ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ хэвлүүлэхэд юуг анхаарах вэ?

ikon.mn
2015 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Эрдэм шинжилгээний зохиолын богино хэмжээний, хамгийн нийтлэг бөгөөд шинжлэх ухаанд үйлчлэх үүргээрээ түгээмэл хэлбэр нь эрдэм шинжилгээний өгүүлэл юм.

Өгүүлэл нь судалгаа шинжилгээний ямар нэг үр дүнг нэгтгэн дүгнэж, дүгнэлт өгсөн, шинжлэх ухааны тодорхой мэдээллийг агуулсан бие даасан бичил зохиол юм. Судлаач бүхэн судалгааны ажлынхаа явцад түүний зарим үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлэх үүрэгтэй.

Олон улсын сэтгүүлүүд болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад оролцох ЭШ-ний өгүүлэл, нийтлэлүүдэд тавигдах шаардлагуудыг судлан судалгааны ажилд тавигдах шаардлагуудыг дараах байдлаар тодорхойлов.

Судалгааны ажлын агуулгад тавигдах шаардлага

  • Судалгаа нь шинжлэх ухааны шинэ санааг дэвшүүлсэн байх
  • Судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байх
  • Судалгаа нь туршилт судалгаанд суурилсан байх
  • Судалгааны ажил нь өөр бусад ЭШ-ний сэтгүүлүүдэд нийтлэгдээгүй байх
  • Судалгааны ажилд тавигдах шаардлагыг баримталсан байх
  • Илтгэлийн хураангуйг хавсаргасан байх

Судалгааны үр дүн буюу судалгааны өгүүлэл хэвлүүлэхэд дараах стандарт, шалгуур үзүүлэлтийг мөрдлөг болгоно.

  • ГАРЧИГ:  Гарчиг нь судалгааны ажлын тухай гол санааг агуулсан товч, тодорхой, оновчтой томъёологдсон байх ёстой.
  • СУДЛААЧЫН МЭДЭЭЛЭЛ: Судалгааны ажилд оролцсон судлаачдын овог нэр бичигдэнэ.
  • ХУРААНГУЙ: Хураангуй нь судлаачдад тухайн судалгааны ажлын талаарх ерөнхий ойлголтыг өгөхүйц байх ба тухайн судлаачын судалгааны ажилтай ойролцоо эсэхийг шүүх боломжыг олгох.
  • ТҮЛХҮҮР ҮГ: Өгүүллийн цөм утгыг илэрхийлж чадахуйц цөөн тооны нэр үг ба холбоо үг байна.
  • УДИРТГАЛ: Энэхүү хэсэгт судалгааны ажлын хүрээ болон бусад судалгааны ажлуудаас авсан туршилтын үр дүн, өөрийн судалгааны ажилд ашиглагдаж буй ишлэл авсан судалгааны ажлуудын талаар болон онолын ойлголтуудын талаар бичих. Мөн түүнчлэн судалгааны арга, зорилго, зорилт, хэрэгцээ шаардлага, дэвшүүлж буй асуудал, таамаглал дэвшүүлж түүнээ бататгахын тулд ямар сорил туршилтыг ямар аргаар хэрхэн гүйцэтгэсэн, хэчнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж ямар аргаар боловсруулалт хийсэн зэргийг дурдана.
  • СУДАЛГААНЫ ХЭСЭГ: Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүн, онол арга зүйн янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэд хүрч байгаа зэргийг ишлэл, баримт нотолгоотой гаргана. Тоон үзүүлтэд заавал математик боловсруулалт хийж бичнэ. Тухайн судалгааны ажлыг сонирхогч нь энэхүү хэсэгт бичигдсэн аргачлал болон техникыг ашиглан тухайн судалгааны ажлыг турших боломжтой байхаар тодорхой тайлбарлан бичнэ.
    • СУДАЛГААНЫ ҮР ДҮН: Энэхүү судалгаагаар ямар үр дүн гарсан тухай баталгаатай логик, дэс дараалал сайтай, эмх цэгцтэй, ойлгомжтой бичнэ.
    • ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:  Энэхүү хэсэг нь судалгааны ажлын шийдвэрлэх хэсэг бөгөөд өөрийн судалгааны ажилтай хамааралтай өгөгдлүүдийг тодотгох үйл ажиллагааг тайлбарлан бичнэ.
    • ДҮГНЭЛТ:  Уншигчдад ойлгомжтой байдлаар судалгааны ажлаа дүгнэн нэгтгэн бичих бөгөөд судалгааны үр дүнд гарсан дүгнэлтүүдээ оновчтой, тодорхой байдлаар бичнэ.
    • НОМ ЗҮЙ: Судалгааны ажилд ашиглагдсан бүх материалууд буюу ном сурах бичиг, сэтгүүлүүд болон бусад судлаачдын судалгааны ажлын жагсаалтыг бичих бөгөөд энэ нь тухайн судалгааны ажлыг сонирхож буй хүмүүст нэмэлт мэдээлэл болох боломжтой юм.

Жишээ нь:

  1. Үндсэн хэлбэр

Author, A. A., Author, B. B., & Author, C. C. (Year). Title of article. Title of Journal, xx, xxx-xxx.

  1. Нэг зохиолч

Williams, J. H. (2008). Employee engagement: Improving participation in  safety. Professional Safety, 53(12), 40-45.

  1. 2 болон түүнээс дээш зохиолчтой 

Keller, T. E., Cusick, G. R., & Courtney, M. E. (2007). Approaching the transition to adulthood: Distinctive profiles of adolescents aging  out of the child welfare system. Social Services Review, 81, 453-484.

  1. 8 болон түүнээс дээш

Wolchik, S. A., West, S. G., Sandler, I. N., Tein, J.-Y., Coatsworth, D.,

Lengua, L.,...Griffin, W. A. (2000). An experimental evaluation of  theory-based mother and mother-child programs for children of divorce. Journal of Consulting and Clinical Psychology, 68, 843-856.

  • ХАВСРАЛТ: Шаардлагатай тохиолдолд хавсралтыг оруулах.
  • СУДЛААЧЫН ТУХАЙ: Зарим сэтгүүлүүд судлаачын тухай мэдээллийг шаарддаг бөгөөд энэхүү хэсэгт судлаачын тухай товч мэдээлэл байх бөгөөд судалгааны ажлын чиглэл болон холбоо барих хаягыг тодотгон бичих шаардлагатай.

 

Судалгааны ажил буюу эрдэм шинжилгээний өгүүлэл нь доорх форматаар бичигдсэн байна.

   

Цаасны хэмжээ

А4 (210ммх297мм), хуудасны тоо зарим тохиолдолд хязгаарлагдах

Цаасны хүрээ

Бүх талаас 25мм (дээд, доод, баруун, зүүн)

Фонт

Times Roman, Arial эсвэл Courier, үсэгний хэмжээ 12-pt.

Текстийг хоёр багана болгон байрлуулах

Мөр хоорондын зай

2 sp

Текст зэрэгцүүлэх

Баруун зүүн талдаа тэгшлэх (Justify)

Догол мөр

5–7 хоосон тэмдэгтийн зайн (spaces)

Хуудасны дугаарлалт

Хуудасны дугаарлалтыг хуудас болгоны дор, төвд нь байрлуулах

Гарчиг

Гарчиг болон судлаачын мэдээллийг эхний хуудсанд байрлуулна.

Гарчиг нь том үсгээр бичигдэх бөгөөд, мөрийн төвд байрлана.

Түүний доор судлаачын нэр болон сургуулийн нэрийг байрлуулна.

Үндсэн болон дэд бүлэг гарчиг

Үндсэн бүлгийн нэрүүд хуудасны төвд байрлах бөгөөд том үсгээр бичигдэнэ.

Дэд бүлгийн гарчиг нь хуудасны зүүн талд байрлах бөгөөд том  эсвэл жижиг үсгээр бичигдэх боломжтой

Дүрслэл (Хүснэгт, график, зураг)

Дүрслэлийн нэрийг хуудасны төвд, доор нь байрлуулах. Хэвтээ (italic) хэлбэрээр бичих. Дугаарлалт өгөх ба дугаарлалтыг бүлгийн дугаараар эхлүүлэн дүрслэлийн дугаараар холбон нэрийг бичих. Жишээ нь:

Хүснэгт 1.1. Хүснэгтийн нэр

Зураг 2.1. Зургийн нэр

График. 3.1. Графикийн нэр

Олон улсын PEER-REVIEW сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, хэвлүүлэх сэтгүүлийг сонгох тухай

Олон улсын хуралд оролцон эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлүүлэх боломж

  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээрээ олон улсын индекстэй сэтгүүлүүдээс сонгон илтгэлийн хураангуйг илгээн, тухайн сэтгүүл олон улсын эрдэм шинжилгээний хуралзарлагдсан тохиолдолд  илтгэл тавих
  • Олон улсын хуралд илтгэлээ илгээн хүлээн зөвшөөрүүлэх

Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлүүлэх боломж

  • Тухайн сэдвийн хүрээн дэх сэтгүүлээ сонгох
  • ЭШ-ний өгүүллээ илгээн peer-review хийлгэх
  • Хэвлүүлэх зөвшөөрөл авах

PEER-Review хийх үйл ажиллагааны дараалал

Энэхүү процесс нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэвлүүлэх үед ихэнхи олон улсын индекстэй сэтгүүлүүдэд хийгддэг процесс бөгөөд тухайн судлаачдын бүтээл нь судалгааны ажлын шаардлага хангасан эсэх, шинэ нээлт болон санааг гаргаж чадсан эсэхийг тодорхойлдог хамгийн чухал хэсэг юм.

  • Судалгааны хураангуй илгээх. Судлаачын илгээсэн өгүүллийг хураангуйг сэтгүүлийн редакци хянаж, зөвшөөрөл олгох. Зөвшөөрөл олгосон тохиолдолд судлаач нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бүрэн эхээр нь илгээх боломжтой болно.
  • Судалгааны ажлыг илгээх. Тухайн сэтгүүлийн редакци судлаачын өгүүллийг холбогдох чиглэлийн дагуу мэргэжсэн 3-аас 6 эрдэмтдэд уншуулан тэдний дүгнэлтийг нэгтгэн үзэж хэвлэх боломжтой эсэхийг тодорхойлдог. Энэхүү эрдэмтдийг сонгох сонголт нь өгүүлэл хэвлүүлэх судлаачдад мэдээлэхгүйгээр нууц байдаг.
  • Судалгааны ажлыг засаж сайжруулах. Тухайн ажлыг уншиж шүүмж бичсэн шүүмжийн дагуу засвар өөрчлөлтүүдийг хийж, хугацаанд нь илгээх боломжтой. Энэхүү өөрчлөлтүүдийг сайн гүйцэтгэсэн тохиолдолд судлаачын өгүүлэл нь хэвлэгдэх боломжтой болно.

Олон улсын индекстэй сэтгүүлүүдийн тухай

Томсон рейтерсийн индекстэй  8631 сэтгүүл хэвлэгдэн гардаг. Үүнээс бидний хувьд боломжит салбар, чиглэл бүрээр хэвлэгддэг сэтгүүлийг жагсаавал:

  • Arts & Humanities Citation Index -1735
  • Language and education
  • Science & education
  • English language & linguistics
  • Religious humanism ...
  • Business collection – 227
  • Accounting review
  • Academy of management journal
  • Public administration and development ...
  • Cc/engineering, computing & technology – 1388
    • ACM transactions on software engineering and methodology
  • Human-computer interaction
  • IBM journal of research and development
  • Advances in engineering software ... 

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Компьютерийн техник хангамжийн тэнхимийн эрхлэгч, доктор С.Батчимэг