 хувьд техникийн нөхөн сэргээлт хийлгэж, байгалийн жамаар ургамал ургаж нөхөн сэргээгдэж байсан.

Одоо яг тухайн үед авч байсан шиг арга хэмжээ авч, төрийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байна. Саяхан БОНХАЖ яамнаас хоёр ч удаа ажлын хэсэг гарч ажилласан хэдий ч ямар арга хэмжээ авсангүй. Хөдөө зугаалж байгаад буцсан хүмүүс шиг сураггүй алга болчихлоо” гэлээ.

240 өрхийн 990 малчин иргэд ундны усгүй  болж, 4-5 км зайтай газраас ундны усаа зөөж хэрэглэж байгаа

Хууль бусаар олборлолт хийж байгаа компаниуд алтыг сорчилж аваад, усыг бохирдуулж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа огт хийхгүй байгаа учраас нутгийн 240 өрхийн 990 малчин иргэн ундны усгүй  олж, 4-5 км зайтай газраас ундны усаа зөөж хэрэглэж байгаа ажээ.

“Орхоны дуу хоолой” ТББ-ын тэргүүн Р.Аюушцэрэн “Миний бие нутгийн 200 гаруй иргэний гарын үсэг цуглуулаад ирлээ. Иргэд хууль бус алт олборлогч компаниудыг даруй хөөж өгөхийг төрийн байгууллагуудаас хүсч байгаа. 

Алт олборлогч компаниуд хууль, журам зөрчин үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал “Монгол газар” ХХК усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд 51 усан буу байршуулж, техникийн нөхөн сэргээлт хийсэн газраа дахин 38 компани оруулан хууль зөрчин алт олборлолт хийж байна.

Орхон голд нүүдлийн шувууд ирэхээ больж, загас жараахайнууд нь ч үгүй болоод байгаа” хэмээн ярилаа.

Дээрх төрийн бус байгууллагууд болон нутгийн иргэдийн зүгээс "Төрийн байгууллагууд хамтран ажиллаж, хууль бус алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоон Орхон голоо авраач ээ" хэмээн хүсч байгааг хэвлэлийн бага хуралд оролцогчид хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг