Түүх соёлын үнэт өвөө энд тэндхийн дуудлага худалдаанд орж, нэрээ нууцалсан баячуудад зарагдсан талаар сонсч дасах шахаад байсан монголчуудад энэ сарын эхээр чихэнд чимэгтэй нэгэн мэдээ сонсогдсон билээ.
Уран бүтээлч нь энэхүү баримлыг мэндэлснийх нь 850 жилийн ойд зориулан бүтээсэн юм билээ.
Тэгвэл Эзэн богд Чингис хааны энэхүү хөшөө, баримлыг эх орондоо авч ирэх, Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.
Ингэснээр, Буриадын уран бүтээлч Даш Намдагийн бүтээл, таван метр өндөр сүрлэг хөшөө эх орондоо ирэх нь тодорхой болов. Улсынхаа түүх, мандан бадралын бэлгэ тэмдэг болсон их хааны хөшөөг гурван сая еврогоор худалдан авахын зэрэгцээ, үндэсний үзэл нь гаргасан мөнгөнөөс нь ч их гэдгийг зарлан тунхаглаж чадсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг “ММ” “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байна.
Монголын бизнесмэнүүд сүүлийн жилүүдэд илт хөрөнгөжиж, “Форбс”, “Фортюн” зэрэг нэр хүндтэй сэтгүүлээс гаргадаг баячуудын жагсаалтад нэр гарах болсон билээ. Тэр ч утгаараа дэлхийн баячуудын жишгийг дагаж, нэр хүндтэй дуудлага худалдаанаас урлагийн бүтээл худалдаж авсан тухай мэдээлэл байсхийгээд гарах болсон. Гэвч олон нийтэд дэлгэж үзүүлэх нь битгий хэл авсан гэсэн баттай мэдээлэл ч байдаггүй учраас урлагийн бүтээлийг эх орондоо авч ирж, алсдаа “Третьяковын галерей” гэдэг шиг музей нээх санаатай юу, аль эсвэл хэзээ ч үнэ цэнээ алддаггүй гэдэг утгаар нь хөрөнгө мөнгөө өсгөх, хадгалах хэрэгсэл болгож байна уу гэдгийг мэдэхэд бэрх байдаг нь үнэн.
Харин Д.Бат-Эрдэнэ гишүүн Marble Arch-ийн гол үзмэр болж, хөгшин Европт шагшигдаж байсан энэхүү хөшөөг анхнаасаа олон нийтийн хүртээл болгох зорилгооор худалдан авснаараа нэгэн шинэ жигийг бий болголоо.
Барууныхан Улаанбаатарт ирсэн сэтгэгдэлдээ “Өндөр хөгжилтэй сайхан хот байна” гэдэг бол аливаа зүйлийг түс тас хэлдэг оросууд “Манай тэндэхийг санагдуулж байна” гэх нь элбэг. Чөлөөт бөхийн тэмцээнд барилдахаар ирсэн нэгэн бөх “Манай тэндэхийн автономит тойргийг санагдууллаа” гэж байсан удаа ч бий. Үнэхээр нийслэл хотод маань дэлхий нийтэд танил болсон хөшөө дурсгал, барилга байгууламж цөөхөн. Тэгвэл Европчуудад тодорхой хэмжээнд танигдаж, хэдэн сая хүний нүдийг хужирласан “Чингисийн хөшөө” брэнд л гэсэн үг.
Харин байршлын талаар бодох хэрэгтэй болов уу. Хөшөөг Чингисийн талбайд байрлуулахаар болсон гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт мэдэгдсэн. Гэхдээ нэг газар хоёр Чингис байх нь хэр зохимжтой юм бол гэж санагдана. Тэнд Эзэн Чингисийн хөшөө байгаа шүү дээ. Суут богд маань өрлөг жанждынхаа хамт төрийн ордон гал, голомтоо сахиад сууж байна. Хэдхэн метрийн цаана дахиад нэг Чингис хаан гараад ирэх нь хэнд сонин бэ. Мөн жанжин Сүхбаатарын хөшөөг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Зүй нь Д.Сүхбаатарын хөшөөг өөр тийш шилжүүлсэн ч Даш Намдагийн бүтээсэн Чингисийг Чингисийн талбайд тавих хэрэггүй. Нэг талбайд нэг л Чингис байсан дээр. Тиймээс өөр нэг аятайхан газар байгуулаад шинэ хөшөөгөө байрлуулчихвал мөн зүгээр ээ.
Ингэснээр нийслэл хот чимэг нэмж, жуулчдыг татах газар нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Гол нь жуулчдын очдог газрын тоог нэмэгдүүлэх гээд байгаа шүү дээ. Чингисийн талбайд хүссэн хүсээгүй бүх жуулчид ирдэг. Тэднийг өөр тийш нь явуулья гэвэл сэтгэлийг нь татах өөр газар хэрэгтэй. Даш Намдагийн бүтээл Чингис хааны хөшөө тэр соронз нь болж чадна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!