МАН-ын дарга М.Энхболд болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, намын Ерөнхий нарын бичгийн дарга Ж.Мөнхбат нар тус намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Намын даргын мэдээлж буйгаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Засгийн газраас гарах шийдвэр гаргажээ.
Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд “Сүүлийн 14 хоногийн турш АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газраас МАН-ыг гаргах талаар ярих болсон. 2014 оны арваннэгдүгээр сард АН-аас шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ыг Засгийн газарт хамтарч ажиллахыг албан ёсоор урьсан. МАН ч уг саналыг хүлээн авсан. Үүнээс хойш хагас жил шахам хамтарч ажиллалаа.
Харамсалтай нь богинохон хугацааны дараа АН-ын дээд байгууллага Засгийн газраас МАН-ыг гаргах нь зүйтэй гэдэг чиглэлийг өгөөд байна. Бид ийм богино хугацаанд Засгийн газраас гарна гэж бодож байгаагүй. Улс орны эдийн засгийг сайжруулж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар дорвитой ажлуудыг хамтран хийж, бодитой үр дүнд хүргэж ажиллана гэж бодож байсан.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл намынхаа даргыг Говь-Алтай, Завханд ажиллаж, намаасаа сонгогдсон Ерөнхий сайдыг гадаадад томилолтоор айлчилж байхад гэрээг дүгнэж, шийдвэр гаргасан.
Гэрээний дүгнэлт дээр манай нам АН-аас өөр байр суурьтай байгаа. Зөвхөн томилгоо хийлээ, төрийн ажлыг гацааж байна гэдэг зүйлийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл ярьж байгаа. Бид Засгийн газар хамтарч байгуулсан гэрээнд тусгагдсан асуудлуудыг зүйл заалт тус бүрээр нь хэлэлцэн ярилцаж, ажлыг яаж эрчимжүүлэх вэ гэдэг талаар байнга ярьж байлаа. Улс орны эдийн засгийг хямралт байдлаас гаргах төлөвлөгөөг боловсруулахад бид 50 асуудлыг дэвшүүлэн тавьж, МАН санаачлан батлуулж, хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах ёстой гэж үзэж байгаа.
Мөн 2017, 2018 онд Монгол Улсад ирэх өрийн их дарамтаас гарахын тулд өнөөдөр бид ямар бэлтгэл хийх ёстой вэ гэдгийг хоёр талаас ярилцаж байгаа. Таван толгойн төслийг урагшлуулан хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Харамсалтай нь энэ бүх ажил бидний санасан, бодсон хэмжээнд урагшилж чадахгүй байгаа. Гэхдээ урагшлаагүй энэ бүх байдал АН, УИХ, Засгийн газрын гишүүдтэй салшгүй холбоотой юм. Учир нь энэ асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хэсгүүдийг АН-аас томилдог.
Жишээлбэл, Таван толгойн орд газрыг урагш нь ахиулах асуудал дээр манай намын бүлэг УИХ-аар хэлэлцүүлэн түргэн шуурхай явуулах ёстой гэсэн байр суурьтай байсан. Бүтэн 3 сарын турш энэ хуулийн төсөл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зөрчилтэй байдлаас болоод хэлэлцэгдэхгүй байж байгаад хаврын чуулган хаагдахын өмнө Засгийн газар төслөө татаж авлаа. Оюу толгойн гэрээний талаар Ерөнхий сайдаас асууж тодруулах зүйл бидэнд байсан. Харамсалтай нь асуух боломж, бололцоо олдсонгүй. Ерөнхий сайд гадаадад томилолтоор яваад байсан.
Үндсэн хууль, Сонгуулийн хууль, болон Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх тал дээр бид санал нэг байсан. Энэ хуулиудын ажлын хэсгийг АН-ын бүлгийн гишүүд ахалж ажилласан. Ингээд эдгээр хуулийн төслүүдийг хойшлуулах шалтаг, шалтгаан хайдаг байсан. Тухайлбал, АН-ын бүлэг долоодугаа сарын 1-н гэхэд Сонгуулийн хуулийг батална гэж байсан ч өнөөдрийг хүртэл өргөн бариагүй байна.
Бид Хаврын чуулганаар хэлэлцсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн нэг л заалтыг эсэргүүцсэн.
Энэ нь Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өндөр албан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил гаргахтай холбогдсон заалт байсан. Үүнээс бусад зүйл заалт болон улс оронд шаардлагатай байгаа хуулиудыг батлахын төлөө ажилласан. Гэхдээ үг дуугүй бүгдийг нь батлахгүй. Алдаатай зүйлсийг нь засах хэрэгтэй гэсэн байр суурьтай байса. Хамтарсан гэдгээрээ амаа үдүүлсэн мэт суух нь буруу” гэлээ.
Мөн тэрбээр “Орон нутгийн түвшинд ч хамтран ажиллах талаар тохирсон зүйлс байсан. Харамсалтай нь энэ нь өнөөг хүртэл хэрэгжээгүй. Энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд Говьсүмбэр аймагт болсон ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд ялсан хүмүүс бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх, мандатаа өнөөг хүртэл аваагүй байна. Ийм учраас энэ Засгийн газрын ажилласан хугацаанд хийж, хэрэгжүүлж чадаагүй бүх зүйл МАН-аас болсон гэж дүгнэх нь буруу.
МАН төрийн албан хаагчдын хоморголон халж байна гэсэн мэдээлэл түгээсэн. Бид төрийн албан хаагчыг ажлаас чөлөөлөх, авах асуудлыг Төрийн албаны хуульд үндэслэн хийж байгаа. Тухайлбал, МАН 500-600 хүн халсан гэж байна. АН-ын сайдын ажиллаж байгаа яамны ч албан хаагчид халагдаж байгаа. Нийт халагдсан хүмүүсийн 30 хувь нь АН-ын фракцуудын дотоод зөрчлөөс болж ажилгүй болсон.
Өмнөх Засгийн газрын үед төрийн албан хаагчдын томилгоо Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна гэсэн үнэлгээ ч гарч байсан. Энэ ор үндэстэй байсан. Бүхэл бүтэн системээрээ үүрэг гүйцэтгэгч томилогдсон байсан. Үүнийг төрийн албаны хуульд заасны дагуу л засаж, залруулах ажил хийсэн. 2012-2014 онд 147-180 мянган төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн. Энэ 30 гаруй мянган төрийн албан хаагчид төдийлөн бэлтгэгдээгүй, дадлага туршлага муутай хүмүүс байсан. Ажлын хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Өнөөдөр мэргэшээгүй хүмүүсийг төрийн албанд томилсноороо Монгол төрийн нүүр царай, яам, тусгай газруудын ажиллах чадавх муудаж байсан. Үүн дээр бид хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа” гэв.
Монгол Улс олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар татагдаж байхдаа нэг ч удаа ялагдаж үзээгүй. Гэтэл өмнөх Засгийн газрын үед арбитрын шүүхэд ялагдах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Энэ нь чадвар муутай хүмүүсийг төрийн албанд ажиллуулан, олон улсын хэмжээнд асуудлаа хамгаалуулахаар явуулснаас үүдэлтэй.
Чадвар муутай хүмүүсийг төрийн албанд авч ажиллуулж, олон улсын хэмжээнд асуудлаа хамгаалуулахаар явуулснаас болж, Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсад ялагдаж байсан. Өнөөгийн байдлаар МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын нэр дээр шүүхийн шийдвэрээр төрийн албаны хууль зөрчиж ажлаас халагдсан гэдэг нэг ч шийдвэр гараагүй. Өмнө гарсан алдаа завхралыг залруулахын тулд ажиллаж байсан. Олон түмэн ойлгож байгаа байх.
Гаргаж байгаа шийдвэр нь мөн цаг хугацааны хувьд оновчтой биш. Монголын ард түмэн Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж, тэр сэтгэлээрээ нэгэн жилийн турш ажил амьдралаа зохицуулж, ирсэн. Ган гачигтай, эдийн засаг хүнд, иргэдийн аж амьдрал орон нутагт доройтож байгаа цаг үед ЗГ-т ажиллаж байгаа сайд нарыг гаргах тухай ярьсан.
МАН-ын УЗ, намын бүлэг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу МАН-д урилга илгээж, сайд нарыг нэр двэшүүлж ажиллуулсан. МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын асуудлыг Ерөнхий сайд өөрөө оруулж ирж хэлэлцүүлэх ёстой.
Хамтарч ажиллаж байгаа гэрээг зөвхөн нэг талаас биш бодитой байдлаас нь дүгнээд МАН гэрээг цуцлахад бэлэн байна гэдгээ өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ерөнхий сайдтай уулзсан уу. Ямар шийдэлд хүрсэн бэ?
-Бүлэг өдөр завсарлаад Ерөнхий сайдтай уулзсан. Манай намын бүлэг гарах гэж байгаа шийдвэрийнхээ тухай Ерөнхий сайдад танилцуулсан. Нэг бус удаа танай намын Гүйцэтгэх зөвлөл ийм шийдвэр гаргалаа. Гурван долоо хоногийн турш яригдлаа. Бид ийм шийдвэр гаргах гэж байна гэдгээ Ерөнхий сайдад дуулгасан.
-Ерөнхий сайд юу гэсэн бэ?
-Ерөнхий сайдаас нэг их олон зүйл асуугаагүй. Манай нам гарах гэж байгаа шийдвэрийнхээ талаар л ярьсан. МАН зургаан сайдын суудалтай зууралдаад суугаад байх зүйл байхгүй. Хамтарч ажиллаад үр дүнд хүрье гэсэн бодол байсан. Нэгэнт нөхцөл байдал ийм болж байна. Та бүхэн гарах нь зүйтэй гэдэг улс төрийнхөө шийдвэрийг гаргаж байгаа тохиолдолд энэ шийдвэрийн дагуу намынхаа шийдвэрийг гаргана гэсэн.
-Ерөнхий сайд явуулахгүй гэвэл яах вэ?
-Ерөнхий сайд үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн асуудал. Ерөнхий сайд өөрөө л шийднэ. Манай нам Засгийн газарт зууралдаад байгаа юм байхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!