Иргэд цагдаагийн байгууллагад өгсөн гомдол, мэдээллээ хэн гэдэг хүн шалгаж байгаа болон, хэрхэн шийдвэрлэгдэж байгаа зэргийг хянах боломжтой болсон байна. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч М.Зоригтбаатараас тодрууллаа.
-Иргэд цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгааг мэдэхийн тул цагдаагийн байгууллага дээр өөрийн биеэр очих шаардлагагүй болсон гэсэн?
-Цагдаагийн байгууллага иргэдээс өргөдөл гомдол авахдаа байгууллага дээрээ цаасаар хүлээн авдаг байсан. Өөрөөр хэлбэл, иргэд ямар нэгэн өргөдөл, гомдол өгөх бол цагдаагийн байгууллагын жижүүрт нь эсвэл мэдээлэл судалгааны байцаагчид өгчихдөг. Тэгээд маргааш нь эсвэл нөгөөдөр нь дахин цагдаагийн байгууллага дээр ирж өргөдөл, гомдлыг нь хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа зэрэг мэдээллийг авдаг.
Шийдвэрлэгдсэн мэдээлэл биш зөвхөн өргөдөл, гомдол нь шалгагдаж байгаа эсэхийг мэдэх гэж л явдал чирэгдэл болдог байсан. Тиймээс энэхүү үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, иргэдийг чирэгдэлгүй болгох ажлын хүрээнд цахим өргөдөл, гомдлын нэгдсэн системийг бий болгосон. Одоо иргэд өргөдөл, гомдлыг шалгаж байгаа үр дүнгийн явц, шийдвэрлэлтийг мэдээллийг бүх байдлаар түргэн шуурхай авдаг болсон. Энэ хүрээнд олон ажил хийгдэж байна.
-Цахим өргөдөл, гомдлын нэгдсэн системийн талаар тодруулаач?
-Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2014 оны долдугаар сараас иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээллийг цахим хэлбэрээр авах зорилгоор “Ухаалаг цагдаа” гэсэн цахим өргөдөл, гомдлын нэгдсэн системийг ажиллагаанд оруулсан. Энэхүү системийн давуу тал нь цагдаагийн байгууллагад цахим хэлбэрээр өгсөн гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээллээ хянах боломжтой болсон. Өмнө нь зөвхөн цахимаар мэдээлэл өгсөн иргэд хянах боломжтой байсан. Харин энэхүү системээ өргөжүүлээд үйлчилгээгээ бүр ойртуулсан.
-Цахим хуудсанд хандаж өргөдөл гомдлын мэдээллийг хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Иргэд эдгээр үйлчилгээг www.service.police.gov.mn цахим хуудаснаас хүлээн авах боломжтой болсон.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлдэг зөвшөөрлийн үйл ажиллагааг ийнхүү цахим хэлбэрээр хүлээн авахаас гадна цагдаагийн байгууллага газар хэлтсээ сонгоод цахимаар гэмт хэрэг зөрчлийн талаар өргөдөл, гомдлыг өгөх боломжтой.
Өргөдөл, гомдол цахимаар өгсөн бол автоматаар дугаар өгнө.
Өргөдөл, гомдол цахимаар өгсөн бол автоматаар дугаар өгнө. Харин хэргийн газар дээр очиж ажилласан цагдаагийн алба хаагч дуудлага өгсөн иргэн бүрт дуудлага мэдээллийн хуудас өгч байгаа.
Тухайн хуудсанд иргэдийн өргөдөл, мэдээллийг хүлээн авсан цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчийн талаарх мэдээлэл, 12 оронтой бүртгэлийн дугаартай байна. Тиймээс иргэд тухайн дугаараар цахим хуудсанд хандахдаа дугаар, регистрийн дугаараа хийгээд цахимаар, амаар, бичгээр, утсаар өгсөн өргөдөл, гомдол нь хаана, хэн гэдэг алба хаагч шалгагдаж байгаа, шийдвэрлэлт, үр дүн нь ямар байгаа зэрэг мэдээллийг авна.
-Утсаар өгсөн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл авахын тулд бүртгэлийн дугаараа яаж авах юм бэ?
-Улаанбаатар хотын цагдаагийн газраас энэ оны тавдугаар сараас үүрэн телефоны операторууд болох дөрвөн компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авсан, шалгасан, тасалбар хуудсаар өгдөг бүртгэлийн дугаарыг SMS-МТ буюу мессежээр мэдээлэл өгөх үйлчилгээгээр дамжуулан өгч байгаа. Тиймээс иргэд ямар ч хэлбэрээр өргөдөл, гомдлын шийдвэрлэлийн мэдээллийг авч болно.
Дашрамд дуулгахад, иргэддээ үйл ажиллагаагаа ойртуулах үүднээс энэ сарын 01-нээс эхлэн www.service.police. gov.mn цахим хуудсанаас авах үйлчилгээг гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлэх үүднээс “police” аппликейшнийг гаргасан. Тиймээс тухайн аппликейшнийг гар утсандаа суулгаснаар цахим хэлбэрээр өргөдөл, гомдол өгөх, гаргах боломжтой болсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|