ОХУ, Монгол Улсын хооронд харилцан визгүй зорчдог болсноос хойш манай улсын иргэд хойд хөршийн нутаг дэвсгэрээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийг хувиараа импортлон оруулж ирэн, гар дээрээс худалдаалах болсон.
Иргэд гол төлөв, чихэр, печень, архи, ургамлын тос, уксус, лаазалж нөөшилсөн мах махан бүтээгдэхүүн хойд хөршөөс оруулж ирэн хүн ам ихээр төвлөрсөн Дархан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудын хүнсний зах, гудамж талбайд ил задгайгаар зарж борлуулдаг аж.
Бодит байдалтай танилцахаар Дархан Уул аймгийн “Дархан”, “Буян”, “Дархан Олон улсын худалдааны төв” зэрэг томоохон хүнсний захуудын ойр орчмоор тус аймгийн МХЕГ-ын улсын байцаагчдын хамтаар шалгалт хийхэд гар дээрээс худалдаа хийж байгаа хэд хэдэн тохиолдолтой таарлаа. Гол төлөв автомашиныхаа багаажинд ОХУ-аас оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ дэлгэн зардаг байна.
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ, “Гар дээрээс худалдаа эрхэлж байгаа иргэд хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ хадгалдаг. Зарим нь авто машины багаажинд хонон өнжин байлгадаг. Мөн наранд байлгах ёсгүй бүтээгдэхүүнийг гудамжид ил тавьж амархан муутгадаг” хэмээн ярьж байлаа.
Ил задгайгаар хүнсний бүтээгдэхүүнийг ингэж худалдаалах нь тухайн бүтээгдэхүүнд өөрчлөлт орж, улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй аж. Хэдийгээр 5-6 сар хадгалах ёстой ч наранд хэт халснаас долоо хонохгүй муудах хүнсний бүтээгдэхүүн ч байдаг байна. Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээс болж эрүүл мэндээрээ хохирлоо гэхэд хариуцлага тооцох гэхээр аж ахуйн нэгж байхгүй.
“ОХУ-аас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд хуулиараа ил задгай зарагдах ёсгүй” гэдгийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Наранцэцэг онцлоод, “Хил гаалиар ямар нөхцөл байдалтайгаар яаж тээвэрлэж оруулж ирсэн нь үл мэдэгдэх хүнсний бүтээгдэхүүн ил задгайгаар худалдаалах явдал Дархан Уул аймагт түгээмэл байдаг” гэдгийг хэлэв.
Гар дээрээс худалдаалагдаж байсан гоймонгууд цан цохиж хөлөрсөн, орос масло, тоснууд хайлсан байсан.
Мэргэжлийн хяналтынхны зүгээс эл байдалтай тэмцэж тухай бүрт нь торгуулийн арга хэмжээ аван, бараа бүтээгдэхүүнүүдийг хураадаг ч энэ байдлыг нэг мөр таслан зогсоож хүчрэхгүй байгаа аж.
Гар дээрээс худалдаа хийж буй иргэдээс хуулиар хориглогдсон байхад яагаад гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулаад байгааг нь тодруулахад, “Гар дээрээс худалдаа хийхгүй тэгээд хөл дээрээсээ худалдаа хийх юм уу” хэмээн адрах нэгэн ч таарч байлаа.
Мөн “Хүний амьдрал юм чинь одоо яая гэхэв дээ” гэхээс өөрийг хэлсэнгүй. Иргэд гол төлөв бараа бүтээгдэхүүнээ машиныхаа багаажинд хийж зардаг агаад орой нь хүнсний бүтээгдэхүүнүүдээ гэрийнхээ хөргөгч, хөлдөөгчид хийж хадгалалтын горимыг нь алдагдуулахгүй байхыг хичээдэг гэв. Гэсэн хэдий ч хэт халуунд халж, хүйтэнд хөрсөн бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орсон болохыг мэргэжлийн хяналтын байцаагч нар хэлж байлаа.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нартай хийсэн хяналт шалгалтын үеэр “Дархан олон улсын худалдааны төв”-ийн ойролцоо автомашиныхаа багаажинд худалдаа эрхэлж байсан хэд хэдэн иргэний зарж байсан хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн юм.
Тухайлбал, гар дээрээс худалдаалагдаж байсан хүнсний гоймонгууд цан цохиж хөлөрсөн, орос масло, тоснууд хайлсан зарагдаж байлаа.
Иргэд энэ байдлыг төдийлөн анхааралгүйгээр худалдаа хийдэг нь ч харагдаж байсан юм. Нарийн боов, пирог, шоколадууд гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг халуун наранд удаан байлгах нь түргэн хугацаанд муудахад хүрдэг аж. Гэтэл иргэд үүнийг нь мэдэхгүй зарж борлуулдаг. Авсан иргэн нь мэдэхгүй хэрэглэж эрүүл мэндээрээ хохирч байна.
Мөн архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдаалагдах явдал түгээмэл байдаг аж.
Өнгөрөгч цагаан сарын үеэр Дархан-Уул аймагт ОХУ-аас орж ирсэн 2,000 төгрөгийн архи зарагдаж байсныг Дархан Уул аймаг дахь МХЕГ-ын байцаагч нар хурааж аван устгалд оруулжээ. Тус архийг ОХУ-аас оруулж ирсэн нь үнэн боловч гарал үүсэл, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүйн дээр гар аргаар хийгдсэн болох нь лобарторын шинжилгээний явцад тогтоогджээ.
Хүнсний чанар аюулгүй байдлын улсын байцаагч Р.Энхсаруулаас доорх зүйлийг тодрууллаа.
“Энд зарагдаж байгаа лаазалсан бүтээгдэхүүн 2014 оны арваннэгдүгээр сард үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн байна. Үйлдвэрлэснээсээ хойш таван сарын хугацаанд, 18-20 градуст чийглэгтэй нөхцөлд хадгалагдана гэж шошгон дээрээ бичжээ. Хугацаа нь хэдий нь дууссан гэсэн үг. Гэсэн хэдий ч хүмүүс орос бүтээгдэхүүн, үнийн хувьд харьцангуй хямд гэдэг утгаар нь худалдаж авч байна. Энэ бол асар буруу. Иргэд худалдан авах гэж байгаа бүтээгдэхүүнийхээ хаяг шошгон дээрх үйлдвэрлэгдсэн огноог сайн харж худалдан авах хэрэгтэй. Манай байгууллага энэ бүхэнтэй тэмцээд, хяналт шалгалт зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд хурааж аван устгалд оруулах, иргэнд торгууль тавих гэх мэтээр арга хэмжээг авдаг. Гэхдээ ганцхан мэргэжлийн хяналтын газар үүнийг зогсоохын төлөө тэмцэх бус ард иргэд үүнтэй бас тэмцэх хэрэгтэй. Худалдаж авахаа л зогсоочих хэрэгтэй. Ингэж байж л энэ зөрчил арилна” гэлээ.
Орос хүнс чанартай гэсэн ташаа ойлголтыг халж найдвартай хүнсний бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй
Гар дээрээс бүтээгдэхүүн борлуулж байгаа иргэд зарим тохиолдолд ОХУ-ын баталгаат дэлгүүрээс бүтээгдэхүүнээ худалдан авдаг ч хил гаалийнхны хяналтаас нуугдаж монголд оруулж ирэхдээ бүтээгдэхүүнийхээ хадгалалтын горимд өөрчлөлт оруулж, исэлдэж муутгах тохиолдол их байдаг гэдгийг худалдаа эрхлэгчид ч өөрсдөө хүлээн зөвшөөрч байв.
Иймд гар дээрээс орос хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг, хэн хэзээ хаана үйлдвэрлэсэн нь тодорхой хүнсийг худалдан авахыг олон нийтэд мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Ялангуяа дотоодод хүнсний үйлдвэр нэг үеэ бодвол эрс сайжирсан. Монгол улс импортыг орлох олон хүнсний бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэж байгаа энэ үед Орос хүнс чанартай гэсэн ташаа ойлголтоо халж жинхэнэ найдвартай хүнсний бүтээгдэхүүнийг сонгох шаардлага тулгарч байна. Монгол улсад олон улсын стандартыг нэвтрүүлсэн томоохон үйлдвэрүүд олон болсон. Хүнсний үйлдвэр болгон хэрэглэгчийн эрх ашийг нэн тэргүүнд тавьж ажиллаж байгаа энэ нөхцөлд гар дээрээс худалдаалж байгаа чанар, аюулгүй байдлын баталгаагүй хүнс хэрэглэн амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагынхан анхааруулж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!