Өнгөрсөн даваа гарагийн Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн багагүй бухимдуулж, улайтал нь уурлуулсан. Гэхдээ асуудлын гол нь Р.Эрдэнэбүрэн даргадаа биш, сүүлийн үед үүсээд байгаа цементийн хомсдол, долоохон хоногт үнэ нь тэнгэрт хадаж, нэг тонн нь 145 мянгаас 220 мянга хүрсэн туйлын базаахгүй үзэгдэл байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Дэлхийн зах зээл дээрээс Чингис хааныхаа нэрээр 1.5 тэрбум ам.доллар зээлж авч ирээд бүтээн байгуулалтын багагүй ажил өрнүүлээд байгаа шинэчлэлийн Засгийн газарт маргаашийн Оюу толгойн олох ашгаас илүүтэй өнөөдрийн барилга, замын ажилдаа хэрэглэх цемент гэдэг ёстой л стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болчихоод байгаа.
Тиймдээ ч одоохондоо урд хөршөөс хараат байгаа цементийг энэ жилийн бүтээн байгуулалтын ажлын үеэр тасалдуулахгүй гэхдээ Засгийн газар өнгөрсөн хавар зохицуулалт хийж, цемент импортлогч 57 компанид 127 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон билээ.
Засгийн газраас санхүүгийн болон бусад хөнгөлөлт, дэмжлэг хүлээсэн цемент импортлогч компаниуд энэ жилийн хувьд нэг тонныг нь 165 мянган төгрөгөөс дээш гаргахгүй гэж гэрээ хэлцэл байгуулан ажлаа эхэлсэн. Тэд ч хэлсэн амандаа хүрч зургаан сарын турш гэрээнийхээ үнээр цемент нийлүүлсэн.
Харин хэдхэн хоногийн өмнөөс “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгч болж энэ жилийн зам, барилгын ажил зогсохоос ганцхан сарын өмнө цементийн үнэ огцом өсч, өчигдрийн байдлаар Гурвалжингийн гүүрний дор нэг тонн цемент 230 мянган төгрөг болчихоод байна.
Долоохон хоногт нэг тонных нь үнэ 60-80 мянган төгрөгөөр өсөөд байгаа цементийн үнийг дагаад одоо баригдаж байгаа орон сууц, тавьж байгаа засмал замын өртөг ч нэмэгдэж болзошгүй.
Бид саяхныг болтол “Бензин, шатахууны үнэ нэмэгдснээс болж өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсчихлөө” гэж ярьдаг байсан бол тун удахгүй “Юанийн ханш чангарснаас болоод цементийн үнэ өсч түүнийг дагаад орон сууц худалдаж авах мөрөөдөл маань замхран алга боллоо” хэмээн ярилцаж магадгүй болоод явчихлаа.
Бид цементийнхээ хэрэгцээг өөрсдөө хангах бололцоотой
Албан бус мэдээгээр Монгол Улсын цементийн жилийн хэрэглээ 1.5 сая тонн. Засгийн газраас төлөвлөсөн дэд бүтцийн томоохон төслүүдийн үр дүнд цементийн эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэж, ойрын үед 2.0 сая тоннд хүрэх тооцоо гарсан.
Түүнчлэн барилгын үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор сүүлийн 10 жилийн хугацаанд цементийн хэрэглээ 10 дахин өсөөд байгаа. Цементийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд дунджаар гурав дахин өссөн мэдээ ч байна. Хэрвээ манай улсын цементийн жилийн хэрэглээ 1.5 сая тонн гэж үзвэл манай дотоодын үйлдвэрлэгчид хэчнээнийг нийлүүлдгийг сонирхоцгооё.
Эрэлийн цементийн үйлдвэр жилдээ 150 мянган тонн, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр жилд 300 мянга гаруй тонн, Налайхын цементийн үйлдвэр 100 мянган тонныг зах зээлд нийлүүлдэг гэсэн тооцоо байдаг аж. Тэгэхээр бид 550 мянган тонн цементийг дотоодоосоо хангачих боломжтой гэсэн үг. Үлдсэн 1 сая тонныг урд хөршөөс импортоор оруулж ирдэг гэсэн үг юм. Энэ бол нарийн тоо биш, үүнээс ч илүү хэмжээний цементийг урдаас оруулж ирдэг байж болох.
Хөтөлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа нэмж хуурай аргын технологиор жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэж ирэх жилээс зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа. Мөн “МАК” ХХК хуурай аргын технололгиор жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх цементийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2014 оны эхний улиралд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ.
Мөн Дорноговь аймгийн Өргөн суманд Монполимет компани жилдээ 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Сэнж Сант” Цементийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаас гадна нэлээд олон аж ахуйн нэгж цемент үйлдвэрлэхээр ажиллаж байгаа дуулдсан.
Эндээс харахад бид хэдхэн сарын дараа цементийнхээ хэрэглээг үндэснийхээ үйлдвэрлэгчдээр 100 хувь хангачих бүрэн боломж байгаа бөгөөд экспортлох ч ирээдүй байна. Тэгэхээр цементийн хэрэглээ нэмэгдэж жилдээ хоёр сая тонн гарсан ч бид инээж байгаад дотоодоосоо цементээ нийлүүлж болохоор байна. Ийм таатай боломж байсаар байтал хууль эрх зүй, элдэв татварын дарамтаар үндэснийхээ үйлдвэрлэгчдийн ажилд чөдөр тушаа болчихоод байгаа нь нууц биш болжээ.
Цемент стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болох нь
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсан.
Энэ хуулийн 4.7 дугаар зүйлд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэжээ.
Стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарыг тодорхой заачихсан. Эрдэс баялаг гэдэгт шохой, гөлтгөнө гээд цементийн үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд ордог. Гэтэл цементийн үйлдвэрлэлийг дээрх хуульд тусгайлан оруулж заагаагүй нь өнөөдөр биднийг хаашаа ч бултах аргагүй болгож, Монгол Улсын үндэсний эрх ашигт ихээхэн хор учруулахад ойртоод байна.
Тодруулбал хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, төрийн эзэмшлийн цементийн үйлдвэр Улаанбаатар хотоос 55-хан км-ийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт ид баригдаж өдөр, шөнөгүй ажил нь оволзож байна. Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий, Хятадын төрийн эзэмшлийн цементийн үйлдвэрийн барилга дээр 45 хоногийн жуулчны визээр орж ирсэн 120 гаруй хятад өдөр хоногтой уралдан ажиллаж байгааг манай эрх баригчид мэдэж байгаа.
Эндээс харахад урд хөршийнхөн манай хуулийн цоорхойг ашиглан цементийн үйлдвэрээ Монголд барьж, стратегийн ач холбогдолтой энэ бүтээгдэхүүний зах зээлийг хяналтандаа авч, монофоль эрхтэйгээр зарж, борлуулах гэсэн далд санаагаа хэрэгжүүлэх өдөр нь ойртож байна гэхэд хатуудахгүй.
БНХАУ-ын төрийн мэдлийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Улаанбаатарын бөөрөнд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг хэзээ мөдгүй ашиглалтад оруулахаар өдөр, шөнөгүй ажиллаж байгаа нь саяхан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль удахгүй батлагдах болсонтой ч холбоотой.
Эндээс эргэцүүлэн бодоход Монгол Улс богино хугацаанд үсрэнгүй хөгжье гэвэл зам, барилгын салбарын гол түүхий эд болсон цементийг стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнээр зарлаж, түүнд шаардагдах хууль, эрх зүйн орчныг яаралтай боловсруулан гаргах шаардлагатай болоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!