Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Г.В.ВЕРНАДСКИЙ: Монголын дараагийн хаан хэн байх вэ?

МОНСУДАР
2015 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Мөнх хаан төр барих хугацаанд Цагаадай, Өгөдэй нарын удмын ноёд Тулуйн удмынханд захирагдахаас өөр аргагүй болсон бөгөөд ерөнхийдөө монголчуудын дийлэнх нь Мөнхийн хаанчлалыг хүлээж авсан мэт байлаа. Дараа дараалан олж байсан байлдааны амжилтууд нь Хубилай, Хүлэгү хоёрын ч, Мөнх хааны ч нэр хүндийг улам бүр дээш өргөж байв.

Бат ноён Өрнөддөө 1255 оны орчим нас барж, Мөнх хаан хүү Сартагийг нь Хархоринд дуудан, кипчакуудын хаанаар соёрхон баталжээ. Гэвч тэрээр Сарай руу буцах замдаа 1255 онд нас барснаар дүү Улагч нь ахынхаа орыг залган суусан ба түүний эрх барилт тун богино хугацаанд үргэлжилсэн аж.

Сартагийг ч, Улагчийг ч тэдний авга ах, Батын дүү Бэрхэ хордуулж алснаар 1258 онд өөрөө Кипчакийн төрийг барих болов. Бат, Мөнх хоёрын харилцаа нэлээд сайн байсан болохоор Тулуйнханд тэрээр нэг их хал балгүй өнгөрсөн нь тодорхой байлаа.

Их хааны сэнтий Тулуйн үр садад очих нь бараг тодорхой, Тулуйн хөвгүүдийн эсэн мэнд байгаа хамгийн ахмад хөвгүүн болох Хубилай их хаанд өргөмжлөгдөх нь зайлшгүй болоод байв. Гэвч Хубилайн дүү нарын хамгийн отгон нь болох Аригбөх их хааны сэнтийг гэнэтхэн булаацалдах болсноор Тулуйнхны дунд хагарал үүсэж, өрсөлдөгч ураг удмын ноёд язгууртнууд Тулуйн удмын хаанчлалыг эсрэгүүцэх болов.

Аригбөх айлын отгон хүүгийн ёсоор Хархоринд эрх барин сууж, Мөнхийг нас барсны дараа хэсэг зуур улсын мэдлийг хэтрүүлж, Хубилай, Хүлэгү нарын ирэхийг хүлээлгүйгээр Монголд ойрхон нутаг орнуудын ноёд захирагчдыг дуудан Их хуралдай хуралдуулжээ. Тэнд Аландар зэрэг хэд хэдэн алдартай ноёд жанжнууд оролцсон байна. Аригбөх өөрөө их хааны сэнтийд залрахыг хүсэж байжээ.

Мөнх хааныг нас барсан тухай мэдээ авмагцаа Хубилай тэр үед бараг задарч гүйцээд түр зуур амсхийхийг хүсэж байсан Сүн улстай найрамдал яаран байгуулаад нөхцөл байдал яаж ч эргэж болзошгүй хэмээн хүчирхэг цэргийн хамт хойд нутаг руу довтолгосон байна.

Ингэж болгоомжилсныхоо ачаар тэрээр Аригбөхийн санаархлын эсрэг өөрийн эрх мэдлийг бататгаж чадахуйц хүчтэй болж,  Долоннуурын ойролцоо өөрийн талынхны Их хуралдайг хуралдуулан сөрөг алхам хийжээ. Энэхүү Их хуралдайд Хубилайн төрөл төрөгсдөөс зарим нь, тухайлбал Өгөдэйн хүү Хадан, Чингис хааны отгон дүү Тэмүгэ нар оролцсон байна. Иймд эл хуралдайг хууль ёсных гэж үзэхэд хэцүү байлаа.

Гэхдээ 1260 оны 5-р сарын 6-нд Аригбөхийн хуралдуулсан хуралдай ч бас л ийм байсан аж. Хубилай зарласан хуралдайгаараа өөрийгөө их хаанд өргөмжлүүлснээс хоёр долоо хоногийн дараа нөгөө хуралдай Аригбөхийг их хаанд өргөмжилсөн байна.

Харилцан буулт хийх талаар Хубилайн гаргасан бүх хүчин чармайлт амжилтгүй болж, ах дүү хоёрын хооронд дайн дэгджээ. Хубилайн цэрэг Монголд орж ирснээр Аригбөх Зүүнгар улсад дутаан очиж, Трансоксаний хангаар өөрөө хүлээн зөвшөөрөгдсөн Цагаадайн ач хүү Алухутай холбоо байгуулав.

Хубилай дайтахаас хэлэлцэн тохиролцохыг эрхэмлэн Алухуг Аригбөхөөс салгаж амжсанаар их зүйлийг бүтээжээ. Яах ч аргагүй болсон Аригбөх ахдаа бууж өгсөнд Хубилай түүнийг ихэд зэмлэн буруушаасны эцэст өршөөн хэлтрүүлсэн хэдий ч хамтран тэмцэгсдийг нь баривчилсан байна (1264). Хэдхэн долоо хоногийн дараа Аригбөхийг өвчнөөр нас барав хэмээн зарлажээ.

Эх сурвалж: Г.В.Вернадский “Монголын эзэнт гүрэн”

 

“МОНСУДАР”  хэвлэлийн газраас монголын түүхтэй холбоотой тэр дундаа эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан цувралаар уншигчиддаа хүргэх бодлого баримталж байгаа билээ.

Тус цувралын дараагийн боть болох Евро Азийн үзлийг үндэслэгчдийн нэг Г.В.Вернадскийн “Монголын эзэнт гүрэн” хэмээх энэхүү номонд Их монгол улсын засаг захиргаа, цэргийн бүтэц, зохион байгуулалт, хууль цаазын онцлог түүнчлэн Чингисийн дараах хаадын амьдрал, үйл ажиллагааг товч боловч ойлгомжтойгоор авч үзэн шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгснөөрөө онцлогтой юм.

Та энэхүү номыг Интерном номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.