Үндэсний их баяр наадмын сурын талбай, шагайн асарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэр бүлийн хамт зочиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч харвааны талбайгаас дуут сумаар харваж наадамчин олны мэлмийг баясган Монгол түмний эртний түүхт сайхан уламжлалыг хүндэтгэлээ. Төрийн тэргүүн өнгөрсөн 2014 оны наадмаар анх удаа дуут сум тавьж эртний сайхан уламжлалыг сэргээсэн билээ.
Дуут харваа нь эртний Хүннү гүрнээс эхтэй, Их Монгол Улсыг хүртэлх 1600 гаруй жилийн түүхийг шингээсэн, монголчуудын гайхамшигт өв соёлуудын нэг хэмээн үздэг. Судар бичигт тэмдэглэснээр олноор зэрэг харвасан дуут сум нисэж явахдаа их чимээ гаргаж монгол цэргийн сүр хүчийг харуулж, эсрэг талын зүрхийг мохоодог байжээ.
Монгол Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Монгол нум, харцагын исгэрээт сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!