ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Дүгэржав: Болгарын Ерөнхийлөгч “Таван жилийн дараа Монголчууд биднийг тоохоо болино шүү” гэсэн

Д.Түвшин
2015 оны 6 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

Өчигдөр өглөө төрийн ордны баруун өмнүүр алхаж явтал Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав гуай цүнхээ савчуулчихсан яаруухан алхаж явдаг юм байна. Судлаач эрдэмтнийх нь хувиар Антрактид тивд дөрөв дэх удаагаа ажиллаад ирснийх нь дараахан уулзаж ярилцаж байсан болохоор хуучны танилтайгаа яриа өрнүүлмээр санагдаад, бас “Холын хүнээс үг сонс” гэсэн үгийг ч бодолцон “Дүгэржав гуай сайн уу, хэзээ ирэв” гэснээр бид хоёрын яриа хөвөрсөн. Тэрбээр “Өнөө өглөө ирлээ. Зургаа хоноод буцна” гэснээр бид хоёрын яриа зовлонгүй өрнөдөг юм байна. Өнөөдөр түүнийг Дэлхийн өмнөд туйлын “О” цэгт хөл тавьсан анхны монгол хүн гэдгээр нь биш Элчин сайд гэдгээр нь олон нийт сайн мэддэг болжээ. Ингээд Антрактид судлаач эрдэмтэн, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржавтай хийсэн яриаг болгооно уу.

-Өглөөхөн “Чингис хаан” нисэх буудалд хөл тавьсан ч одоо ингээд яаруухан явахыг тань бодвол их ажилтай иржээ дээ? 

-Тэгж ойлгож болно. Зургаа хоноод буцах ч гэлээ ер нь яаравчлахгүй бол амжуулах ажил ихтэй ирсэн. Энэ Пүрэвээс Бямба гарагийн хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Гадаадын хөрөнгө оруулагчдын ээлжит чуулга уулзалт болно. Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа Европын хөрөнгө оруулагчид Монголыг ихээхэн сонирхох болоод байна. 

Энэ үед Ерөнхийлөгчийн ивээл дор ийм чуулга уулзалт болж байгаа нь онцлогтой юм. Өнгөрсөн жилүүдийнхийг бодвол энэ жил ирж байгаа хөрөнгө оруулагч, бизнесменүүдийн тоо, чанарт ихээхэн өөрчлөлт орох болов уу гэж харж байна. Сая сарын өмнө буюу тавдугаар сарын 10-13-нд Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росан Плевнелиев манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийснийг хүмүүс санаж байгаа.

Тэр үед бизнесийн олон тооны уулзалт, ярилцлагууд болсон ч цаг хугацааны хувьд их давчуу байсан. Хэдийгээр Болгар нь Европын холбооны гишүүн улс ч гэлээ ганц Болгар гэлтгүй Европын олон орон Монголын уул уурхайн том төслүүдтэй танилцъя, хөрөнгө оруулах боломж юу байна, ямар салбарт хамтран ажиллавал илүү үр дүнтэй байх нь вэ гэж маш их сонирхож байгаа.

Түүнээс гадна Болгарчууд уламжлалт найрсаг харилцаагаа сэргээе, урлаг соёл, спорт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт бодитойгоор хамтран ажиллая гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Болгарт байгаа манай Элчин сайдын хамрах хүрээ тийм ч багагүй. 

Өнөөдөр надтай хамт Болгар Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Улаанбаатарт хүрэлцэн ирсэн.

Энэ хүнийг дагаад Дани, Англи, Австри зэрэг орны 10 гаруй томоохон бизнесмен, хөрөнгө оруулагчид ирээд байна. Монгол Улс эрчимтэй хөгжлийн гараан дээрээ ирээд байгаа энэ цаг үед гадаадад суугаа Элчин сайд хүн зөвхөн улстөрийн харилцааны асуудал хөөцөлдөхөөс гадна хөрөнгө оруулагчидтай харилцаа тогтоож, эх орон руугаа тэдний сонирхлыг хандуулах чухал шаардлагатай болоод байна. Товчхондоо ийм ажлаар л ирлээ дээ.

-Таны хувьд Болгараас гадна Европын холбооны өөр ямар улсад Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байгаа вэ? 

-Болгарт байгаа манай Элчин сайдын хамрах хүрээ тийм ч багагүй. Бидний хувьд Кипр, Грек, Македони, Румын, Молдав гэсэн улсуудыг давхар хавсран ажилладаг. Эндээс Болгар, Румын, Кипр, Грек улсууд нь Европын холбоо болон НАТО-гийн гишүүн юм. Хэдийгээр зүүн Европ, Балканы хойгийн зарим орнууд эдийн засгийн хямралтай байгаа ч бид уламжлалт харилцаа таслалгүй, шинэ түвшинд гаргах ёстой. Яг үнэндээ бидний зүгээс Грек, Кипр, Румын зэрэг улсуудыг эдийн засгийн хямралтай, Европдоо ядуу орнууд гэж хараад байдаг ч биднээс толгой дээгүүр гараад явчихсан улсууд байдаг л даа. Яаж ч бодсон тэд чинь Европын орнууд юм.

Хэдэн мянган жилийн суурин соёл иргэншилтэй, газрын харилцаа, банк санхүү, соёл, шинжлэх ухаан гээд бүх талаараа биднээс хамаагүй урагшаа явчихсан тэдгээр орнуудын хөрөнгө оруулагчид ч дайн байлдаангүй, амар амгалан, том газар нутагтай, хоёр аварга хөрштэй гээд Монгол Улсыг эдийн засгийн үр өгөөж талаас нь маш их сонирхон харж, аль салбарт хамтран ажиллавал илүү өгөөжтэй вэ гэдгээ шийдэж ядан байна.

Сая Болгарын Ерөнхийлөгч Росан Плевнелиев Монголд айлчилсныхаа дараа нутагтаа очоод “Монголчууд чинь далайд гарцгүй гээд байсан чинь бидний далайгаар болон төмөр замаар арайхийн хүрдэг ОХУ, БНХАУ гэсэн аварга том хоёр далайн дунд оршдог, асар их боломжтой улс юм байна. Бид Монголоор дамжин БНХАУ, ОХУ руу гарах бол Монголчууд биднээр дамжин Европ руу гарах маш их боломжийг би олж харсан” гэж Софид суугаа нийт дипломат төлөөлөгчдийн уулзалт дээр нэр цохон тэмдэглэж байна лээ. 

-Болгар Улсын Ерөнхийлөгч Росан Плевнелиев Монгол Улсад хийсэн төрийн айлчилдаа аль хэр сэтгэл ханамжтай буцсан бол? 

-Маш их сэтгэл ханамжтай буцсан. Монгол-Болгар улсууд 1950 онд дипломат харилцаа тогтоож, энэ жил 65 жилийн ой нь тохиож байгаа юм. Энэ түүхт ойн хүрээнд Болгар Улсын Ерөнхийлөгч Росан Плевнелиев төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд маш чухал олон асуудлыг ярилцаж шийдсэн. Заримаас нь дурдвал хуучны социалист системийн орнуудын хувьд Монголоос Болгарт төлөх тодорхой өрийн асуудал байсныг нэг мөр шийдсэн.

Монгол-Болгар улсууд 1950 онд дипломат харилцаа тогтоож, энэ жил 65 жилийн ой нь тохиож байгаа юм.

Тодруулбал тэр өрөөс үлдсэн хоёр сая ам. долларын нэг саяд нь 50 оюутан, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт сургаж өгье. Үлдсэн нэг сая ам. долларт нь хөдөө аж ахуйн чиглэлийн техник, тоног төхөөрөмж нийлүүлье гэж Ерөнхийлөгч Росан Плевнелиев илэрхийлсэн. Үндсэндээ Болгарт төлөх ёстой хоёр сая ам. доллараар буцаагаад бидэнд хөрөнгө оруулалт хийсэн хэрэг юм л даа. Түүнээс гадна шинжлэх ухаан, их дээд сургуулиуд, соёл урлаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай, дэд бүтцийн салбарт нягт хамтран ажиллах боломж нээгдсэн. Мөн Софи, Улаанбаатар хотуудын хооронд хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжийг Ерөнхийлөгч Росан Плевнелиев гуайн айлчлалаар нээж өгсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, Төрийн тусгай хамгаалалтынхан, Гадаад хэргийн яам, Болгартай харилцаатай бүх хүмүүс маш их сэтгэл гаргасанд Элчин сайдын хувьд ихээхэн талархалтайгаар дурсаж явна. Болгарын Ерөнхийлөгч Росан Плевнелиев гуай айлчлалынхаа дараа “Өнөөдөр биднийг гэж байгаа дээр нь Монголчуудтай нягт хамтран ажиллах ёстой.

Таван жилийн дараа Монголчууд биднийг тоохоо болино шүү. Азийн орнууд хэрхэн богинохон хугацаанд бар болдгийг бид гашуун туршлагаараа мэднэ. Дараа нь яаж ч гуйгаад нэмэргүй болдог гашуун түүхийг Монгол дээр давтаж яагаад ч болохгүй” гэж хөрөнгө оруулагчид, бизнесменүүддээ хэлэхийг сонсоход сайхан л санагдаж байсан. Товчхондоо Болгарын Ерөнхийлөгч Монголд хийсэн айлчлалдаа тийм л өндөр ач холбогдол өгч байна лээ.

-Өнөөдрийн УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын байнгын хороон дарга байхдаа Болгарт очоод дуу алдаж байсан талаар та сая нэг зүйл хэллээ. Түүнийгээ жаахан тодруулахгүй юу? 

-Хуучны зүүн Европын социалист орнуудад Европ соёл гэдэг зүйл тэртэй тэргүй хадгалагдаж үлдсэн байдаг. Үндсэндээ 1945 оноос хойш 45 жил л социализм гэж давхисан болохоор уламжлалт зах зээлийн сэтгэлгээ, газрын харилцаа, хөгжил дэвшил, соёл иргэншлийг нь өөрчилж чадаагүй. Одоогоос дөрвөн жилийн өмнө З.Энхболд дарга УИХ-ын байнгын хороон дарга байхдаа Болгарт айлчлал хийсэн юм. Тэр үед Варна хотод зочлохдоо 400 метр өндөр ууланд барьсан нүхэн гарц, замыг хараад “Энэ чинь л бидний мөрөөдөөд байгаа нийгэм шүү дээ” гэж хэлж байсан.

Өнөөдөр Софи хотын метро Европт дээгүүрт орох хэмжээнийх. Бүх л дээд сургууль, авто болон төмөр замын вокзал, нисэх буудал гээд хүний хөл ихтэй газруудаа бүгдийг нь метроны буудалтай болгочихсон. Одоо сардаа нэг км метро барьж байна.

Бид нэг км метрог нэг тэрбум ам. доллараар барих юм яриад сууж байхад Болгарчууд нэг км метрог 300-400 сая еврогоор барьж байгаа. Бидэнд Болгараас сурах, санаа авах зүйл үнэхээр их байна. Ер нь тэгээд хуучны сайн танил гэдэг ямар ч гоё юм ярьсан шинэ танилаас илүү байдаг л даа. 

-Таны хувьд социализмын үед Болгарт сургууль төгсөгчдийн нэг. Тэр үеийн Болгар хүний Монголчуудад хандах хандлага аль хэр өөрчлөгдсөн бол? 

-Ер нь Болгар гэдэг нь Булга гэдэг үгнээс гаралтай буюу Булган голын ай сав газар хавиар нутаглаж байгаад баруун тийш хөдөлсөн нүдэлчин ард түмэн юм л даа. Тэд ҮIII зууны үед славянчуудтай нийлж анхны Болгар улсыг байгуулж байх үед хүмүүс нь гэрт амьдардаг, айраг уудаг, ноёд ихэс дээдэс нь “хан” цолтой байсан гэдэг. Яваандаа славянд гүнзгий ууссан ч одоо хүртэл эртний Монгол үгнүүд хадгалагдан үлдсэн байдаг. Яах аргагүй нүүдэлчдийн үр хойч болохоор Болгарчууд бидэнд онцгой хүндэтгэлтэй ханддаг нь олон зүйл дээр илэрдэг.

Монголчууд ч Болгарт хүндэтгэлтэй ханддаг. Тэгэхээс ч аргагүй. Яагаад гэвэл Болгар, Монгол хоёулаа жижиг улсууд. Тийм болохоор жаргал нь ч, зовлон нь ч адилхан байдаг. Өнгөрсөн хугацаанд 740 гаруй оюутан Болгарын бүх төрлийн сургуульд сурч төгссөн байна лээ. Түүнээс гадна 3,000 гаруй хүн мэргэжил дээшлүүлж, 100 гаруй хүн эрдмийн зэрэг хамгаалсан байна. 1962-1963 онд манай чөлөөтийн бөхчүүд бүгдээрээ шахуу Болгарт суралцсан байдаг. Тэгэхээр Болгарыг гэх бүхэл бүтэн арми Монголд байна гэсэн үг.

Хамгийн сонирхолтой нь 1960-1980-аад он хүртэл 70 гаруй Болгар оюутан Улаанбаатарт суралцаж төгссөн байдаг юм билээ. Болгар нөхөд маань бидэнд Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, Дорнодын махкомбинат, Улаанбаатарын “Дэвшил” САА-г барьж өгснөөс гадна Шарын голын жимс ногооны үйлдвэр, Жаргалантын нуруунд Монгол-Болгарын хамтарсан үйлдвэр, Баянхонгор, Өвөрхангайн тоосгоны үйлдвэрүүдэд гурваас дөрвөн мянган Болгар мэргэжилтэн ажиллаж байсан байдаг.

Тухайн үедээ Монгол-Болгарын хооронд 50 сая шилжих рубльтэй тэнцэх хэмжээний худалдаа хийж байсан нь хуучны ЗХУ, БНАГУ-ын дараа орох гуравдугаар үзүүлэлт байсан. Тэгэхээр яаж ч бодсон Монгол-Болгарын харилцааг шинэ өндөр түвшинд гаргах зайлшгүй шаардлагатай. 

-Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2020 онд метрогоо хүлээлгэж өгнө гэж байгаа ч одоогоор цаасан дээр л байгаа. Биднийг ярьж байх хойгуур Болгарчууд Европдоо хамгийн орчин үеийн метрог барьж, байгуулж чадаж байна. Энэ талаар тэнд ажиллаж байгаа Элчин сайд хүний хувьд та юу бодож, харж явдаг вэ? 

-Сая Болгарын Ерөнхийлөгч Росан Плевнелиев гуай Э.Бат-Үүл даргыг Болгар улсад албан ёсоор урьсан. Софи хотын дарга удахгүй албан ёсоор урина. Софи хот бол Улаанбаатартай ойролцоо 1.5 сая хүнтэй л хот шүү дээ. Тэгэхээр Москва, Бээжин, Сөүл, Токиогоос туршлага судлах, Софигоос туршлага судлахын хооронд ихээхэн өөр үр дүн гарна.

Болгарчууд хямд төсөр зардлаар, өөрсдөө Европт хамгийн орчин үеийн метрог хамгийн гол нь маш хурдан, чанарын өндөр үзүүлэлттэй барьж чадаж байна. Бидэнд энэ л хамгийн чухал туршлага болно. Тэгэхээр миний хувьд Э.Бат-Үүл дарга Софигоос ганзага дүүрэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. 

-Манай дуурийн дуучдын ихэнх нь Болгарт сурч төгссөн байдаг. Энэ сайхан уламжлал сэргэх хандлага байна уу? 

-Байлгүй яах вэ. Манай дуурийн дуучдаас хамгийн эхлээд 1962 онд Ардын жүжигчин Д.Жамьянжав гуай төгссөн бол араас нь Д.Жаргалсайхан, Х.Уртнасан, А.Хавлааш, А.Дашпэлжээ зэрэг Ардын жүжигчид төгссөн байдаг. Дуучдаас хамгийн сүүлд МУГЖ С.Мөнгөнцэцэг төгссөн байдаг. За тэгээд эстрадын дуучдаас МУГЖ Т.Ариунаа гээд тоочоод байвал олон хүн бий.

Хөгжмийн зохиолчдоос гэхэд л Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг гээд байгаа. Товчхондоо Болгарт төгсөгчдийн том школ өнөөдөр Монголын урлагийн тодорхой төлөөлөл болоод явж байна. Сая Ерөнхийлөгч Росан Плевнелиев гуай Монголд хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Хөгжим бүжгийн коллежийг өөрийн биеэр хариуцан авч, хөгжмийн дээд сургууль болгоход маш их анхаарч ажиллахаа амласан.

-Та өнөөдөр Софид гэр бүлийн хамт амьдарч байгаа юу. Яагаад ингэж асуув гэхээр та сая хүүгийнхээрээ орно гэж байсан л даа? 

-Тийм ээ. Эхнэр ач, зээ гуравтайгаа дөрвүүлээ амьдарч байна. Харин хүүхдүүд энд байгаа. 

-За их баярлалаа. Таны Элчин сайдын ажилд их амжилд хүсэн ерөөе?

-Цаг зав гарган надтай ярилцаж, Монголын уншигчдад хүргэж байгаа танай сонины ажилд ч их амжилт хүсч байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дагва [180.235.186.94] 2015/6/18
энэ эрдэмтэнтэй олон жил хамт ажилласан сайн мэднээ,том дарга сайд нар энд Улаанбаатарын өчүүхэн газрын төлөө үхэн алдаж байхад үнэхээр л холыг харж сэтгэж яваа хүн дээ,танд амжилт хүсьё
1 | 0 Хариулах
Зочин [180.235.186.94] 2015/6/18
дэлхийн О цэгт хөл тавьсан анхны монгол хүн гэсэн болохоос Антриктид тивд хөл тавьсан анхны монгол хүн гээгүй байна шүү,зарим нь зөв ойлгоорой,Антрактид тивд Монголынхоо нэр дээр алгын чинээ газар авчихаар бараг л ганцаараа зүтгэж яваа хүн дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.180.216.19] 2015/6/19
"0" TSEG DELXIIN UMNUD TUILD BAIDAGGUI YUM DAA XAXAXA
0 | 0 Хариулах
Зочин [182.160.35.179] 2015/6/18
Америк гэдэг чинь амь эрэг гэсэн Монгол үг юм гэсэн хаха. Яахав Монгол бол тийм ч ядарчихсан ард түмэнтэй улс бишлдээ. Гэхдээ л ядуу орон. Хятад Орос гэж том ярьдагч ямар ч ашиг алга.
0 | 0 Хариулах
Сайнаа [112.72.13.47] 2015/6/17
Булигаар богц гээд Болгарын ард түмэнд зориулсан монгол ардын дуу бий.
1 | 0 Хариулах
Зочин [80.171.184.9] 2015/6/17
bolgaruud mongolchuudad elegtei uls shuu. Zarim n bol uneheer sain haddag. Bolgariin Khaanii neriig Batbayan gedeg bsan.
0 | 0 Хариулах
Зочин [202.180.216.19] 2015/6/17
" Дэлхийн өмнөд туйлын “О” цэгт хөл тавьсан анхны монгол хүн гэдгээр нь " ANTARKTID TIVD XOL TAV'SAN ANXNY MONGOL IRGEN BOL TSERENDELEG GEDEG TSAG UURCH YUM SHVV !!! TENEG ORK SETGUULCH !!!
3 | 1 Хариулах
Зочин [182.160.34.86] 2015/6/18
0 tseg, tiv gej heleh hoyoriin hoorond ikhl hol oron zai sonsogdoj bna daa hoo. Anhlan ter tivd hol tavisan huniig uguisgeegui l bna daa. yamar muuhai inergetei hun be ta
0 | 0 Хариулах