Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ: ГЭР

МОНСУДАР
2015 оны 8 сарын 7
iKon.MN
 

Эсгий туургатан хэмээн түүхэнд алдаршсан Монгол, Түрэг, Хамниган угсаатан буюу Алтайн хэлтэн гэж нэршсэн төв Азийн нүүдэлчдийн олон үеийн туршид аж төрөн сууж ирсэн орон сууц бол гэр юм. Өнөө үед ч хэв заншлаа алдалгүй улам боловсронгуй болон хөгжсөөр аялал жуулчлал, бэлчээрийн мал маллагааны сонгодог сууц болон дэлгэрсээр байна.

Түүхэн гэр өргөө

Монгол гэр өргөөний хэлбэр хийц, бүрдэл хэсгийн уламжлал хувьсал хөгжлийн үе шатыг түүхэн гэр өргөө гэнэ.

Түүхэн үе шат:

1. Уньт гэр

2. Унь тоонот гэр

3. Хана тоонот гэр

4. Тооно, унь, ханат гэр

Хувьсал өөрчлөлт: Хатгуур модон арагтай төрөл бүрийн сууцаас уламжлан дамжиж үе өнгөрсний хойно хатгуур нь унь болон хувирчээ. Хатгуур модыг дээгүүр нь боож байснаа дугуй цагариг матаж холбох болсноор унь тоонот гэрийн загвар гарч уламжилсаар тооно болон хөгжжээ.

Хатгуур модыг хооронд нь хэлхэн боосноор ханын анхны хэлбэр уламжлан хөгжиж хана тоонот гэрийн үе хөгжиж ханыг үдээрээр үдсэн зараан тов уламжилж ирсэн байна.

Эсгий гэрийн араг мод хөгжлийн явцад бүрдсэний үр дүнд эсгий туургатан төв Азийн нүүдэлчдийн гэр орон сууц, орд өргөөний түүхэн хөгжил цогцлон бүрэлджээ.

Уньт гэр

Төв Азийн нүүдэлчид өнө эртнээс нарийн шургааг, бургас мэтийг дээгүүр нь баглаж, газар хатган барьж, төрөл бүрийн бүрээс нөмөргөн оосроор бэхэлснээс хожим нь гэрийн унь бүрэлдсэн тул унин хатгууртай нэн эртнээс уламжилсан гэрийн төрлүүд буй болжээ.

Унь тоонот гэр

Төв Азийн нүүдэлчид эртнээс унин хатгуураа матмал модоор бэхэлж, галын утааг гадагш нэвтрүүлэх тоонотой болсон нь унин хатгуурт гэрийн дараах шатнаас уламжилсан гэрийн төрлүүд буй болжээ.

Хана тоонот гэр

Төв Азийн нүүдэлчдийн эрт цагаас барьж ирсэн унин хатгуурыг хоёр тийш нь ханаруулж үдсэнээс хожим нь хана үүсэж тооно бэхэлснээр хана тоонот гэрийн үе эхэлсэн байна.

Тооно, унь, ханат гэр 

Эсгий туургатны гэрийн хөгжлийн дээд үе нь тооно, унь, ханат гэр болж төрөл бүрээр салбарлан хөгжсөөр байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ I