Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.В.ВЕРНАДСКИЙ: Мөнх төр барьсан нь

ikon.mn
2015 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Гүюгийн нас барсан нь түүний эцгийн үхлээс ч илүү улс төрийн гүнзгий хямралыг Монголд бий болгосон байна. Гүюгийн бэлбэсэн хатан, бөө мөргөлийн үнэн сүсэгтэн, сувдаг шунахай зантай Огул-Хаймыш хатан төр барих болсон бөгөөд эх сурвалжуудаас үзэхэд тэрээр өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэгч бүлэглэлүүдийн үзэл бодол, ашиг сонирхлыг тусгасан атгаг, өрөөсгөл бодлогод автсан хүн байжээ.

Энэ эмэгтэй монгол ноёдын дунд нэр хүнд тааруу байсан бололтой. Нөхцөл байдал ийм байхад тэрээр Өмнөд Дорнодод нөхрийнхөө бодлогыг үргэлжлүүлж чадахгүй байснаас гадна ерөөсөө тэр төлөвлөгөөг дэмждэггүй байсан ажээ.

IX Людовигийн элч нар 1250 оны эхээр хатны өргөөнд хүрэлцэн ирсэн бөгөөд хатан, адил тэгш эрхтэйгээр хамтран ажиллах ямарваа амлалт өгөхийн оронд жил тутам  татвар төлж байхыг шаардсан захидлыг эзэн ванд илгээсэн байна. Тэр захидал нь 1251 оны 4-р сард IX Людовигийн гарт очив.

1250 онд их хааны сэнтийг залгамжлагчийн талаарх монгол ноёдын яриа хөөрөө мухардалд орж Чингисийн удмынхан дотор нэг талаас Зүчи, Тулуй нарын нөгөө талаас Цагаадай, Өгөдэй нарын удмынхан илт харилцан сөргөлдөж ирэв.

Сүүлчийн бүлэглэлийнхэн хүчирхэг удирдагчгүй байсан болохоор Бат, Мөнх нар өрсөлдөгчдөөсөө илүү итгэлтэй  байж, сүүлдээ бүх зүйлийг гартаа аван сөргөлдөгч бүлэглэлийхнээ дарахаар шийдсэн байна. 1250 онд Цагаадайн улсын нутагт байх Иссык-Куль нуурын ойролцоо Их хуралдай хуралдсан боловч ямар нэгэн шийдэлд хүрээгүй учир Бат хан хүү Сартаг, дүү Бэрхэ нарыг гурван зам цэргийн хамт зүүн зүгт илгээн Монголын Хэрлэн голын хөвөөнд буюу Тулуйн нутагт хоёрдахь удаагийн Их хуралдайг зохион байгуулах ажлыг даалгажээ.

Цагаадай, Өгөдэй нарын удмын хамгийн том ноёд энэ хуралдайд оролцохоосоо татгалзсан ч эл хуралдайг хууль ёсны бус гэж үзэх үндэслэл байсангүй. Бат их хааны сэнтийнээс татгалзсан учир Мөнхийг их хаанаар 1251 оны 7-р сарын 1-нд өргөмжилжээ. Мөнх, Бат хоёрын хооронд нууц тохиролцоо хийгдэж, өөрийн нь улсыг бүрмөсөн бие даасан байдалтай болгоно гэж Бат ноёнд ам өгсөн бололтой байдаг агаад үүний үндсэн дээр ах дүү хоёрын хөвгүүд бие биеэ бүрэн ойлгосон ажээ.

Мөнхийн хийсэн анхны алхам нь эсрэг бүлгийнхнээ хайр найргүй нухчин дарах явдал байв. Цагаадай, Өгөдэй нарын удмын олон ноёд язгууртнууд шинэ их хааны эсрэг хуйвалдаан хийсэн ялд унан санаа нэгтнүүдийнхээ хамт цаазлагдаж, шорон гянданд хоригджээ. Тэдний дотор Перс дахь монгол цэргийн жанжин Элжигэдэй Монгол руу буцааж дуудагдан цаазын илдэнд өртөж, Чингай сайд ч Өгөдэйнхэнд үнэнч байсныхаа төлөө толгойгоо алджээ.

Зальжин Махмуд Ялавач л хааны зөвлөхүүдээс ганцаараа амьд үлдсэн аж. 1252 онд Огул-Хаймыш хатан цаазаар авахуулсан бөгөөд түүнийг үлэмж үзэн ядаж байсан Мөнх хаан хоёр жилийн дараа IX Людвигт бичсэн захидал болох албан ёсны баримт бичигт: “Тэр эмэгтэй өлөгчин чоно мэт хорон санаатай хүн билээ” хэмээн бичиж, хатны тухай дурсамжийг харлуулахыг эрмэлзэж байв. Мөнх хаан Гильом Рубрукт ч гэсэн “Огул-Хаймыш хамгийн өөдгүй шулам байсан болохоороо л гэр бүлийнхнээ цөмийг нь ад зэтгэрийн ааш зангаар уналтанд хүргэсэн хүн” гэж хэлж байжээ.

Мөнх хааныг төр барих хугацаанд монголчууд Өмнөд Дорнод, Өмнөд Хятад хоёрт томоохон давшилтууд хийжээ. Өмнөд Дорнодод IX Людвиг ван монголчуудтай зөвшилцөлд хүрэх гэж дахин нэгэнтээ оролдсон байна.

Өмнөд Дорнодод IX Людвиг ван монголчуудтай зөвшилцөлд хүрэх гэж дахин нэгэнтээ оролдсон байна. Бат христийн шашинтнуудад сайн ханддаг тухай болон түүний хүү Сартагийн уриалгын талаар сонссон IX Людвиг дээр дурдсан Вильям гэлэнгээр удирдуулсан францискан элч нарыг Өмнөд Орос руу илгээв. Францисканчууд энэ удаа айлчлалынхаа дипломат шинж чанарыг нууж, зөвхөн шашны номлогч нарын дүрээр аялах даалгавартай байлаа. Тэд 1253 оны 5-р сард Константинополийг орхин гарч, 7-р сарын 31-нд Батын өргөөнд хүрчээ. Бат ноён Вильям гэлэнгийн нэг дагалдагчийг Өмнөд Орост Сартагийн ордонд үлдээж, нөгөө хоёрыг нь Монгол руу цааш аялахыг тушаасан байна.

Гэлэн нар 1253 оны 12-р сард Мөнхийн ордонд хүрч 1254 оны 1-р сарын 4-нд их хаанд бараалхав. “Мөнх хаан далайн нохойн арьстай төсөө бүхий толбодсон маш гялгар арьсан дээл өмсөн, сэнтий дээр заларч байв. Тэр бол шантгар хамартай, дунд зэргийн нуруутай, дөчин тав орчим насны хүн байв.

Түүний хажууд залуу эхнэр нь суух аж. Цирин нэрт, нэлээд том болсон, ихэд царай муутай охин нь бусад багачуудын хамт тэдний араар мөн л сэнтий дээр сууж байлаа. Энэ ордон урьд нь дээрх охиныг төрүүлсэн, хааны маш хайртай христийн шүтлэгт нэг хатных байжээ. “Дарс, тутарганы шар айраг, гүүний айраг, зөгийн балын алиныг нь уух вэ? гэж гэлэнгүүдээс асуувал тэд тутарганы шар айргийг сонгож авав. Дараа нь элч нар Монголд байх хугацаандаа хаан, түүний гэр бүлийнхний төлөө “мөргөл залбирал үйлдэж байх” зөвшөөрөл хүсэхдээ Батын соёрхолд багтаж, Сартагийг христийн шашинтан болгосноо дурджээ. Үүний хариуд Мөнх хаан Баттай санал нэг байгаагаа бахархалтай нь аргагүй мэдэгдэж: “Наран туяагаа хаа сайгүй цацраадгийн адил Бат бид хоёрын эзэмшил хаа хаагүй дэлгэрчээ.” хэмээсэн байна.

Вильям (Гильом де Рубрук-Орч.) гэлэнгийн мэдээлснээр ингэж байх хооронд хааны орчуулагч согтсон учир Мөнхийн хувьд зочдынхоо яриаг ойлгоход бэрхтэй болсон ажээ. Их хаан өөрөө ч согтсон мэт гэлэнгүүдэд санагдаж байв. Хүлээн авалтын албан ёсны хэсэг дууссаны дараа Францын тухай яриа өрнөж, “тэнд хонь үхэр, адуу хэр олон байдаг, тэдний хувьд өнөө маргаашгүй тийшээ довтолж, цөмийг нь цөлмөж авах хэрэг байгаа эсэх” талаар тэднээс асууж гарчээ.

 

Эх сурвалж: Г.В.Вернадский “Монголын эзэнт гүрэн”

 

“МОНСУДАР”  хэвлэлийн газраас монголын түүхтэй холбоотой тэр дундаа эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан цувралаар уншигчиддаа хүргэх бодлого баримталж байгаа билээ.

Тус цувралын дараагийн боть болох Евро Азийн үзлийг үндэслэгчдийн нэг Г.В.Вернадскийн “Монголын эзэнт гүрэн” хэмээх энэхүү номонд Их монгол улсын засаг захиргаа, цэргийн бүтэц, зохион байгуулалт, хууль цаазын онцлог түүнчлэн Чингисийн дараах хаадын амьдрал, үйл ажиллагааг товч боловч ойлгомжтойгоор авч үзэн шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгснөөрөө онцлогтой юм.

Та энэхүү номыг Интерном номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.