Оньсого нь эртний Грекийн үеэс үүсэлтэй бөгөөд далд, нууцлаг гэсэн утгатай enigma гэх грек үг юм. Грекийн гүн ухаантан Аристотель “Оньсого гэж сайтар боловсруулсан зүйрлэлийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг.
Хүмүүс аливаа юмсын адил төстэй болон ялгаатай шинж төлөвийг танин мэдсэнээр хооронд нь адилтгаж эсвэл зүйрлэж оньсого зохиодог. Юуг юутай зүйрлэн оньсого зохиож байна гэдгээс тухайн улс үндэстний аж амьдрал, ахуй соёлын онцлог харагдана. Тухайлбал, НАР-ыг хэрхэн оньсоголсныг авч үзвэл;
Монгол оньсогод:
Өглөө бүр урд зүгээс
Улаан халзан бух ирнэ хэмээн мал ахуйтай холбон зүйрлэсэн бол
Хятад оньсогод:
Зурахад дугуй
Бичихэд дөрвөлжин
Өвөл богино
Зун урт хэмээн ханз үсгийн зурлага, хэлбэрээр нь дүрсэлжээ. (日ийм дөрвөлжин дүрстэй байдаг)
Франц оньсогод:
Намайг хүмүүс харахад би улайж харагддаг
Надад байгаа илчээ би цаг үргэлж түгээдэг
Надгүйгээр хэн ч амьдарч чадахгүй учраас
Намайг энэ дэлхийн хаан гэдэг
Би хэн бэ? гэж шинж төлөвийг нь далд утгаар бус шууд ойлгогдохуйц үгээр дүрслэн тус тус оньсоголсон байна.
Монгол оньсого бол ямар нэг зүйлийн нэрийг нууцалж, байр байдал, үүрэг зориулалт, үйл хөдөлгөөн зэрэг түүнийг төлөөлж чадах гол шинж чанаруудаар нь орлуулан дүрсэлж, бусдаар таалгадаг богино хэлбэрийн “шүлгэн” асуулт байдаг. Ихэвчлэн 2-4 мөр шүлгээс бүтдэг. Бүтцийн хувьд богино, товчхон боловч байгаль дэлхий, амьтан, ургамал, хүн тэй холбоотой бүхий л сэдвийг хамарсан өргөн утга, агуулга тай өвөрмөц аман бүтээл юм. Цаг хугацаа өнгөрч, хүний амьдрал өөрчлөгдөхийн хэрээр оньсогын үүрэг зориулалт ч мөн тухайн нийгэм цаг үеийнхээ нөхцөл байдлыг даган хувьсан хувирсан байна. Тухайлбал оньсого нь:
- Цэцэн мэргэний шалгуур
- Оюун ухааны дасгал
- Гай барцад хариулах дом
- Шинэ зүйлсийн тусгал
- Үзэл бодлын илэрхийлэл (Ардын хувьсгалыг дэмжигч уриа лоозон, шашны үзлийг эсэргүүцэгч дуу хоолой, Манжийн үед монголчуудын дуу хоолой)
- Элч дайх нууц үг
- Зарим зүйлсийг хэлэхээс цээрлэн нууцлах хэрэгсэл болж байжээ.
Мөн оньсогыг таахгүй удвал, эсвэл тааж чадахгүй бол тусгай үг хэлэлцдэг ёсон бий. Тухайлбал:
Гунжин гунжин тэмээнээс
Гурван атга шорооноос
Дөнжин дөнжин тэмээнээс
Дөрвөн атга шорооноос
Тайлаг тайлаг тэмээнээс
Таван атга шорооноос
Бөөрөнхий өөхнөөс
Бөөн тосноос
Сэтэрхий зүүнээс
Сэмэрхий хадагнаас
Оосоргүй хувингаас
Оёоргүй хөнөгнөөс
Зайдан гүү (тэмээ) унуулаад
Замгүй газар явуулаад худалдваа... хэмээдэг.
Ийнхүү энэ удаад хожигдсон хүн дараа оньсого хэлэлцэхэд ахин эвгүй байдалд орохгүйн тулд олон оньсого сурах эрмэлзэлтэй болдог байна.
Уншигч та бүхэн дараах оньсогуудыг тааж оюун ухаанаа сориорой!
1.Модон биетэй
Төмөр тархитай
Мундаг баатар
2.Наамал дүнзэн байшинд
Нарийн дүнз хураалгаатай
3.Хөөрхөн хүүхэн
Хөвөнд хучаастай
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!