Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголыг цементээр боомилох хятадуудын бодлого

Д.Энхтүвшин
2013 оны 10 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг
Хятадууд цементний үйлдвэр барьж байна

Энэ өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн ху­ралдаанаар 2013 оны Төс­вийн тодотголын тухай хуу­лийн төслийг хэлэлцэж байгаа. Өчигдрийн хуралдаан ширүүхэн болж  Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эхлээд Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар УИХ-ын дарга, гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөн, тэдний хувьд тун хүнд өдөр өнгөрөх шиг болов.  

Стратегийн ач холбогдол бүхий  салбарт үйл ажил­лагаа явуулж байгаа аж ахуй нэгжид  гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд цементийн үйлдвэрлэлийг  тусгайлан оруулж заагаагүй нь болзошгүй аюулд хүргэхэд ойрхон болжээ. 
 

УИХ-ын гишүүн М.Энх­болдын  “Цемен­тийн үнэ нэмэгдсэн, хө­рөнгө оруулалт, орлого та­салдсанд хэн хариуцлага хүлээх вэ” гэсэн асуулт Ерөнхий сайдыг хөөрхөн сандаргаж “Цементийн үнэн дээр өнгөрсөн таван сар дэвшилтэй байсан. Бү­­тэн таван сар үнэ нь тогт­вортой байж байгаад сүүлийн нэг сард өөрчлөлт орчихлоо. 
 
Цаашдаа бид хөтөлбөрт хамрагдаж, үнэ бууруулна гэж орчихоод авсан мөнгөө зориулалтын бусаар зар­цуулсан байгааг ил тод зарлана. Цементийн үнийг тогворжуулна гэж хө­төл­­­бөрт хамрагдсан ком­па­ниудыг шалгах ажлын хэсэг гаргасан” хэмээх тайл­барыг хийнэ лээ. 
 
Жилийн хоёр сая тон­нын хэрэглээ рүү ойр­тож яваа цемент яах арга­гүй стратегийн ач хол­бог­дол­той бүтээгдэхүүн бол­чихоод байгаа. Монгол Улс хөгжиж дэвшье л гэвэл зам, барилга, дэд бүтцийн салбарт хувьсгал хийх учиртай. 
 
Гэтэл энэ бүх бүтээн бай­гуулалтыг хөдөлгөгч хүч нь болсон цементээр хэрэгцээгээ хангах нь бай­тугай  өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрэлтийн өмнө өвдөг сөхөрч, үнэ ханш нь байнга өссөөр байгаа. 
 
Стратегийн ач холбогдол бүхий  салбарт үйл ажил­лагаа явуулж байгаа аж ахуй нэгжид  гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах ту­хай хуульд 2013 оны дө­рөв­дүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсан. 
 
Энэ хуулийн 4.7 дугаар зүйлд “Стратегийн ач хол­богдол  бүхий  салбарт  үйл ажиллагаа  эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ  49 хувиас илүү га­рах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэжээ. 
 
Стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт  эрдэс баялаг, банк санхүү, хэв­лэл мэдээлэл, харилцаа хол­бооны салбарыг тодорхой  заачихсан байна. Эрдэс бая­лаг гэдэгт шохой, гөлт­гөнө гээд цементийн үйлд­вэр­лэлийн гол түүхий эдүүд орсон байдаг. Гэтэл це­ментийн үйлдвэрлэлийг  дээрх хуульд тусгайлан оруулж заагаагүй нь өнөөдөр биднийг эрсдэлд оруулж болзошгүй аюулд хүргэхэд ойрхон болжээ. 
 
Хятадын  100 хувийн хөрөнгө оруулалттай, жилд нэг сая тонн цемент үйлд­вэрлэх хүчин чадалтай тө­рийн эзэмшлийн  це­ментийн үйлдвэр  Төв аймгийн Сэр­гэлэн сумын нутагт   бариг­даж хэзээ мөдгүй хаалгаа нээх гэж байна. 
 
Эндээс харахад урд хөршийнхөн  манай хуу­лийн цоорхойг ашиглан це­ментийн үйлдвэрээ Монголд барьж үеийн үед хараат байлгах гэсэн далд санаагаа хэрэгжүүлэх гэж байна гэ­хэд хатуудсан болохгүй. Тус үйлдвэрийн төсөл хэ­рэг­жүүлэгчид 2009 онд  ша­выг тавьж, тууз хайчлан ёсолцгоож байж. 
 
Тухайн үед гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр баригдах гэж байгаад дотоодын үйлд­вэрлэгчид болон зарим эдийн засагчид, холбогдох тө­­рийн бус байгууллагууд эсэр­­гүүцэж, өөрсдийн байр суурийг илэрхийлж,  хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн энэ талаар дуу хоолойгоо хүргэж байсан.
 
Түүнээс хойш   цаг хугацаа Монголчуудад боломж ол­гож, хуулийн цоорхойгоо “нө­хөх” боломжийг олгосон ч эрх баригчид хүний урманд анзаарч үзээгүйн балгаар Сэргэлэнгийн цементийн үйлдвэр хэзээ мөдгүй ашиг­лалтад орох гэж байна.  
 
Уг нь шинэчлэлийн Зас­гийн газрын гишүүд ба­рилгын материалын үйлд­вэрлэл тэр дундаа  дотоодын цемент үйлдвэрлэгчдээ дэм­жих  байр суурьтай  байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалттай Цементийн үйлд­вэрийг эх орондоо барих ямар ч хэрэггүй баймаар.   
 
Харин бид дээрх хуу­лийн цоорхойг бусдад ашиг­луулахгүйн тулд цементийн үйлдвэрлэл, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг хуульчилж нэмэлт, тодот­голыг цаг ал­далгүй хийх хэрэгтэй байгаа.

УИХ-ын чуулган

УИХ-ын гишүүд улсын төс­вөө баталж чадахгүй мун­ги­нацгааж байх хооронд хя­тадын төрийн өмчийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мөнхийн баянгал” нэртэй цементийн үйлдвэрийн ор­чимд  хөл хөдөлгөөн нэмэг­дэж хэзээ мөдгүй тууз хайч­лах нь дөхөж байна. 

 
Төслийн  анхны хэрэг­жүү­лэгч нь өөрчлөгдөж, Бүх хятадын цементийн нэгдсэн холбоо буюу тус улсын тө­рийн өмчит компани  төс­лийг хэрэгжүүлж байгаа нь яваандаа монголыг це­мен­тээр боомилох гэсэн урд хөршийнхний том бодлого гэж хардахаас өөр аргагүй юм.
 
 Хятадууд ашиг хар­даг­гүй, харин бодлого барьж явдаг айхтар улс. Үүнийг гэрчлэх түүхэн сургамж бидэнд бий. 1990-ээд оноос манай ХАА-н салбар тэр дундаа ноос, ноолуур, арьс шир­ний дотоодын үйлд­вэр­лэлийг хятадууд бод­ло­гоор дампууруулсан га­шуун түүхийн балаг одоо ч арилаагүй байгаа. 
 
Гэтэл бид өнгөрснөөс сур­гамж авсангүй ээ. Хятадын 100 хувийн тө­рийн мэдлийн Цементийн үйлдвэрийг Мон­голд байгуулах нь хөгж­­лийн суурь сал­бар бо­­­лох цементийн үйлд­вэр­лэлийг Хятад улс өөрийн хя­налтандаа байлгах, үндэс­ний компаниудыг сөхрүүлэх бодлого барьж байгаагийн хамгийн тодорхой нотолгоо юм. 
 
Тиймээс  оройтоогүй    дээ­рээ бодлого боловсруу­лагчид эр­чим хүч, ган төмөрлөг, цементийн үйлдвэрлэлийн салбарыг стратегийн ач хол­богдол бүхий салбарт нэн даруй оруулж, хуульчлах нь Монголын үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, бататгах чухал алхам болохыг эрхэм төрийн түшээд болгоож л суугаа гэж найднам. 

Зураг